Sunday, July 16, 2023

Мэдрэмж сэргэсэн зуны өдрүүд

 Гэр бүл өргөжин тэлж, аз жаргал нэмэгдэхийн хэрээр, бүсгүй хүмүүс бид, бие, сэтгэлийн мэдрэмжээ амьдрал гэгч аугаа машин ч юм уу? хуанли дотор алдчихсанаа ч ухаарах сөхөөгүй явах мөчлөг бас ирдэг байх нь ээ. 

Энэ 40 насны босгоор алхана гэдэг их сонин юм. Дөч гээд хэлэх гэхээр ам эвлэж өгөхгүй, бичих гэхээр бас ая таарч өгөхгүй юм гээч хөөе, яршиг мөнхийн залуу 35 гээд гүрийсэн нь дээр ч юм уу?

 Өөрийгөө үргэлж Рашаантын арван наймт гээд автоматаар бодоод явж байтал, хогийн хар уут дүүрэн дахиж батгах нь өнгөрсөн хувцас хунар, Халловийнаар хэрэглэхгүй бол, өөр хаана ч хэнийг ч цочоох гэж түрхэх үү гэмээр тодоос тод, яв ягаан уруулын будаг, углаад бүжих нь бүү хэл баруун хөлдөө чихээд ч таарахгүй хурц өндөр өсгийт шүүгээнээсээ одох цагаа тэсэн ядан хүлээн байх...амарч ирээд учрыг нь олно оо гээд гарлаа...


Хагас сар, RV гээч сайхан унаагаар яг өөрийн халуун, жижигхэн, төгс гэр бүлээрээ гурван муж дамжин аялж ирээд, онгод сэргэн суугаа нь энэ. 

Байгальтайгаа ойртох тусам, сэрэл мэдрэмж эргэн ирж, бүсгүй хүн сэн бил үү дээ би чинь гэх цочмог ч гэмээр, сонин бодол төрөв. 

Хүүхдүүд томрох хэрээр биеэ хэрэндээ дааж, том нь багыгаа зугаацуулаад алсын замд төвөггүй аялдаг болжээ. Тэр тусмаа байгаль дэлхийдээ ойрхон, гадаа байх тусам, аав ээжийн оролцоо багасаж, хань бид хоёр хоорондоо өнгөрөөх цагаар баялаг сайхан өдрүүд байлаа. 

Цэл залуухан насны дурсамжууд сэргэн, хоёр биедээ эрхлэн жаргаж, амьдралынхаа галыг дахин нэг дүрэлзтэл асаасан энэ зуны энергээр, дараагийн хэдэн сар үргэлжүүлэн цэнгэх цэнэг авлаа. 


Үе үе орчноо сольж, гэр бүлээрээ аялан зугаалж, хамгийн чухал нь эх дэлхий, байгальтайгаа аль болох ойрхон өдрүүдийг өнгөрөөх нь үнэхээр амьдралд хэрэгтэй амин дэм ажээ.

Амраад ирэхээр, бодит амьдралдаа  эргэж дасах гэж бас хэд хонодог доо? Тэр өдрүүдээ хөнгөн мэдэрч, хурдан өнгөрүүлэхийн далимаар нөгөөх багтахаа больсон хувцас, хэрэглэлдээ зоригтой баяртай гэж хэлэн, шинэ 40 гарсан өөрийгөө хүлээн зөвшөөрхөөр шийдлээ би. 


Бие тэгш өөрийнхөө үнэ цэнийг бүрэн мэдрэлгүй явсан хориод, гучаад нас минь баяртай. 

Намайг удаан хөгшрүүлж өгөөч бурхан минь гэж л өндөрлөе дөө. 


Friday, December 11, 2020

Ажил ба эможи хэрэглээ

 Манайх хамтдаа хооллох боломж олдох бүр хүүхэд сонсоход тохиромжтой, ажлынхаа асуудлыг чөлөөтэй хэлэлцдэг. 

Тахлаас өмнөх амьдрал бидний хувьд тэс өөр байсан бөгөөд заримдаа хоорондоо уулзалдахгүй өнгөрөх өдөр ч гардаг байсан юм. Тийм болохоор хамтдаа хооллох цаг бол бид хоёрын хувьд хувийн болоод ажлын амьдралаа хуваалцах алтан мөч байсан тул бидэнд заншил болон үлджээ. 

