Friday, August 15, 2014

Жалга довны үзэл биш шүү, зүгээр л би нутгаа саналаа

Би дэлхийчлэлийн эрин зуунд амьдарч буй тэгээд бас хэн нэгний гашуухан хэлсэнээр монгол цусаа үргэлжлүүлэн хадгалаагүй "арчаагүй" нэгэн. Тэгсэн хэдий ч би төрж, өссөн нутгаа санах эрхтэй нэгэн гэж сэтгэдэг. 

Хэдэн төрлийн орны хичнээн мянган хүнтэй нүүр тулан уулзахтай нь уулзаж, цэнхэр дэлгэцээр эчнээ танилцахтай нь танилцсаар. Миний мэдэх тэдгээр орны хүмүүс хоорондоо тухайн улсын чухам ямар газраас ирсэн гэж асуух нь жирийн үзэгдэл. Яг л бидний хоорондоо "аль нутгийнх вэ?" хэмээн асуудагтай ижил. 

Гадаадад сурч, ажиллаж буй аль ч орны хүмүүс нэг дороос ирсэн бол илүү дотносож үерхэхийг би өдий хүртэл ажигласан. 

Хаана ч төрж өссөн бай тухайн хүнд тэрхүү нутаг онцгой бөгөөд дотно байдаг. Жалга довны үзэл гаргаж буйдаа биш багаас дассан орчин тойрон, таньдаг, төрөлсдөг хүн зоноос нь болдог гэж би боддог. 

Миний хувьд Монгол эх орон минь, түүний дотроос Өврийн сайхан хангай минь, тодруулан хэлвэл Аравгар хээрийн тал минь зүрхэн тушаа оршдог. 

Арвайхээрийн нэгдүгээр арван жилгүйгээр миний амьдралын нэгэн бүхэл дутах мэт. Аав, ээж, эх эгчийн маань амьдралынхаа олон арван өдрүүдийн өнгөрүүлсэн сургуулийн тэр байшин одоо ч нүдний өмнө зурайн харагдана. Байшинг амьлуулсан багш сурагчид, ялангуяа ижий, аавыг минь "миний багш" гэж хүндэлдэг хүмүүс одоо ч миний сэтгэл доторх нутгаа гэсэн сэтгэлийг амьлуулсаар яваа нь хамгийн сайхан. 

Ноён уул, номын дэлгүүр, халуун усны газар, Аюушийн талбай, Холбоо, 52 айлын орон сууц, тавдугаар хороо, онгоцны буудал гээд Арвайхээрийн бүхэн минийх. Аавыг минь олон удаа эмчилж, намайг тэр нэгэн жил хотоос буцаж очихдоо хүндээр өвдөхөд амийг минь аварсан Арвайхээрийн эмнэлэг, эмч нарыг би яахин мартаж чадах билээ. 

"Захиргааны хашаа" -ны хайрган дээр хөлд орж, Онгийн голын усыг анх удаа далай үзсэн мэт биширсэн, Тугийн овоог хамгийн өндөр уул гэж шүтэн, ээжийгээ газар сайгүй дагаж явдаг байсан Арвайхээрийн нэгэн сайртай бор охин би мөнөөсөө мөн. 






No comments:

Post a Comment