Monday, August 25, 2014

Дэндүү даруухан, нисгэгч дүү залуу

Даруухан, чимээгүйхэн хэрнээ Монгол хүн ямар чадалтай, ухаантайг олон орны хэдэн арван хүнд бодитоор нь харуулж яваа бахархмаар хүмүүстэй уулзаж үг солилцох сайхан. 

21 насны босгыг дөнгөж алхаж яваа, дүү нараас минь ялгаагүй сэтгэлд дотно оршдог залуутай анх удаа нүүр тулан уулзах завшаан тохиолоо. 

Англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, нас бага хэрнээ монгол хэлээрээ зөв боловсон ярьдаг энэ ухаалаг залуу гадаад дотоодын нисгэгч болох хүсэлтэй олон аавын хүүд хичээл зааж, багш хэмээн хүндлэгдэн яваа нэгэн. 

Америкийн Нисэхийн Академид багшлаад жил гаран болж буйг нь би өөрөө асууж шалгаасны хүчинд олж мэдэв. 

Мэдлэг чадвартайгаараа онгирч аархсан огт шинжгүй дэндүү даруухан дүүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн тул та нартайгаа яаран хуваалцахыг зорьлоо.

Түүнтэй нас ойролцоо, энд арван жил, коллеж төгсөж англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн охид хөвгүүдтэй таарч байсан ч ийм эгэл жирийн, сайхан ааштай, хүнлэг, Монголоо алдаагүй, дээрээс нь зорьсон зорилгодоо тууштай, сагсууралгүй тэмцэж яваатай ховор таарчээ. 

Олон долоон үггүй тэрээр баярлалаа гэдэг үгийг ахин дахин хэлэх нь яах аргагүй америк соёлын зөвөөс өөртөө шингээснийг илтгэнэ. 

Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг хэлц үгийг цэл залуухан нисэхийн багш монгол залууд зориулсан мэт ... 

Дүүгийн ирээдүй хөх мөнх тэнгэр шиг цэлмэг байж, онгоцны буулт бүр нь зөөлөн газардаг гэж ерөөе. 

Friday, August 15, 2014

Жалга довны үзэл биш шүү, зүгээр л би нутгаа саналаа

Би дэлхийчлэлийн эрин зуунд амьдарч буй тэгээд бас хэн нэгний гашуухан хэлсэнээр монгол цусаа үргэлжлүүлэн хадгалаагүй "арчаагүй" нэгэн. Тэгсэн хэдий ч би төрж, өссөн нутгаа санах эрхтэй нэгэн гэж сэтгэдэг. 

Хэдэн төрлийн орны хичнээн мянган хүнтэй нүүр тулан уулзахтай нь уулзаж, цэнхэр дэлгэцээр эчнээ танилцахтай нь танилцсаар. Миний мэдэх тэдгээр орны хүмүүс хоорондоо тухайн улсын чухам ямар газраас ирсэн гэж асуух нь жирийн үзэгдэл. Яг л бидний хоорондоо "аль нутгийнх вэ?" хэмээн асуудагтай ижил. 

Гадаадад сурч, ажиллаж буй аль ч орны хүмүүс нэг дороос ирсэн бол илүү дотносож үерхэхийг би өдий хүртэл ажигласан. 

Хаана ч төрж өссөн бай тухайн хүнд тэрхүү нутаг онцгой бөгөөд дотно байдаг. Жалга довны үзэл гаргаж буйдаа биш багаас дассан орчин тойрон, таньдаг, төрөлсдөг хүн зоноос нь болдог гэж би боддог. 

Миний хувьд Монгол эх орон минь, түүний дотроос Өврийн сайхан хангай минь, тодруулан хэлвэл Аравгар хээрийн тал минь зүрхэн тушаа оршдог. 

Арвайхээрийн нэгдүгээр арван жилгүйгээр миний амьдралын нэгэн бүхэл дутах мэт. Аав, ээж, эх эгчийн маань амьдралынхаа олон арван өдрүүдийн өнгөрүүлсэн сургуулийн тэр байшин одоо ч нүдний өмнө зурайн харагдана. Байшинг амьлуулсан багш сурагчид, ялангуяа ижий, аавыг минь "миний багш" гэж хүндэлдэг хүмүүс одоо ч миний сэтгэл доторх нутгаа гэсэн сэтгэлийг амьлуулсаар яваа нь хамгийн сайхан. 

Ноён уул, номын дэлгүүр, халуун усны газар, Аюушийн талбай, Холбоо, 52 айлын орон сууц, тавдугаар хороо, онгоцны буудал гээд Арвайхээрийн бүхэн минийх. Аавыг минь олон удаа эмчилж, намайг тэр нэгэн жил хотоос буцаж очихдоо хүндээр өвдөхөд амийг минь аварсан Арвайхээрийн эмнэлэг, эмч нарыг би яахин мартаж чадах билээ. 

"Захиргааны хашаа" -ны хайрган дээр хөлд орж, Онгийн голын усыг анх удаа далай үзсэн мэт биширсэн, Тугийн овоог хамгийн өндөр уул гэж шүтэн, ээжийгээ газар сайгүй дагаж явдаг байсан Арвайхээрийн нэгэн сайртай бор охин би мөнөөсөө мөн. 






Wednesday, August 13, 2014

Яана аа, Монгол явахдаа юу өмсөх вэ?

