Цаг нь болохоор аяндаа бүтнэ ээ гэж ээж минь хэзээнээс хэлсээр ирсэн боловч би их яаруу сандруу, бачим хүн. Нэг үгээр хэлвэл тэвчээргүй хүн.
Тэвчээргүй гэхээр хүний хүнд битгий хэлээрэй гэснийг хэн хүнд хэлээд явдаг моральгүй /moral, ёс суртахуунгүй/ хүн бас биш л дээ.
Хамгийн анхны дурсамжаасаа сөхвөл хөгжилтэй зүйл олон бий. Сургуульд орох нас болоогүй байхад сургуульд явах гэж уйлна, өвлийн өвгөн ааваас түрүүлж бэлэг авсангүй хүлээлээ гэж гомдоллоно.
Эгчийгээ Москвагаас ирэх өдрийг тэсэн ядан хүлээн гонгинох намайг дуугүй болгох гэж ээж надад уньнаас цагаан тууз уяж өгөөд тэндээсээ тоолж эгчийн ирэх өдөр тохиох унинд цэнхэр тууз зүүнэ. Өдөр бүр эгээ хэзээ ирэх вэ гэж гоншигнохын оронд би өглөө сэрэх бүртээ нэг унь ахиулан цагаан туузаа уяна. Нэг л мэдэхэд хоёр тууз давхцаж, баярт өдөр ирсэн байдагсан.
Хорь, гучин жил өнгөрсөн ч аливаад яарсан, тэмүүлсэн хэвээрээ л байлаа. Заримдаа төлөвлөсөн, мөрөөдсөн бүхэн миний зүгээс тогтоосон хугацаанд биелэхгүй бол гутрах, хор шар хөдлөх ч үе байдаг байлаа.
Цаг нь болохоор болно доо гэж өөрөө хичээхгүй суух нь буруу. Цаг нь болоогүй зүйлийн төлөө шаналж, хэт их тэмүүлэх ч буруу ажээ.
Муу муухай зүйл багахан хийж, хүн амьтныг цөөхөн гомдоож, сайн зүйл бодож явбал нэг л өдөр хүссэн, мөрөөдсөн зүйлийн тань ЦАГ ирэх болно. Харин тухайн цаг ирэхэд өөрийгөө бэлдсэн байвал бүх зүйл аяндаа сайхан бүтдэг бололтой.
Үнэнч дурлал хүрээд ирэхэд зөв таньж, хайрлах сэтгэлтэй, анхны үр чинь уйлаад төрөхөд тосоод авах бэлтгэлтэй, хүссэн ажлаас санал тавихад хийгээд өгөх мэдлэгтэй гэх мэт... Монголчууд бидний хэлдгээр саалиа бэлдэхээр саваа бэлдсэн байвал болоод явчих нь тэр.
Хэзээ би гэр бүлтэй болох вэ, хэзээ би гадаадад сурах вэ, хэзээ би дарга болох вэ, хэзээ би байшинтай болох вэ, хэзээ би баян болох вэ, хэзээ би дэлхийг тойрох вэ гэх зэргээр хэзээ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэлгүй тэдгээрт хүрэхийн тулд одоо би юу хийж байх ёстой вэ гэдэгт хүчээ хандуулж чадвал цаг нь дэс дараагаараа ирдэг юм уу даа.
Өөрөөр хэлбэл өчигдөртөө биш, маргаашт бас биш өнөөдөртөө л амьдарч сурах нь жинхэнэ сайхан амьдрал бололтой.
No comments:
Post a Comment