Saturday, December 30, 2017

Шинэ оны зорилт буюу аз жаргал аяндаа урсаад л ирнэ


2017 оны төгсгөлд бичсэн тэмдэглэлээ шинэчлэн оруулахаар шийдлээ. 

Он дуусах дөхөөд ирэхтэй зэрэгцээд хүн бүр л шинэ ондоо ингэж бүтээнэ, тэгэж өөрчлөлт хийнэ хэмээн янз бүрийн зорилго тавьдаг. 

Энэ жилийн хувьд нэгэнт дэлхийн хүн төрөлхтөн бүгдээр аюулт цар тахлыг эсэн мэнд давж гарах, аюулт вирус нэг мөсөн үгүй болоосой гэсэн ижил хүсэл мөрөөдөлтэй байгаа. 

Хэдийгээр цар тахал бидний амьдралыг орвонгоор нь онгичиж орхисон ч амьд хүн л юм хойно өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэн явуулахаас аргагүй. 

Ямар санаа сэтгэлээр унаад, орноосоо босохгүй хэвтээд байлтай нь биш, ой мод руу ороод зугталтай нь ч биш яаж ийгээд, сөхөрч босоод, үзэж тараад амьдраад л байхаас өөр сонголт үгүй. 

Нэгэнт өдөр хоногийг өнгөрүүлэн амьдарч байгаа тул аль болох өөдрөгөөр, үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээнэ. Тийм ч учраас бусад энгийн жилүүдийн адил шинэ оноо шинэ зорилго, шинэ хүсэл мөрөөдлөөр угтаж яагаад болохгүй гэж? 

Харин зүгээр нэг "To do list" буюу “хийх зүйлсийн жагсаалт” гаргахын оронд арай илүү наалдацтай, үр дүн өндөртэй байхаар шинэ оны зорилгоо гаргавал ямар вэ? 

Миний хуьд энэ аргыг 2018 он гархаас эхлээд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үнэхээр өгөөжтэй байдаг. 

Энэхүү санаагаа та бүхэнтэйгээ хуваалцахад миний бичгийн чадвар хүрэлцэхгүй тул нэгэн гайхамшигтай хүний үгсээр хүргэхийг зорьлоо.

Алдарт агаарын авиа компани Virgin America -гийн эзэн Richard Branson -ыг таних л биз дээ?

Би 10 гаруй жилийн өмнө энэ хүнийг Опрагийн шоунд орсон үеэс нь таньдаг болсон юм. Хувийн эзэмшлийн Некер  арал дээрээ гайхамшигтай амьдрах орчин бүрдүүлсэнийг хараад ёстой л эрүү амаа унжуулан үзэж байснаа санаж байна. 

Сүүлийн хэдэн жил Ричардыг би Линкединээр дагаж байгаа бөгөөд түүний бичсэн нийтлэлүүдийг алгасалгүй уншина. 

Бичлэгийн өнгө аяс нь таалагдахаас гадна, санаа бодол надтай нийлээд байх шиг нэг л амархан "холбогдсон" юм. Ингээд 2018 онд бичсэн Ричардын зөвлөгөөг чадан ядан хөрвүүлэн хүргэж байна. 

Шинэ ондоо аз жаргалтай байхад чинь өгөх миний зөвлөгөө 

Ричард Брансон

Надаас ихэвчлэн "Амжилтанд хүрсэн түлхүүр чинь юу вэ?" хэмээн хүмүүс асуудаг. Энэ асуултанд өгөх миний хариулт бол маш энгийн: Аз жаргал

Аз жаргалтай байх нь хүн бүрийн гол зорилго байгаасай. Олон хүнд аз жаргалтай байхыг зорилгоо болгох нь тийм амар зүйл биш гэдгийг би ойлгож байна л даа. Жишээ нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс амьдралыг өөрөөр харна шүү дээ. 

Хэдэн жилийн өмнө би Minds хэмээх номонд "Аз жаргал сэдвээр бичсэн захидал" гэсэн нийтлэл бичсэн юм. Тэгээд би энэхүү захидлаа саяхан уншиж, тэнд бичсэн зүйлс хичнээн үнэн болохыг тунгааж, миний бичсэн энэ захидал хүмүүст шинэ онд жинхэнэ аз жаргалаа олоход нь туслаасай гэж найдан дахин нийтлэе гэж бодсон юм. 

