Saturday, January 9, 2016

Цагаачдаа өмөөрсөн бичлэг

Энд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг хэтэрхий муухайгаар бичсэн зүйл олоод уншчихсан чинь заавал юм бичиж байж санаа минь амарна гэнэ дээ. Хүн хардаг ажилтай нэгнийгээ л муулсан бололтой...арай л дэндүү бичжээ.

Хагас дутуу англи хэл сурсан, найз минь түрүүлж энд ирсэн хоёрын ачаар би,  хүн асрах ажил хийгээгүй нь үнэн. Гэхдээ дотны найзаас эхлээд таньдаг эгч хүртэл энэ ажлыг хийдэг. Тийм ч учраас тэднийгээ өмөөрөх сэтгэл төрөв.

Гадаадад түр зочлоод буцах, бүр суурьшин амьдрах хоёр дэндүү ялгаатай. Би гэрийнхэндээ ч хүртэл хэлдэг, Энд амьдрах, тэр тусмаа сайхан амьдрах тийм амаргүй гэж. Шантраад буцах нь байтугай стресс нь эцэстээ хүрч толгойноос нь өт болон гарч байсан хүнтэй ч таарч явлаа.

Хэл соёл өөр оронд хармаандаа хэдхэн доллартай очоод амьдрах гээд үзээрэй. Ялангуяа тэр биднийг муулагч нөхөд,

Хэдийгээр "сайхан" ажил хийж байгаа биш ч хүний нутгийг гэрээ болгоод, шударга хөдөлмөрөөрөө хэдэн зуун жилээр хөгжил түрүүлсэн КАПИТАЛИСТ нийгэмд хүн шиг амьдраад явна гэдэг хэн хүний хийж чадах зүйл биш.


Ажил хүнийг голохоос хүн ажлыг голно гэж ер нь хаа байна аа? 

Хуурамч брендийн хувцас, цүнхээр гаднаа гяланцагдаж, дотроо паланцагдсан хачин үзлээсээ хэзээ гарах вэ? 


Кофе аягалж, салад хутгаж байхдаа ч, байрны туслах менежер хийж настай хүмүүст хичээл заахдаа ч, эрсдэлийн шинжээч хийн толин байшинд тухалж байхдаа ч энэ нь муу ажил юм, тэр нь сайн ажил юм хэмээн ялгаатай хандаж явсангүй. Бүх ажилд өөриймсөг хандаж, чин сэтгэлээсээ хийж явлаа, Тиймийн хүчинд өнөөдөр мөрөөдлийн ажилдаа хүрсэн гэдэгт би итгэдэг. 

Тийм ээ,  би яг 9 жилийн өмнө кофе шоп орой хаахдаа шалыг нь ч хүртэл угаадаг л байлаа. Түүнээсээ ичих ч үгүй. Харин ч арчаагүйтэж гудамжинд хонох нутгийн иргэдээс нь өрсөж ажилд нь тэнцэж явсан цагаач гэдгээрээ бахархана. 


Үргэлжлэл бий.