Мэдээж энд байдаг бүх монголчууд адилгүй ч, миний ойр тойрны найз нөхөд Монгол явах болоход "Яана аа Монгол явахдаа юу өмсөж, ямар цүнх барина аа " гэж ярих нь олонтаа. Намайг явахад ч  "миний найз юу өмсөнө өө? яах уу? ийх үү" гэсэн яриа өрнөсөн билээ.

Иймэрхүү сэдвээр бичсэн ганц нэг нийтлэл ч цахим ертөнцөөр аялж яваа харагдсан. Үнэндээ би Монголдоо амьдарч байсан бол мөн адил шинэ байранд амьдарч, үнэтэй жийп унаж, булган дээл нөмрөхийг хүсэх л байсан байх. 

Хэдэн жилийн өмнө дотны нэгэн найз охин зуны амралтаараа төрсөн нутгийн жолоо залжээ. Найз маань Монголын нэгэн томоохон банкны хаалгаар даавуун богино өмд, онгорхой углааштай, нүүрний будаггүй, дээрээс нь үүргэвч үүрчихсэн явж ортол "тоож" үйлчлэх хүн олдоогүй гэдэг. Энэ зун тэрээр нүдээ бүлтэртэл гоёод явсан юмсан, хүмүүс хэрхэн хандаа бол? 

Хувь хүний биш нийгмийн зайлшгүй хандлагаар үүссэн "гангархал" -ыг яалтай. Хэнд ч буруу өгөх шаардлагагүй мэт санагдана. Харин нийгэм болоод хүн хөгжих тусам "гангархал, аархал"-ын байдал буурч хэн нэгнээ өмссөн зүүснээр биш, хүнлэг, оюунлагаар нь "дугаарлан" харьцдаг болоосой гэж хүснэ. 

Яана аа, надад Монгол явахдаа өмсөх Лобутоны (Christian Louboutin) гутал, Луй Витоны (Louis Vuitton) цүнх байхгүй. 

Цуглуулах дуртай дотуур хувцсан дээрээ ганц гар таталгүй авдаг Диор (Christian Dior), Шанел (Chanel) -ын усаа түрхчихээд хөл, бие нүцгэн яваад очвол хүн тоож харьцдаг болов уу таминь ээ? 



Wednesday, August 6, 2014

Гадаад нөхөртэйн сөрөг тал буюу "Хатуухан хэлчихлээ" -гийн үргэлжлэл

Гадаад нөхөртэй байхын эерэг талыг товчхон өгүүлсэн "Хатуухан хэлчихлээ" бичлэгийг оруулсанаас хойш түүнтэй холбоотой хоёр гурван цахилгаан шуудан ирсэн юм. Зорьж хариу бичих санаа төрөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

Хүүхэд 2 нас дөхөөд ирэхээр "night terror" буюу харанхуйгаас эсвэл зүүднээсээ айж уйлагнадаг үе байдаг юм байна.

Манай монголчууд хүүхэд орой үдшийн цагаар уйлагнахад ямар нэг зүйлээс айсан гэж үзэн нутаг бүр өөрийн аргаар "ширэглэдэг" билээ. Тугалга, лааны тос гэх мэтийг хайлуулж хүйтэн усанд шир хийтэл дуугарган дүрж юунаас айсныг нь гарсан дүрсээр тодорхойлж, 3 шөнө дараалан хүүхдийн дэрэн дор хийж унтуулан "аргалдаг" билээ. 

Охин маань сүүлийн хэдэн орой уйлагнаж, төрсөн цагаас нь эхлэн охиныг минь үзэж байгаа эмч рүү би яаран утас цохилоо. Эмч "welcome to the terrible twos" гээд утасны цаанаас инээмсэглэх нь сонсогдов. Санаа зовох зүйлгүй зүгээр л тэвчээртэй хүлээж энэ мөчлөгийг өнгөрөө гэнэ.

Зээ дүү нарынхаа өсөхийг ойроос харж "туршлагажсан" би зүгээр хүлээж чадсангүй. Ширэглэх ажилгаандаа тэр даруй оров. Мэдээж нөхөртөө тайлбарлах хэрэг гарлаа. Чухам л иймэрхүү үед гадаад нөхөртэйн "гай" гардаг нь үнэн. Халуун лааны тос оо? Эмч чамд юу гэснийг мартаа юу? Өө бурхан минь, чи юу хийгээд эхлэх нь энэ вэ? гэх мэтчилэнгийн асуусан, гайхсан өгүүлбэр урсана. Би ширэглэдэгээрээ ширэглэнэ. Хамгийн хөгжилтэй нь тэр оройдоо охин хэвэндээ орж тайван нойрсож эхлэх нь тэр. Маргааш өглөө нөхөр ажлаасаа "чиний шившлэг ажиллаа шүү. баярлалаа. хайртай" гэсэн мэссэж илгээв. 

Ээжийн тухай сайхан дууг хамтдаа ойлгон сонсож чадахгүй, хуучны монгол киноны тухай хууч хөөрөх боломжгүй зэрэг мэр сэр сөрөг тал байлгүй яахав. Гэсэн ч гал халуун хайраараа нэгэн айлыг үүсэгсэн хоёр багана болохоор дутуугаа нөхөлцөн, дундуураа дүүргэлцэн аж төрсөөр... би үдшийн бүрэнхийд гарах хэрэг гарвал охиныхоо хамрыг хөөдсөөр ...