Хүндэг танихгүй уншигч аа

Өөрөө намайг танихгүй л дээ. Гэхдээ би өөрийг чинь амьдралдаа хэцүү бартааг туулж яваа гэдгийг сонсоод туслах гэсэн юм. Би өөртэй чинь илэн далангүй байя гэж бодлоо. Аз жаргал гэдэг зөвхөн хэдхэн "тусгай" хүмүүст л олддог зүйл биш юм шүү. 

Хэрэв чи нухацтай, тайван байж түүнийг "ургуулвал" - аз жаргал таных байж болно. 

Стрестэй, айсан, гунигтай байж болно оо. Надад ч тийм мөчүүд байсан. Би амьдралын маш том айдсуудтай ахин дахин учирч байсан. Би адал явдлаар амьдарч байхдаа үхэлтэй ойрхон тулж, хайртай хүмүүсээ нас барахыг харж, бүтэлгүй бизнес хийж, олны өмнө хэлэх үгээ цэнэж, зүрхээ ч шархлуулж явлаа. 

Би гайхамшигтай амьдралаар амьдарч буй азтай хүн гэдгээ мэднэ. Ихэнх хүмүүс миний бизнесийн амжилт, түүнийг дагаж ирсэн хөрөнгө надад аз жаргалыг авчирсан гэж таамагладаг. Гэхдээ тэдгээр нь надад аз жаргалыг авчраагүй. Харин эсрэгээрээ. Би аз жаргалтай учраас амжилттай, хөрөнгөтэй болсон.

Маш олон хүмүүс юу хийвэл аз жаргалд хүрэх вэ гэдэгт баригддаг. Харин миний хувьд ингэснээрээ тэдгээр хүмүүс алддаг. Аз жаргал бол хийхдээ биш байхдаа. Аз жаргалтай байхын тулд үргэлж аз жаргалын тухай бодох хэрэгтэй. 

To do list буюу хийх зүйлсийн жагсаалтаа мартаж болохгүй, харин үүн дээрээ нэмээд to-be list буюу дотоод сэтгэл, оюун ухаанаараа   ямар байх жагсаалтаа хийхээ мартуузай. 

Хүүхдүүдээс хүмүүс "чи том болоод ямар хүн болох вэ?" гэж их асуудаг. Бид бүгдээрээ, дэлхий тэр чигэээрээ  "би эмч болно, зохиолч болно, ерөнхий сайд болно" гэх мэтийн мундаг хариулт хүлээдэг. 

Хүүхдүүд "сургуульд сур, сайн ажилд ор, гэр бүл зохио - тэгвэл чи аз жаргалтай амьдарна" гэдэг үгсийг сонсож өсдөг. Гэтэл эдгээр нь дандаа хийх зүйлс. Оршиг байх буюу мэдрэх зүйлс биш. Хийх явцад аз жаргалтай мөчүүд мэдээж байна. Гэхдээ энэ нь хэзээ ч дуусашгүй аз жаргалыг авчрахгүй. 


Зогс! Түр завсарлаад сайхан амьсгал. Эрүүл бай. Гэр бүл, найз нөхдийнхөө ойролцоо бай. Хормын зуур ч болтугай хүчтэй, зоригтой бай. 

Хэрэв чи одоодоо амьдарч, байгаадаа талархвал аз жаргал аяндаа урсаад ирнэ. 

Би туршлагаасаа ярьдаг. Бид бизнесийн хаант улс байгуулж, дэлхийн ирээдүйн талаарх асуудалд оролцож, дурсгалтай баяруудад уригдаж, мартагдахааргүй олон хүмүүстэй уулзсан. Эдгээр нь надад их баяр баяслыг авчирсан. Энэ мөчүүдэд би хийхээсээ илүү аз жаргалыг мэдэрсэн. 

Оршин буйгаа мэдэрч "байх" нь амьдралыг олж харахад тусалдаг. Туршаад үз. Дахин хэлэе. Одоодоо амьдар, байгаадаа таларх. 

