Манайх хамтдаа хооллох боломж олдох бүр хүүхэд сонсоход тохиромжтой, ажлынхаа асуудлыг чөлөөтэй хэлэлцдэг.
Тахлаас өмнөх амьдрал бидний хувьд тэс өөр байсан бөгөөд заримдаа хоорондоо уулзалдахгүй өнгөрөх өдөр ч гардаг байсан юм. Тийм болохоор хамтдаа хооллох цаг бол бид хоёрын хувьд хувийн болоод ажлын амьдралаа хуваалцах алтан мөч байсан тул бидэнд заншил болон үлджээ.
Ажлынхаа ярьж болохгүй, хэлэхгүй гэсэн нууцлалын зэрэгтэй зүйлсийг мэдээж хоорондоо яриилцахгүй. Харин хэн нэгэндээ зөвлөх, бие биенээсээ асуух зүйлс гарна.
Хэдэн долоо хоногийн өмнө нөхөр маань надааc "Чиний бодлоор ажил дээр хэр их эможи хэрэглэх нь зохимжтой вэ?" гэж асуув.
Ихэнх байгууллага Gchat, Slack гэх мэт харилцааны бүтээгдэхүүн ашиглах ба зарим газар өөрийн дотоод бүтээгдэхүүн ашиглах нь бий.
Аль дээр 2004 онд намайг тухайн үеийн Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яаманд мэргэжилтнээр ажилдаг байх үед Yahoo messenger-ээс гадна бас нэг дотоод харилцааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан юм. Харамсалтай нь би нэрийг нь мартжээ.
Хамгийн анх 1999 онд Японы артист Шигэтака Курита эможийг бүтээснээс хойш бүх сошиал ертөнц, мэдээллийн харилцааны бүтээгдэхүүн нь төрөл бүрийн эможины сонголттой болсоныг мэдэхгүй хүн өнөөдөр байхгүй гэхэд хэлсдэхгүй байх.
Мэргэжлийн хүмүүсийг холбох зорилготой Линкедн хүртэл нэг хоёр жилийн өмнөөс цөөн тооны эможийг нэвтрүүлсэн билээ.
Манай нөхрийн нэгэн ажилтан нь ажлын chat хэрэглэхдээ өгүүлбэр бүрийн төгсгөлд эсвэл дунд заавал доод тал нь нэг эможи оруулж харилцах юм гэнэ. Заримдаа бүр эможигоор дүүрсэн имейл явуулах аж.
Бодолгүйгээр шууд өгсөн миний эхариулт нэг иймэрхүү: Ажил, бизнесийн хүрээнд аль болох эможийг ихээр хэрэглэхгүй байх нь дээр. Мэдээж ажлын бус хөгжилтэй зүйлс, нийгмийн мэдээлэл солилцдог ажлын хэрнээ чөлөөт суваг дээр эможи хэрэглэж болно. Харин наад жишээ шиг ажил дээр явагддаг өдөр бүрийн харилцаан дээр эможийг ингэж ихээр хэрэглэх нь мэргэжлийн ёс суртахуунгүй.
Нөхөр санал нийлж буйгаа илэрхийлэн толгой дохингоо, магадгүй би өөрөө сошиалаас аль болох хол байхыг хүсдэг, миний зан чанар эможи явуулаад байдаггүй болохоор надад илүү ядаргаатай санагдсан байж ч болох юм гэснээр энэхүү яриа өндөрлөсөн боловч би үргэлжлүүлэн бодсоор яваа нь энэ билээ.
Ажил, бизнесийн хүрээнд хэр их эможи хангалттай вэ? Энэ талаар ярилцах нь чухал сэдэв мөн үү? гэх мэтчилэн олон зүйл бодсоор.
Би ер нь хоолны үеэр болсон яриаг хэрэв миний career coach-ийн клайнт асуусан бол би яаж хариулах байсан бэ? гэж үргэлж зүйрлэдэг юм.
Ихэнхдээ C төвшиний хүмүүс coach хийж ирсэний хувьд хамгийн эхлээд эдгээр хүмүүс ажил дээрх эможиний хэрэглээний тухай асуусан бол би юу гэж зөвлөх байснаа эргэцүүлэв.
Мэдээж чухал асуудлын талаар харилцаж байгаа бол эможи огт хэрэглэхгүй байсан нь дээр. Ажлын имейлээр бол эможи огт хэрэглэхгүй байх нь илүү тохиромжтой гэж зөвлөнө.
Харин slack гэх мэт хурдан чат маягийн хэлбэрээр бол чухам ямар сэдвээр, аль суваг дээр, ямар уншигч нартай харьцаж байгаагаас шалтгаалан C төвшиний хүн ч гэсэн ганц нэг эможи хэрэглэхэд асуудалгүй. Харин ч ажилтануудтайгаа дулаахан уур амьсгал үүсгэж, чөлөөт нээлттэй харилцааг үүсгэх нэгэн хөшүүрэг болно. Жишээ нь ажлын ой, баярууд, ямар нэг тэмдэглэлт явдалтай холбоотой бол эможийг харамгүй хэрэглэ.
Ямар уншигч тухайн сувагт байгаагаас эможи хэр хэрэглэх вэ гэдэг хамаарна. Зарим жижигхэн старт апуудын (старт ап студиод ихээр тохиолддог) сувагт хөрөнгө оруулагч, зэрэгцэн үрлүүлсэн ах дүү старт апуудын хүмүүс байх нь бий. Ийм тохиолдол зөвхөн эможи ч биш чухам ямар мэдээлэл хуваалцах, хэрхэн хариулах зэрэгтээ маш болгоомжтой хандах хэрэгтэй.
Эможи өөрөө нэг их том асуудал биш. Эможиний оронд мэдээлэл байсан бол хэрхэн хэнд очиж буйгаа сайн нягталж, утгаа зөв гаргасан эсэхээ давхар шалгахад буруутахгүй. Учир нь алсын зайнаас ажиллаж буй энэ цаг үед нэгэн орон зайд нүүр нүүрээ харж харилцах боломжгүй тул аливаа харилцааны утга алдагдаж, буруу ташаа мэдээлэл болон хүрэх нь ихсэх магадлалтай.
Маш чухал асуудлыг эсвэл харилцаа нэг л буруу тийшээ явчих шиг болвол цаг алдалгүй утсаар эсвэл видеогоор харилцах цаг тохироод ярилцчихвал хэн хэнийхээ цагийг хэмнэсэн зөв шийдэл болно шүү. Тэр тусмаа бид нар шиг Англи хэл нь хоёрдугаар хэл болсон хүмүүст ажлынхантайгаа буруу ойлголцолд орох нь элбэг.
Утасны текст, мэссэнжэрээс болоод ажлын хүрээнээс гадуур хувийн харилцаанд ч гэсэн асуудал үүсчих гээд байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Энэ миний дуртай эможи 😝
No comments:
Post a Comment