Tuesday, September 20, 2016

Би хамгийн сайхан, сэтгэл булаам бүсгүй буюу та нар үгүй гэж хэлж чадах уу?

35 нас хүрчихээ.

Хүүхэд байхдаа 30-аад насны хүмүүсийг "аймаар хөгшин" гэж ирээд л ярьдаг байлаа. Өөрийгөө хэзээ ч нас нэмэхгүй, мөнхийн цэл залуугаараа явах мэт сэтгэж иржээ.

Өнөө өглөө ажлын хаалгаар ортол манай хүний нөөцийн албаны дарга хүүхэн ''Tess, юү лүүк бийюүтифүл түдэй" (Tess,  чи өнөөдөр сайхан харагдаж байна) гэв.

Миний хариулт "Танкс Сондра, ай тоут ай лүүк бийюүтифүл эвридэй" (баярлалаа, Сондра. Би бодохдоо өөрийгөө өдөр бүр сайхан харагддаг гэж боддог) гэж хэлэн ойр хавьд байсан хүмүүсийг инээлгээд орхив.

Гангалах, гоёхыг нэг их урьтал болгодоггүй жирийн Америкчууд гудамжаар дүүрэн ч ажлын онцлог, байршлаас болоод бас сайхан хувцасладаг хүмүүс олон бий. Ихэвчлэн ажил, бизнесийн үеэр илүү гангална.

Манай ажил бол янз бүрийн хувцаслалттай хүмүүсээр дүүрэн.

Жилийн 4 улирал пүүз шортноос салдаггүй нэгэн байхад өдөр бүр хувцсандаа тохируулж нүүрний будгаа хүртэл сольж буддаг хээнцэрүүд бий.

Инеженрүүд ерөнхийдөө жийнс углаж, одоо ажиллаж буй болон өмнө нь ажиллаж байсан компанийнхаа логотой футболка, малгайтай цамц өмсөх нь элбэг. Ганц хоёр гангардаг гарууд бас бий бий.

Юун төлөө би ясны гангалах хоббитой Монгол хүн билээ ажлын 4 өдөрт нүдээ бүлтэрч, шагайгаа мултлах шахам гоёхгүй ч ажлын газрынхнаас бусад хүмүүс бол намайг лав танихгүйгээр хувирна.

За хувцас хунар ч яахав.

35 нас хүрэх намрын эхний өдөр эхлэхтэй зэрэгцээд л нэг тийм гэхийн аргагүй "бяр" амтагдаад ирсэн юм.

Өөртөө улам итгэлтэй, чадах зүйлээ дээд зэрэгт тултал нь хийдэг, чадахгүй зүйлдээ "үгүй" гэж хэлж чаддаг болжээ. Миний хувьд энэ - амжилт.

"Үгүй" гэдэг үгийг хэлж чадаагүйн улмаас амьдралдаа алдсан тоогоо тоолбол 35-аас лав давна.

Уншигч та ч бас бодоод үзээрэй. Үгүй гэж яаж хэлэх вэ гэж бодоод ингэчихлээ, тэгчихлээ гэж хэдэн удаа өөрийн хүсээгүй зүйлээ хийж, хамарсаж байсан бэ?

"баярлалаа", "уучлаарай" гэж хэлэхийг багаас заадаг шиг "үгүй" гэж хэлэхийг заах ёстой юм болов уу?

"Үгүй" гэж хэлж сурах амаргүй байсаан. Олон удаагийн давтлага орно.

Өдөр тутмын амьдрал, найз нөхөддөө ҮГҮЙ гэж хэлэхээс өөр аргагүй мөчөөч эхлээд ажил карерийн хэмжээнд ч энэ үгийн хэлж сурах хэрэгтэй болдог. Харин ямар зүйлд, хэдийд үгүй гэж хэлэхээ өөрөө ялгаж салгаж мэддэг болох нь хамгийн хэцүү. Энэ сэдвийг ийнхүү нээлттэй орхилоо. Дор бүрнээ тунгаан бодно биз.


Харин ингээд төрсөн өдөртөө эргэн орьё.

Хорин хэдхэн настайдаа өөрийгөө мөн ч их голдог байж дээ. Харин өнөөдөр эргээд бодоход хориод насандаа би үнэхээр хөөрхөн, цоглог, ёстой л гялалзанхан, гунхалзсан сайхан залуухан бүсгүй байсан юм байна аа.