Миний хувьд үүрийн гэгээнээр Некер арлын дээгүүр фламинго шувуудыг нисэн одохыг харах, шинэхэн мэндэлсэн ач, зээгийнхээ бяцхан гарыг атгах, тэнгэрийн оддыг ширтэж тэднийг нэгэн өдөр дэргэдээс нь харж байна гэж мөрөөдөх, оройн хоолонд юу хийх үү гэж мэтгэлцэх гэр бүлээ сонсох, танихгүй хүний инээмсэглэл, борооны үнэр, далайн давалгаа, элс үлээх салхи, өвлийн анхны цас, зуны сүүлчийн шуурга...Үнэн тансаг, гайхамшигтай мэдрэмжүүд. 

Хүмүүн хийхүй биш хүмүүн оршихуй (human doing биш human being) гэж нэрлэсэн нь ч учиртай. 

Хүн төрөлхтөн болж төрсөний хувьд өндөр хэмжээнд сэтгэх, хөдлөх, харилцах чадвартай байдаг. Харилцан ойлголцож, хайрлаж чадна. Үүгээрээ ихэнх амьтдаас ялгаатай. 

Хүн болж төрсөн хувь заяагаа ямар нэг зүйлийн төлөө стресдэж бүү өнгөрөө. Өөрчилж чадахгүй зүйлийн төлөө шаналж хэрэггүй. 

Байгаа амьдралынхаа үр жимсэнд талархаж, өнөөдөртөө амьдарч эхэлвэл стрес чинь аяндаа шимэгдэн алга болж, чи илүү аз жаргалтай байх болно.

Гунигласан үедээ аз жаргалыг хайх биш, үргэлж аз жаргалтай байх хэрэгтэй. Аз жаргалыг зорилгоо болгох биш аз жаргалыг дадал зуршил болгох хэрэгтэй. 

Хийхдээ анхаарлаа хандуулах биш байхдаа анхаарлаа хандуул. 

Хайрлах сэтгэлтэй, өгөөмөр, талархдаг, тусархуу, бодлынхоо эзэн нь бай. Одоодоо байж, түүндээ баярлаж талархан амьдар. 

Тэрийг ч хийх ёстой, энийг ч хийх ёстой гэдэгт бүх анхаарлаа хандуулалгүй зүгээр л амьдар. Би амлая. Аз жаргал аяндаа урсаад л ирнэ.





Monday, December 18, 2017

Алтантүрүү манайд хоноорой; тасалбаргүй монгол кино "Single Ladies 3"

Урт амралт эхэлсэн биш "Single Ladies 3"-ыг хүртэл очиж үзээд ирлээ. Миний нэг том дутагдал бол Монгол юмаа очиж үздэггүй хүн л дээ. Энд амьдраад 10 гаруй жил болохдоо нэг ч удаа Монголчуудынхаа шинэ жилд орж үзээгүй гэхээр итгэх хүн цөөхөн л байх. 

Харин сүүлийн хэд хоног урт амралт эхэлсэнийх монгол нэвтрүүлгүүдийг энд тэндээс нь хэсэгчлэн үзэж санаа оноогоо бас хуваалцах сэтгэл төрлөө. 

Хэдэн нэвтрүүлэг сонирхсон дотроос дуустал нь үзсэн нь 25-р суваг телевизийн
 "Танайд хоноё". 

Оролцогчдоос нь өөрт таалагдасанаа сонгож үзэв. Нисгэгч Мөнх-Очир, хийлчин Дээгий, дуучин Дэлгэрмөрөн, Хар Сарнай хамтлагийн Амраагийнд очсон дугаарыг үэж дуусгалаа. 

Ямартай ч сэтгүүлч Алтантүрүү дундаас нь гараад явуулчихгүй сонирхолтой хөтлөх юм. Авъяас, хэдэн жилийн туршлага нийлээд телевизийн сайн сэтгүүлч болж яваа юм байна гэж бодогдов. 

Нэгэн constructive feedback буюу найрсаг зөвлөгөө өгөхөд хонох гэж буй айлынхаа хүмүүсийн тэр тусмаа гол хүнийхээ ажил мэргэжил, өнгөрүүлсэн амьдралын түүхийн талаар судалж мэдлэгтэй болчихоод очвол бас илүү гүнзгий асуулт тавьж илүү сонирхолтой яриа өрнүүлэх боломж олдох болов уу гэж бодож байна. Жишээ нь нисгэгчийн гэрт очих төлөвлөгөөтэй бол тэр мэргэжлийн талаар илүү судалж сонирхолтой баримт жишээтэй холбох маягаар асуулт тавибал бас зүгээр болов уу? 