Ажлынхаа ярьж болохгүй, хэлэхгүй гэсэн нууцлалын зэрэгтэй зүйлсийг мэдээж хоорондоо яриилцахгүй. Харин хэн нэгэндээ зөвлөх, бие биенээсээ асуух зүйлс гарна. 

Хэдэн долоо хоногийн өмнө нөхөр маань надааc "Чиний бодлоор ажил дээр хэр их эможи хэрэглэх нь зохимжтой вэ?" гэж асуув. 

Ихэнх байгууллага Gchat, Slack гэх мэт харилцааны бүтээгдэхүүн ашиглах ба зарим газар өөрийн дотоод бүтээгдэхүүн ашиглах нь бий. 

Аль дээр 2004 онд намайг тухайн үеийн Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яаманд мэргэжилтнээр ажилдаг байх үед Yahoo messenger-ээс гадна бас нэг дотоод харилцааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан юм. Харамсалтай нь би нэрийг нь мартжээ.

Хамгийн анх 1999 онд Японы артист Шигэтака Курита эможийг бүтээснээс хойш бүх сошиал ертөнц, мэдээллийн харилцааны бүтээгдэхүүн нь төрөл бүрийн эможины сонголттой болсоныг мэдэхгүй хүн өнөөдөр байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. 

Мэргэжлийн хүмүүсийг холбох зорилготой Линкедн хүртэл нэг хоёр жилийн өмнөөс цөөн тооны эможийг нэвтрүүлсэн билээ. 

Манай нөхрийн нэгэн ажилтан нь ажлын chat хэрэглэхдээ өгүүлбэр бүрийн төгсгөлд эсвэл дунд заавал доод тал нь нэг эможи оруулж харилцах юм гэнэ. Заримдаа бүр эможигоор дүүрсэн имейл явуулах аж. 

Бодолгүйгээр шууд өгсөн миний эхариулт нэг иймэрхүү: Ажил, бизнесийн хүрээнд аль болох эможийг ихээр хэрэглэхгүй байх нь дээр. Мэдээж ажлын бус хөгжилтэй зүйлс, нийгмийн мэдээлэл солилцдог ажлын хэрнээ чөлөөт суваг дээр эможи хэрэглэж болно. Харин наад жишээ шиг ажил дээр явагддаг өдөр бүрийн харилцаан дээр эможийг ингэж ихээр хэрэглэх нь мэргэжлийн ёс суртахуунгүй. 

Нөхөр санал  нийлж буйгаа илэрхийлэн толгой дохингоо, магадгүй би өөрөө сошиалаас аль болох хол байхыг хүсдэг, миний зан чанар эможи явуулаад байдаггүй болохоор надад илүү ядаргаатай санагдсан байж ч болох юм гэснээр энэхүү яриа өндөрлөсөн боловч би үргэлжлүүлэн бодсоор яваа нь энэ билээ. 

Ажил, бизнесийн хүрээнд хэр их эможи хангалттай вэ? Энэ талаар ярилцах нь чухал сэдэв мөн үү? гэх мэтчилэн олон зүйл бодсоор. 

Би ер нь хоолны үеэр болсон яриаг хэрэв миний career coach-ийн клайнт асуусан бол би яаж хариулах байсан бэ? гэж үргэлж зүйрлэдэг юм. 

Ихэнхдээ C төвшиний хүмүүс coach хийж ирсэний хувьд хамгийн эхлээд эдгээр хүмүүс ажил дээрх эможиний хэрэглээний тухай асуусан бол би юу гэж зөвлөх байснаа эргэцүүлэв. 

Мэдээж чухал асуудлын талаар харилцаж байгаа бол эможи огт хэрэглэхгүй байсан нь дээр. Ажлын имейлээр бол эможи огт хэрэглэхгүй байх нь илүү тохиромжтой гэж зөвлөнө. 

Харин slack гэх мэт хурдан чат маягийн хэлбэрээр бол чухам ямар сэдвээр, аль суваг дээр, ямар уншигч нартай харьцаж байгаагаас шалтгаалан C төвшиний хүн ч гэсэн ганц нэг эможи хэрэглэхэд асуудалгүй. Харин ч ажилтануудтайгаа дулаахан уур амьсгал үүсгэж, чөлөөт нээлттэй харилцааг үүсгэх нэгэн хөшүүрэг болно. Жишээ нь ажлын ой, баярууд, ямар нэг тэмдэглэлт явдалтай холбоотой бол эможийг харамгүй хэрэглэ. 

