Thursday, April 12, 2018

Амьдрал яг л галзуу хулгана шиг

Амьдрал яг л "галзуу хулгана" шиг... Дээшээ, доошоо, огцом өөдөө, тэгснээ уруудана, хажуу тийшээ, байран дээрээ эргэлдэнэ, байсхийгээд сэгсчүүлнэ.


Саяхан манай гэр бүл family rule буюу гэр бүлийн дүрэм гэртээ батлан гаргав. Загвар нь ерөнхийдөө иймэрхүү
Жишээ нь:
 "more "илүү ихээр
 ном уншина, инээнэ, сэтгэгдэлээ хуваалцана, мэдрэмжээ нээнэ, дасгал хийнэ гэх мэт.
"less"аль болох бага 
уйлагнана, гуншигнана, муу хоол иднэ гэх мэт
"okay to be:" "ингэж болно"
уйлж болно
уурлаж болно
гуниглаж болно гэх мэт
"no" болохгүй 
нэгнийгээ үгээр болон биеэр өвтгөж болохгүй
нууц байж болохгүй
худал хэлж болохгүй
дээрэлхүү, муухай ааштай байж болохгүй
орилж, хашхирахгүй гэх мэт

Хүнд ер нь баримталдаг зарчим гэж байдаг. Нүдэнд харагдахуйц бичээд өлгөчихөөр өөртөө үнэнч байхыг илүүд хичээгээд их аятайхан юм гээч.

Галзуу хулгана уруудах үе хүн бүхэнд бий. Нэг өдөр уйлж болно, хоёр дахь өдөр гуниглаж болно. Харин гурав дахь өдөр урвайсан хэвээр унтаад байж л болохгүй. Би үргэлж хэлдэг дээ? Аливаа хүнд хэцүүг туулан гарах хүч чадал буюу сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Тэрхүү сэтгэлийн хатыг өөрөө бүрдүүлж чадаж гэмээнэ үр хүүхэддээ сургаж үлдээх боломжтой.

За би сайндаа ч биш сарын өмнө 'Option B' гээд Шерил Сандбергийн бичсэн номыг уншаад дээрх санаа төрсөн юм.

Сүүлийн хэдэн жил би хүүхдийн хүмүүжил, хүүхэд өсгөхтэй холбоотой маш олон ном уншиж судалдж байгаа хүн л дээ. Хэдийгээр дээрх ном хүүхэд өсгөхтэй шууд холбоогүй ч маш чухал санааг агуулсан байсан юм.

Хүний амьдралд хэцүү зүйл тохиолдоход хүн хэрхэн туулж гарах чадвартай болох талаар энэ номноос их зүйл сурлаа.

Хүүхдээ хэрхэн амжилттай хүн болгох уу? Яаж хичээлдээ сайн хүн болгох уу? гэх мэт зүйл дээр хэт анхаарч харин амьдралын үнэнээс аль болох зугтуулан өсгөх хандлага заримдаа эцэг эхчүүд бидэнд гардаг. Амьдрал заримдаа галзуу хулгана шиг гэдгийг хэтэрхий хожуу ойлгуулах үе бий.

Хүүхэд сургуульд орно. Дээрэлхүү нэгэн таарна. Тэр бүгдийг хэрхэн хүлээж авах, яаж даван туулах чадварыг хэр их олгож байгаагаа бодолцох хэрэгтэй.


Галзуу хулганаар амжилттай - хамгийн гол нь эрүүл, сэтгэлийн зовлонгүй аз жаргалтай аялах нь чухал. Хэнтэй хамт аялж байна, хэн нэгнээ хэрхэн дэмжиж, ямар үлгэр дууриал өгч байна гэдгээс асар их зүйл шалтгаалдаг.

Ээж маань үргэлж хүүхэд бол чиний толь гэж хэлдэг юм. Хүүхдээ ямар хүн болгох нь эцэг эх, гэр бүлийн хүмүүжлээс маш их хамааралтайг л ойлгож үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэн амьдрахыг л хичээж явна даа.

Ай даа хүн тээж төрүүлэх нэг ондоо, хүний эцэг эх байна гэдэг бас л чанга алба шүү.