Friday, February 27, 2015

Муу мэдээгээр дүүрэн муухай Баасан гараг баяртай буюу мэргэн таны оюун ухаанд сонголт болоод дүгнэлтийг үлдээлээ

Сэтгэл нэг өндөрт хөөрч тэгснээ газарт хүчтэй савлан унасан Баасан гараг хурдан дуусаасай. "Компанийн Jeopardy" буюу телевизийн  Jeopardy нэвтрүүлгээс сэдэвлэн хийсэн хөгжөөнт танин мэдэхүйн тоглоом тоглож, ширээний теннисний аварга шалгаруулах сүүлийн шат үргэлжилсээр өглөө сэргэг сайхан эхлэв. Би гэдэг хүн Харвардын бизнесийн сургууль төгссөн 1 биш 5 хүнтэй тохой залган ажиллаж суудгаа Jeopardy-ийн ачаар мэдлээ.

Бидний хэнд ч тусдаа суудаг өрөө байтугай тойруулан тавьдаг хаалт ч байхгүй. Компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан, экс гүүглийн од инженерүүд, энгийн нэг ажилтан байна уу, хамаагүй бүгд нэг том зааланд ажиллана. Чин үнэндээ миний амьдралын хэв маягтай төстэй мэт болоод ч тэр үү өмнөх газруудыг бодвол энд би маш хурдан дасчихсан. Компанийн нэгдүгээр зорилт бол "хүн" төвтэй байх. Өөрөөр хэлбэл ажиллагсадынхаа тав тухтай байдал, нийгмийн хангамжинд ханатал анхаарал тавина. Тэр хэрээрээ ч босго өндөртэй аж. 

Надаас ажлын ярилцлага авч, ажил зааж, зөвлөж, долоо хоногт 40 орчим цаг зэрэгцэн ажиллаж, хамт холлож, тоглож,  зарим орой, амралтын өдөр компьютерийн цаанаас ярилцаж, 3 сар орчмыг хамтдаа өнгөрөөсөн нэгэн хүн бий. Би гайхдаг байлаа. Надтай үе тэнгийн шаргал үстэй энэ америк охин яасан ухаантай, ямар сайн хүн бэ гэж ... 3 сар гэдэг тийм урт хугацаа биш. Зарим хүнийг 20 жил нөхөрлөх нь байтугай ханьлаад таниагүй байдаг. Харин зарим нэг хүнийг танихад 3 сар хангалттай хугацаа ч байж мэднэ. 

Энэ бол миний босс бүсгүй. Шударга хэлэхэд намайг хамгийн богино хугацаанд хамгийн ихээр ойлгосон цорын ганц хүн. 

Дарга маань өвдсөнийг өнөөдөр өөрөөс нь сонслоо. Люкемия буюу цусны хорт хавдар. Би уйлж байна. Би муухай аминчхан, хувиа хичээсэн хүн болохоор өөрийгөө бодоод уйлж байгаа нь тэр. Мөрөөдлийн ажилдаа хүрч, хүнийг бас хүний амьдралыг ойлгодог даргатай боллоо гэж дотроо баярлаж байсан юм аа. 

Түүний чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж хурдан эдгээсэй. Нэг л өглөө намайг ажилдаа очиход "хоёулаа кофегоо уучихаад эхлэе" гээд инээмсэглэн суух болно. 

Би өчигдөр орой яг өдийд хуримын ойгоороо Чикаго явж чадахгүй нь гэж урвайж, унжийж, нөхөртөө үг хаяж сууснаасаа ичлээ. Хүн тэнд амь насаа авч үлдэх гэж тэмцэж байхад би  энд амралтаараа зугаалж чадсангүй гэж агсан тавьж байх ч гэж дээ. Ажлаас гарангуутаа нөхөр өөдөө залгаж хурдхан уучлалт гуйлаа. 

Гэртээ ирээд бас муу мэдээ сонслоо. Нэгэн цагт дотно ах дүү, дарга цэргийн харилцаатай явсан нэгэн хүний насанд хүрсэн сайхан хүү нь зуурдаар усанд амиа алдсаныг сонсоод зүрх минь шимширч сууна.