Ямар уншигч тухайн сувагт байгаагаас эможи хэр хэрэглэх вэ гэдэг хамаарна. Зарим жижигхэн старт апуудын (старт ап студиод ихээр тохиолддог) сувагт хөрөнгө оруулагч, зэрэгцэн үрлүүлсэн ах дүү старт апуудын хүмүүс байх нь бий. Ийм тохиолдол зөвхөн эможи ч биш чухам ямар мэдээлэл хуваалцах, хэрхэн хариулах зэрэгтээ маш болгоомжтой хандах хэрэгтэй

Эможи өөрөө нэг их том асуудал биш. Эможиний оронд мэдээлэл байсан бол хэрхэн хэнд очиж буйгаа сайн нягталж, утгаа зөв гаргасан эсэхээ давхар шалгахад буруутахгүй. Учир нь алсын зайнаас ажиллаж буй энэ цаг үед нэгэн орон зайд нүүр нүүрээ харж харилцах боломжгүй тул аливаа харилцааны утга алдагдаж, буруу ташаа мэдээлэл болон хүрэх нь ихсэх магадлалтай. 

Маш чухал асуудлыг эсвэл харилцаа нэг л буруу тийшээ явчих шиг болвол цаг алдалгүй утсаар эсвэл видеогоор харилцах цаг тохироод ярилцчихвал хэн хэнийхээ цагийг хэмнэсэн зөв шийдэл болно шүү. Тэр тусмаа бид нар шиг Англи хэл нь хоёрдугаар хэл болсон хүмүүст ажлынхантайгаа буруу ойлголцолд орох нь элбэг. 

 Утасны текст, мэссэнжэрээс болоод ажлын хүрээнээс гадуур хувийн харилцаанд ч гэсэн асуудал үүсчих гээд байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. 

Энэ миний дуртай эможи 😝




Sunday, December 6, 2020

Америкийн эрх чөлөө юундаа вэ?

Америкт мэргэжлийн ажил хийгээд даруй арав гаруй жил болжээ. Нэгээс бусад жилүүдийг Цахиурын хөндийн том жижиг техникийн компаниудад өнгөрөөсөн байх агаад гарааны бизнесийг үрлүүлэн суулгахаас эхлээд, мандан бадралтаар дамжин, мөхөж үгүй болохыг хүртэл үзэх хэмжээний туршлага хуримтлуулсандаа баярладаг. 

 Мэдээж бусдын жишгээр эхний ганц хоёр жил, хэл усаа сайжруулж, сургууль соёлын мөр хайнгаа "survival job" буюу манайхны хэлдгээр хар ажил хийснээ нуух юун. Хэлний төвшингөөр ямар ажил олдох шударга нийгмийн жишгээр кофе шопоор дагнаж ажиллаж байхдаа, хурдхан шиг "non survival job" буюу мэргэжлийн ажил хийж, өндөр шилэн оффист суухсан хэмээн мөрөөддөг байсан өчигдөр мэт. 

Америкт ажиллаж буй туршлагаасаа хуваалцаач гэж хүмүүс ихээр асуудаг. Тэр тусмаа гарааны бизнесийн талаарх асуулт байнга ирдэг. 

Харин энэ удаа хүн бүхний асууж бас яриад байдаггүй нэгэн сэдэв хөндөхийг хүссэн юм. Анх би энэ талаар 2016 онд бичиж байснаа дахин сийрүүлэн бичихээр шийдлээ. 

Ажиллаж байсан газруудын тавиас дээш хувь нь шинэ ажилтануудыг ажилд орсон эхний өдрөөс эхлээд бүтэн гурван өдөр 24 цагийн тусгай хичээлд суулгана. Шинэ ажилтан болж буй би бас тэдэнтэй хамт суусан нь ойлгомжтой. 

Тэрхүү training буюу дадлага нь миний хийх ажилтай огт хамаагүй бөгөөд ажлын байрны хүчирхийлэл, дарамтлалтай холбоотой хичээл байж таарна. 

