Thursday, June 12, 2014

Оройтохгүй

Аав минь 40 гарсан хойноо одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль буюу тухайн үеийн Орос Хэлний Дээд Сургуулийг төгссөн түүхтэй бөгөөд хүүхдүүд бидэнд аливааг сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг харуулсан билээ. 

Сурна гэдгийг зөвхөн их, дээд сургуульд сурч мэргэжил эзэмшихээр хязгаарлан ойлгож болохгүй. 

Миний бага нас Өвөрхангай аймгийн төв болох Арвайхээрт өнгөрсөн. Гурав, дөрөвдүгээр анги байсан санагдана. Сонгодог бүжиг сурах санаа хэнээс ч авсан юм аймгийн хөгжимт драмын театрын бүжгийн дугуйланд оров. Ангийн авъяаслаг охин Мөнхжаргал лав байсан ба өөр сургууль, ангийн нэлээд хэдэн бяцхан охид байсан санаанд бүдэгхэн орж ирнэ. 

Бүжгийн багш болох хоёр эгч "чамд бүжиглэх авъяас нэг их алга" хэмээн тас хийтэл бусад хүүхдүүдийн дунд хэлснээр бүжиглэж сурах хүсэл минь байхгүй болчихсон. Хэзээ хойно гал цогтой найз охин Очкагаас бүжихийг сурсан даа.  

Олны дунд үлгэр дууриал болсон сэхээтэн бас залуухан аав ээжтэй Мөнхзултай найзалсан мөчүүд гэгээхэн. Бид хоёр шиг "хөдөөний" хүүхдийн санаанаас гарамгүй зүйлсийг хамтран сэтгэж сахилгагүйтдэг байжээ. Манайх 52 айлын орон сууцанд тэднийх өөдөөс харсан 12 айлын орон сууцанд амьдарна. Эмээ нь хотод амьдардаг болоод ч тэр үү Зулаа бусад хүүхдүүдээс арай өөр санагддаг байж билээ. Тавдугаар ангийн хоёр охин өглөө бүр Арвайхээрийн онгоцны буудал хүртэл гүйж дасгал хийх санааг чухам 90-ээд оны эхэн үед хэрхэн олсон нь одоо бодоход тун сонирхолтой. Удалгүй манайх хотруу шилжиж бид хоёрын чамин нөхөрлөл захиагаар хэдэн жил үргэлжилсэн сайхан дурсгалтай.

Наймдугаар ангидаа найз Өнөрмаатай хамт аэробикийн дугуйланд явж, Техникийн Их Сургууль дээрх компьюетерийн дамжаанд бас суралцлаа. 

Элит гэр бүлээс гаралтай Хонгорзултай найзалсан их сургуулийн 4 жил мартагдашгүй. Бид хоёр төв бассенд бүртгүүлж сэлж сурахыг хүссэн боловч хавтан тэвэрч сэлэхээс өөрөөр дээшилсэнгүй тул тэгсгээд орхив. 

Олон төрлийн юм сурахыг хүсэж, эхлүүлсэн ч тууштай байж чадаагүйн гайгаар алийг нь ч "сураагүй" байсаар нэг л мэдэхэд би гээч хүн 25 нас хүрчихсэн байлаа. 

Америкт ирээд удаагүй байсан миний анхаарлыг хуйлчихсан хулдаас шиг юм тэвэрсэн гоё хүүхэн залуус ихээр татав. Мэдээж хэрэг бас л тэдний хийж байгааг "сурах" сэтгэл төрнө биз дээ. 

Аливаа зүйлийг сурахаас илүү сурсанаа дадал зуршил болгох чухал гэдгийг нэгэнт ойлгосон тул ёга гээчийг амьдралынхаа нэгэн хэв маяг болгохоор хичээж байна. 

15 жилийн өмнөөс зориод сэлж сураагүй би 30 хүрэхийн даваан дээр сэлж сурлаа. 

Та нар хожимдсон гэж хойш суулгүй ямар нэг зүйлийг сурах сонирхолтой бол өнөөдрөөс эхлээд хичээгээрэй. Өглөө бүр шүдээ угаадаг шиг сурсан зүйлээ хэвшил болгож чадвал үр жимсийг нь авах болно. 

No comments:

Post a Comment