Эцэст нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэгчийн хувиар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Бид хэд наслахаа мэдэхгүй байж дэмий зүйлд шунаж, нэгнээ гомдоож, нэгийгээ шаналган зовоодог муу зангаа орхих юмсан даа. Цаг нь болохоор үхэл аваад явахын хооронд хэн нэгнээ ялангуяа хайртай хүмүүсээ үгээр эсвэл гараар зоддог цохидог хүн байвал болиоч ээ гэж дахин гуйя. Алтаар чимж, булгаар гоёхдоо анхаарах биш амьддаа нэг нэгнээ аятайхан шиг хайрлаж суръя. Булга гэдэг амьтныг амьдаар нь арьсыг нь хуулж байж хүмүүсийн гангардаг эдлэлийг хийдэг ажээ. Амьдаар нь хуулахгүй бол соргүй болчихдог юм гэнэ. Дараа өвлийн хувцас авахдаа бодолцох л зүйлийн нэг. Монголд байхдаа би минжин шүүб өмсөж байснаа одоо бодоход дотор муухайрах шиг болов. Мэдээлэлгүй, юм үзэж, нүд тайлаагүйн гай. Дээрээс нь олон нийтийн хандлага, үзэл бодлоос үүссэн нийгмийн бас буруу юм даа. Түүнээс биш бусдын адил булга өмссөн хувь хүн таны буруу ч гэж юу байхав. Гэхдээ хүн бүр дор бүрнээ өөрчлөлт хийвэл олон нийтийн сэтгэлгээ аяндаа өөрчлөгдөж, улмаар нийгэм ... за одоо ингээд зогсохгүй бол бичихгүй гэж тохирсон хүнд сэдэв рүү хальтрах гээд байна. Мэргэн таны оюун ухаанд сонголт болоод дүгнэлтийг үлдээлээ. 



Monday, February 9, 2015

Тийм ээ би атаархуу хүн... Тэгэхдээ

Тийм ээ би хааяа хэн нэгэнд атаархаж орхидог. Тэгэхдээ би найз нөхөд, хамаатан садан, худ ураг, хамт олондоо атаархдаггүй. 

Марк Зүкербэрг, Ким Кардашиан мэтийн үеийнхэн эсвэл Женнифер Лауренс, Тайлор Свифт нар шиг надаас дүү хэрнээ од болон гялалзаж яваа хүмүүст сэм сэмхэн атаархаж орхидог оо. Хөлтэй бол хөлтэй, гартай бол гартай. Ер нь эд нараас юугаараа дутах вэ дээ гэж байвал яана аа таминь ээ? 

Бөө, лам гэх мэтээс яг үнэндээ би хөндий хүн. Бүтэн сайн бүр Христийн сүмд очиж залбирдаг хүн ч бас биш. Юутай ч аливаа шашиныг хүндлэн дээдэлж хүлээн зөвшөөрдөг нэгэн. 

Харин цагаан, хар хэл аманд итгэдэггүй "эсэргүү". 

Шинжлэх ухаанаар нотлогдсон нэг жишээ байдаг. 2 ижилхэн аяганд яг адил хэмжээтэй ус хийгээд нэгэн нь хандаж өдөр бүр сайхан үг хэлэн инээмсэглэж, тайван ур амьсгал бүрдүүлжээ. Харин нөгөө аягaтай усыг байнга харааж, муухай үг хэлжээ. 

Эерэг энергитэй орчинд байсан ус хөлдөхдөө үлэмжийн гоё хээ хуар гарган хөлдсөн байхад нөгөө сөрөг энергитэй газар байсан ус тэр гэхийн аргагүй харваас муухай хэлбэртэй болж хөлдсөн байдаг. 

Хүн бодлоороо орчин тойрноо бий болгоно. Хар, цагаан хэл ам гэдэг өөрийн чинь бодлоос үүсдэг хий зүйл. Өөрөө сайхан зүйл бодож, хүнд сайныг хүсэж явбал тэр сайхан бодол танд сайны хур болон асгарах болно. Харин хүнийг муугаар бодож, тэр тэгсэн байх, энэ ингэчихлээ гэж хэн нэгэнд буруу өгөн таамаглах нь борооны хар үүл болон амьдралыг чинь нортол асгарч, заримдаа аянга болон ниргэх ч болзошгүй. 

Би ер нь тийм их сайн хүн биш л дээ. Сайн хүн байх гэж, болох гэж бэдэрч яваа жирийн нэг дэлхийн иргэн.

Надтай нэгдэж хамтдаа зүтгээрэй. Хүн бид чинь хэдэн удаа амьдрах билээ дээ. Хажуу дахь хань, үр хүүхэд, аав, ээж, найз нөхдөө алхам тутамдаа хайрлахгүй бол цаг хугацаа арагшлах нь байтугай хором ч зогсохгүй хурдлаад байна шүү. 

Хайрлана гэдэг том биш жижиг, хэцүү биш амархан зүйл. Нэгнээ зовоохгүй, сайхан үг, инээдээр мялааж, хоорондоо мэнд устай байхад л болоод явчихна. 

Saturday, February 7, 2015

Эгч нар мандтугай

Эгчтэй хүмүүс бий л биз дээ? Хувцас булаацалдаж, хоорондоо муудаж сайдаж, аашлах нь аашилж, загнуулах нь загнуулж явсан дуртгал дотно санагдаж байна уу? 