Харин "Single Ladies 3"-ыг очиж үзсэн тухайд гэвэл сэтгэгдэл өндөр. Гэхдээ бас яахав ажигласан зүйлсээ шударга хуваалцая гэж бодлоо. 

3 найз охины төрсөн өдрийг тэмдэглэж явсан бид хэд кино эхлэхээс өмнө хориод минутын өмнө очив. Тасалбарын үнэ $25 гэж сонссон тул дор бүрнээ бэлэн мөнгө бэлдэж орлоо. Харин тасалбар $20 байж магнай тэнийцгээв. Энд жирийн киноны үнэ 7-$15 орчим. Гэхдээ мэдээж тэр холоос бидэнд үзүүлэх гэж ирсэн тул $20-г боломжийн үнэ гэж бодож байна. 

Тасалбараа таслуулаад орох гэтэл үүдэнд байсан монгол залуу таслахын оронд бүтнээр нь авч "киноноос гархад чинь өгнө" гэв. 

Манай охидын зарим нь "justice" буюу журам сахиулахаар нөгөө залуугаас тасалбараа "нэхэхээр" очсон ч бүтэлгүйтэв. Мэдээж төрсөн өдөр тэмдэглэж яваа бидний сайхан охид эв эрүүл яваагүй нь үнэн ч "justice" -г бол цоо эрүүлдээ улам ч ихээр сахидаг хүмүүс л дээ. 

Кино дуусаад гартал нөгөө тасалбарыг маань буцааж өгөх залуу ор сураггүй. Бид ч тэрнийг эрж сураглах цаг гаргах үнэндээ сонирхолгүй байв. Бүгд л өөрийн гэсэн завгүй, янз бүрийн цагийн хуваарьтай. Хамгийн хол нь 2.5 цагийн зайтай газраас ирсэн гээд бод.  

Миний хувьд үзсэн кино бүрийнхээ тасалбарыг цуглуулдаггүй ч очсон, аялсан газартайгай холбоотой тасалбар, танилцуулгыг дурсгал болгон хадгалдаг юм. 

Мэдээж 10 гаруй жил болохдоо анх удаа үзэж буй монгол киноныхоо тасалбарыг цуглуулагатаа багтаасан бол сайхан л дурсамж болох байлаа. 

Тасалбарыг маань яагаад тасалж өгөөгүйг бид хэлэлцэж эхлэв.

1. Давхар зарах гэж байгаа юм болов уу? Гэвч нэгэнт суудал дүүрвэл тэгэх боломжгүй баймаар
2. Тасалбар олныг хэвлэхгүйн тулд хэвлэлтийн зардалаа хэмнэж байгаа юм болов уу? Уг нь билет хэвлүүлэх тийм ч үнэтэй биш бөгөөд тэглээ гээд хэдэн төгрөг хэмнэх вэ? 

Үүнээс бусдаар дажгүй хөөрхөн кино болжээ. Бид хэд бас Ундармааг үнэлдэг, хүндэлгүй хүмүүс л дээ. Монголд хийж байгаа үйлсийг нь ч магтан ярилцдаг юм. 

Кино өөрөө хөнгөн сэдэвтэй, өнгөлөг, хошин, жүжигчдийн ур чадвар сайн санагдсан. Дашпэлжээ гуайг тоглуулсан нь бас таалагдав. 

Мөн Монголын майнорити (цөөнх) болох Казак үндэстний соёлыг оролцуулсан нь бас ончтой гэж бодогдлоо. 

Манай аав, ээжийн насаараа амьдарч, миний эхээс унасан газар болох Өвөрхангай аймгийн Найман Нуурын дэргэд зураг авсан нь миний сэтгэлд өег санагдсанаа нуух юун. 

Надад хамгийн их таалагдсан мөч бол кино дууссаны дараа Ундармаа тайзан дээр гарч нэгэн үзэгчтэй дэмбээ наадсан явдал байлаа. Аавын минь дэмбээлж байсан төрхийг нүдний өмнө зурсхийлгээд өнгөрөөсөн дөө. 

Жүжигчин бас philanthropist Ундармаадаа баярлалаа. Олон сайхан бүтээл туурвиж мөн олон нийтэд тусалдаг буяны ажлаа өргөжүүлэн хийгээрэй.