Зарим байгууллага гаднаас тусгай бэлтгэгдсэн багш урин авчирч заах ба бүр шалгалт авна гээч. Бусад газрууд худалдан авсан програмчлагдсан хичээл байх зэргээр төсөв хөрөнгөөсөө шалтгаалан хэлбэр өөр ч агуулга адил сургалт явуулдаг. 

Жишээ нь ажилтан "А" богино даашинз өмссөн байхад гар хүрэх нь байтугай ямар нэгэн байдлаар айлгүйтсэн, өдсөн үг хэлж болохгүй гэх жишээний.

Энд ажилд авах, ажлын орчин, соёл гээд бүх зүйл нь монголоос газар тэнгэр шиг ялгаатай санагдаж билээ. Монголд одоо өөрчлөгдсөн ч байж мэднэ. Би зөвхөн өөрийн туршлага дээрээ л суурилан бичиж байгаа гэдгийг ойлгон уншаарай. 


Ажиллаж байсан ихэнх компанийн нэгэн "соёл" нь ямар ч ажлын байрны дарамтгүй ажиллуулах. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлэхэд илүү амар болгож өгч байна гэсэн үг.

Аль ч оронд ажлын байрны дарамт хүчирхийлэл их багаар байдаг ба сэтргэл санааны, үг ярианы, арьс өнгө, хүйсээр ялгаварлах гээд олон төрлийн дарамт бий. Эдгээрийн дотроос хамгийн их тохиолддог нь сексийн хүчирхийлэл аж.

Харин энд ажилд ороход ч орсон хойно ч хэн ч чамайг "оролдож" зовоохгүй. Хэрэв өчүүхэн төдий тийм үйлдэл гаргавал тухайн хүн маш том асуудалд ороод зогсохгүй халагдаж дуусах нь элбэг. Компанийн эзэн, мундаг ажилтангаас эхлээд хэн бугайд ч ямар ч тушаалын ажилтаныг дарамтлах эрх байхгүй. 

Харин та ажил дээрээ өөрийнхөө эрхийг мэддэг, айлгүй дуугардаг, санаа оноогоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн ажлын байрны дарамтанд учирсан бол тэр асуудлаа байгууллагынхаа HR буюу хүний нөөцийн албанд яаралтай мэдэгдэх нь зөв алхам болно. 

Тэр ч байтугай дарамтанд орсон эсэхээ ялгаж мэдэхгүй үед хүний нөөцийн албаны хүмүүстэйгээ уулзаж зөвлөгөө авах ёстой. 

Яагаад Америкийг эрх чөлөөний орон гэж нэрлэдэгийг хүмүүс олон янзаар тайлбарлах байх. Миний хувьд Америкийн эрх чөлөө гэдгийг мэргэжлийн ажил хийж эхэлсэн цаг мөчөөс л шууд мэдэрсэн. 
 
Учир нь өнөөдөр би аль нэг дарга намайг чангаах болов уу гэсэн айдасгүй, хэн нэгэн замын цагдаа алдаагүй байхад зогсоож, торгох гэж хоргоох болов уу гэсэн түгшүүргүй, аль нэг шатахуун түгээх газар нь дутуу түлш шахах вий гэсэн хардалтгүй, тушаал дэвшихийн тулд дээд эрх мэдэлтэнтэй хамт амралтанд явах дарамтгүй амьдарч байгаадаа баярладаг. 

Бас нэгэн миний дуртай Америк эрх чөлөө бол чи шилдэг сургууль төгсөөгүй ч, тухайн мэргэжлийг эзэмшээгүй ч өөрөө тэр ажлыг сайн хийгээд, туршлага хураасан бол энд ямар ч салбарт юу ч хийгээд явах өргөн боломжтой. 

Харин хэний ч итгэлийг алдаж болохгүй. Яагаад гэвэл жинхэнэ Америк эрх чөлөөг эдлэхийн тулд итгэлцэл дээр орших бизнес бүрийг хүндлэлж, усыг нь уувал ёсыг нь дагадаг эрхэм Монгол чанараа хүний газарт гээлгүй хуулийг нь сахин биелүүлж явахад Америк эрх чөлөөний амт аяндаа амтагдаад ирэх болно оо.