Sunday, July 20, 2014

Стоколм синдром

Ленинградын цагаан шөнийн тухай ааваасаа сонсож байснаас өөрийн биеэр шөнө тас харанхуй болдоггүй газар очиж үзээгүй надад Швед улсын хамгийн сайхан цаг болох долдугаар сар хачирхалтай санагдав. Өглөө 3, 4 цагийн үед аль хэдийн гэгээ орчихсон байх агаад 8 цаг гэхэд хэдийн нар шарж байх юм. 12, 1 сард эсрэгээрээ өдөрт гуравхан цагийн нар үздэг гэдгийг сонсоод өвөл дахин ирж үзэх сонирхол тээсээр үзэсгэлэнт Шведийг үдлээ. 

Олон арлыг холбосон чамин гүүр, олон мянган жилийн түүхийг өгүүлэх хуучны ганган барилгаас эхлээд нов ногоон энэ орон сэтгэлийг минь булаасан нь гарцаагүй. 

Нөхрийн дүүгийн эхнэр намайг заавал үзэх ёстой газар хэмээсээр Стоколмын төв хэсгээр зугаалуулж, Бритни Спийрс, Фредрик нарын алдартай хүмүүсийн хоол идсэн гэх өндөр зэрэглэлийн ресторанд үдийн цайгаар дайлав. Төв гудамж руу харсан гадаах ширээнд тухалсан ба  гудамжаар алхах хүмүүсийг харж амаа ангайсаар эхний хэдэн минутыг өнгөрөөв. 

Би чинь хээ шаагүй Калифорни мужийн хойд хэсгээс ирсэн хүн шүү дээ. Ихэнхдээ пүүз жийж жинсэн шорт угласан хүмүүс хардаг би Нью Ёркийн загварын шоуг Стоколмын гудамжаас үнэгүй үзэх мэт сэтгэгдэл төрөв. 

Гудамжинд танихгүй хүмүүс сайн уу гэж мэндэлдэг газраас ирсэн надад хүмүүс нь дуу цөөтэй, ихэмсэг санагдав. Хадам ээж болон, хамаатан саднуудыг мөн хамруулж ойлгож болно. 

Стоколмын төвөөс гарангуут хаа сайгүй битүү ой мод, нуур байх агаад тэр хавиар амьдрагсад амгалан тайван, чимээ аниргүйн дунд оршино. 

Швед улсын хот, хөдөөгөөр аяласаны эцэст хүүхэд өсгөхөд хамгийн таатай орон гэдэг нь ойлгомжтой боллоо. Татвар өндөр төлдөг учраас эргээд иргэддээ очих нийгмийн халамж сайтай байдаг гэж өөрсдөө тайлбарлах юм билээ. Харин Америкаас амьдралын өртөг өндөртэй аж.

Хятадын Тян Миний талбай, Японы Шинжүкү, Солонгосын Хан мөрөн, Норвегийн Осло хот, Оросын Улаан талбай, Сингапурийн Чанги онгоцны буудал гэх мэт орон бүрээс сэтгэлд хоногшин үлддэг дурсамж бий бол Швед орны хувьд охины минь биеэр 25 хувийн цус урсаж буйгаараа яалт ч үгүй онцлог бөгөөд хэзээ ч салшгүй гурав дахь эх орон минь мөнөөсөө мөн. 










2 comments:

  1. Stockholm-д нэгэн цаг үед байжээ. Сайхан хот. Gamla Stan гэх хуучин хот, хотын төв, жижиг арал бол яах аргагүй түүх соёлын үнэт өв бөгөөд, аялал жуулчлалын гол цэг гэдэг нь гарцаагүй юм билээ. Шведэд аялсан талаараа аялалын тэмдэглэл бичвэл бас л сайхан тэмдэглэл болох байх даа...

    ReplyDelete
    Replies
    1. Миний блог аялал жуулчлалтай холбоогүй болохоор явсан үзсэнээ нэг их бичдэггүй юм аа. Швед үнэхээр сайхан орон байна лээ. Норвег ч бас сайхан орон. Орон бүр өөрийн гэсэн бахархал, соёл түүхтэй байдаг. Тэдгээр дотроос арай онцлог ч гэх юм уу эсвэл мэдээжийн зүйлээс арай өөр төрсөн сэтгэгдэлээ хуваалцах нь надад сонин.

      Delete