Дөрвөн сайхан эгчтэй болохоор хөгтэй, хөгжилтэй бага насны дурсамж надад зөндөө бий. 

Саяхан болоод өнгөрсөн ээж, ээжийн эмч хоёрын яриа надад шимширмээр гүн сэтгэгдэл үлдээж орхижээ.

Эмч : дүү бий юу өөрт чинь
Ээж:  Байгаа. 2 дүү

... гэснээ нүднээс нь нулимс бөмбөрөөд явчихав. Ээж минь яриагаа үргэлжлүүлж чадахгүй, жаахан хүүхэд шиг хэсэг эхэр татахад эмч, зүгээр зүгээр та сайн уйл. Сэтгэл чинь онгойгоод сайхан болно гэж тайтгарууллаа. Миний охин шиг том том нулимс унаган суугаа ээжийгээ өрөвдөж, хөшөө мэт хөшиж орхисон надад ээжийгээ хэрхэн тайвшруулах ухаан байсангүй. 

Хоёр дүүгээ санасан нь тэр ажээ. Эгч дүү гурав өндөр насанд өгсөж,  хүүхэд явсан гэхэд итгэмээргүй болтлоо өөрчлөгдсөн ... Харин дүүгээ, эгчээ гэх сэтгэл огтхон ч өөрчлөгдөөгүй.

Би бодлоо. Этгээд дотно, эгч бүртээ эрхэлж өссөн болоод ч тэр үү дөрвөн эгчийгээ би нэлээд их санадаг хүн. 

Гаднаа гаргаад хайртай гэж үргэлж хэлж чадахгүй. Саналаа гэдгээ зүгээр хэлчихгүй, хэрэггүй бяцхан зүйлд зориуд шахам туньж эгч нараа "айлгана". Ээд дээ би бас олиггүй нөхөр.

Тэнгэр бурхан хүртэл баярласан мэт эгчийг минь ирсэн үеэр өвлийн сар дуусаагүй байхад зуны өдрүүдийг хайрласан нь учиртай.

Мөрөөдөж, төлөвлөсөний дээд хэмжээ байтугай дунд хүртэл эгчийгээ, гэр бүлийнх нь хамт ханатал юм үзүүлж, цалгитал дайлж чадсангүй ээ. Тэгсэн ч би баяр жаргалтай байна. Эгчтэйгээ тухтайхан таван үг сольж амжаагүй ч нүдэнд минь харагдахаар ойр байх нь л надад сайхан байлаа... Дөрвөн эгчдээ маш их хайртай шүү. Мөн ч их санаж, үгүйлэх юм даа та нарыгаа. 

Хорвоогийн бүх эгч нар мандтугай. 

Wednesday, February 4, 2015

Би эхнэр авмаар байна

Жил орчим "гэртээ суудаг" ээжийн амьдралаар сэдэвлэн бичсэн билээ. Гэтэл "ажилдаг" ээж болсоноос хойш блогдох нь байтугай "муу эр хүн "яах" завгүй" гээчийн эмэгтэй амьд жишээ болов. 

Ажилдаг ээж нар "гэртээ суудаг" ээжээс ялгарах зүйлгүй баатрууд ажээ. Хэрхэн яаж алба, амины ажлаа амжуулдаг байна аа? 

Би эхнэр авмаар байна. Баячууд, одод гэрлэхийн өмнө байгуулдаг "принап" гэрээний оронд би эхнэртэйгээ "гэртээ суудаг" ээж бoloh гэрээ хийх болзолтой. 

Хүнс, хувцас гээд хэрэгтэй бүхнийг яг л над шиг хямдрал, чанартай, органик гэх мэтээр цуглуулдаг. Жигтэйхэн амттай биш ч ажлаа тараад ирэхэд аяганы амсар зуулгачихдаг, хүүхэд сургууль, цэцэрлэгт зөөчихдөг, Номын сангийн материалыг хугацаанд нь буцаагаад өгчихдөг. Ирсэн, явсан зочид гийчдийг дайлж, гадуур дагуулаад юм үзүүлчихдэг. Эцэст нь цэмцийтэл гэр цэвэрлэхгүй ч өдөрт ганц удаа тоос соруулчихдаг байхад л хангалттай. Хариуд нь эхнэр чамд би хязгааргүй хэрэглэх эрхтэй зээлийн карт олгоё. Өөртөө, хүссэн хүмүүстээ дуртай зүilee avaarai. 

Миний эхнэр болох сонирхолtой хүмүүс байвал нээрээ тоглоомгүй хандаарай. Би өөрийн гэсэн эхнэргүйгээр "ажилдаг" ээж байж дийлэхгүй шинжтэй. Хамгийн гол нь ээж гэдэг ажлын чанар алдагдаж мэдэх нь ...