Тухайн үед хэзээ ч өөртөө таалагдаж явсангүй, үргэлж байгаа бүхнээ голсон, өөртөө итгэж, өөрийгөө хүндлэх гээчийг өөрөө уландаа гишгэчихсэн нэгэн явжээ.

Гэтэл яг үнэндээ залуу нас шиг сайхан чимэг энэ дэлхийд алга.

15, 10, 5 жилийн өмнөх зургаа харьцуулж үзлээ. Үнэхээр их өөрчлөгджээ. Тэрхүү өөрчлөлтийг мэдрэх тусмаа өөрийгөө хичнээн үзэсгэлэнтэй байсныг ухаарах мэт.

Үзэсгэлэнтэй гэдэг үгийг би энд зориуд сонгож бичсэн юм. Сэтгүүлийн нүүр, зурагтын сурталчилгаан дээр гардаг шиг үзэсгэлэнгийн тухай биш юм. Өөртөө сэтгэл хангалуун, итгэлтэй байх үзэсгэлэнгийн тухай хөндөж байгаа нь энэ.

Өнөөдөр би (бид) биеэ голж л байна. 10 жилийн дараа яг л дээрх шиг явдал болох нь тодорхой. 30 хэдэн насандаа би үнэхээр сайхан хүүхэн байжээ гэж ...Тиймээс би өнөөдрөөс эхлээд хамгийн сайхан, сэтгэл булаам бүсгүй боллоо.

Залуу насаараа гоё! Намайг өөрийгөө өөлсөн үг хэлэх бүрт ээжийн хариулдаг гурван үгс.

Дүү нар минь, охид бүсгүйчүүд минь хэзээ ч өөрийгөө бүү гол. Түүний оронд дараах нотлогдсон зүйлийг зуршил болго.

1. Дасгал хий бас дахин хий. Хамгийн гол нь хэдэн сар хийгээд зогсох биш насаараа хий. Дадал зуршил болго (таалагдсан, өөрт чинь тохирсоныг сонго - ёга, спиннинг, гүйлт, паунд гэх мэт маш олон янзаараа байна)
2. Идэж буй зуйлдээ анхаар. Хоолоо сойх биш зөв хоолло. Шарсан, хайрсан, чихэрлэг зүйлсээ багасгах гэх мэтээр
3. Атаархалаас алсуур яв, чадвал бүр байхгүй болгочих

Нас нэмнэ гэдэг тийм аюумшигтай зүйл биш л дээ. Жил өнгөрөх тусам аливаад туршлагажиж, ухаан нэмж, тэвчээртэй, илүү амгалан болдог.

Дотоод мөн чанарууд ингэж хувирах тусам гадаад байдал аяндаа хэн хүнийг татам болж бас өөрчлөгддөг. Түүнийгээ мэдэрч зөв хүлээж авах ёстой юм шиг надад санагдсан. Зөв хүлээн авна гэдэгт янз бүрийн зүйл орно. Миний хувьд одоо хэт бие барьсан, богинохон эсвэл бүр хүүхдийнх шиг футболка өмсөөд явах нь нэг л тохиромжгүй. Түүний оронд насандаа тохирсон, зөв загвараа сонгоод өмсвөл дотоод сайхнаа илүү илэрхийлж чаддаг юм шиг. Гэхдээ мэдээж насандаа тохирсон гээд л хамаг арьсаа далдалсан, бараан хар өнгийн юм өмсөөд явна гэсэн үг биш л дээ. Өөөрөөр хэлбэл 40 нас хүрэх дөхөж байж 16 настайдаа өмсөж байсан гэдэс ил гаргасан цамцаа углаад явахгүйг л хэлээд байгаа юм.

Ер нь бол мэдлэг, зан, хүн чанар гэх мэт дотоод гоо сайхан нь гадаад сайхнаас хамаагүй дээр нь тодорхой.  Гэхдээ манай монголчуудын "хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэдэг дэлхийн хаана ч явсан  их ортой үг шиг санагдаад байдаг юм даа.

ЖИЧ:

Бие бүтэн төрүүлж, эрүүл саруул өсгөн, хүн шиг явах суурьтай хүмүүжүүлсэн ертөнцийн хамгийн гайхамшигтай эмэгтэй болсон ээждээ баярлалаа гэдгээ ахин дахин хэлье.

Холбоотой бичлэг
хөгширхөөс айж байна уу