Monday, February 9, 2015

Тийм ээ би атаархуу хүн... Тэгэхдээ

Тийм ээ би хааяа хэн нэгэнд атаархаж орхидог. Тэгэхдээ би найз нөхөд, хамаатан садан, худ ураг, хамт олондоо атаархдаггүй. 

Марк Зүкербэрг, Ким Кардашиан мэтийн үеийнхэн эсвэл Женнифер Лауренс, Тайлор Свифт нар шиг надаас дүү хэрнээ од болон гялалзаж яваа хүмүүст сэм сэмхэн атаархаж орхидог оо. Хөлтэй бол хөлтэй, гартай бол гартай. Ер нь эд нараас юугаараа дутах вэ дээ гэж байвал яана аа таминь ээ? 

Бөө, лам гэх мэтээс яг үнэндээ би хөндий хүн. Бүтэн сайн бүр Христийн сүмд очиж залбирдаг хүн ч бас биш. Юутай ч аливаа шашиныг хүндлэн дээдэлж хүлээн зөвшөөрдөг нэгэн. 

Харин цагаан, хар хэл аманд итгэдэггүй "эсэргүү". 

Шинжлэх ухаанаар нотлогдсон нэг жишээ байдаг. 2 ижилхэн аяганд яг адил хэмжээтэй ус хийгээд нэгэн нь хандаж өдөр бүр сайхан үг хэлэн инээмсэглэж, тайван ур амьсгал бүрдүүлжээ. Харин нөгөө аягaтай усыг байнга харааж, муухай үг хэлжээ. 

Эерэг энергитэй орчинд байсан ус хөлдөхдөө үлэмжийн гоё хээ хуар гарган хөлдсөн байхад нөгөө сөрөг энергитэй газар байсан ус тэр гэхийн аргагүй харваас муухай хэлбэртэй болж хөлдсөн байдаг. 

Хүн бодлоороо орчин тойрноо бий болгоно. Хар, цагаан хэл ам гэдэг өөрийн чинь бодлоос үүсдэг хий зүйл. Өөрөө сайхан зүйл бодож, хүнд сайныг хүсэж явбал тэр сайхан бодол танд сайны хур болон асгарах болно. Харин хүнийг муугаар бодож, тэр тэгсэн байх, энэ ингэчихлээ гэж хэн нэгэнд буруу өгөн таамаглах нь борооны хар үүл болон амьдралыг чинь нортол асгарч, заримдаа аянга болон ниргэх ч болзошгүй. 

Би ер нь тийм их сайн хүн биш л дээ. Сайн хүн байх гэж, болох гэж бэдэрч яваа жирийн нэг дэлхийн иргэн.

Надтай нэгдэж хамтдаа зүтгээрэй. Хүн бид чинь хэдэн удаа амьдрах билээ дээ. Хажуу дахь хань, үр хүүхэд, аав, ээж, найз нөхдөө алхам тутамдаа хайрлахгүй бол цаг хугацаа арагшлах нь байтугай хором ч зогсохгүй хурдлаад байна шүү. 

Хайрлана гэдэг том биш жижиг, хэцүү биш амархан зүйл. Нэгнээ зовоохгүй, сайхан үг, инээдээр мялааж, хоорондоо мэнд устай байхад л болоод явчихна. 

3 comments:

  1. Сайхан зүйлс бүгд үнэгүй байдаг гэдэг үгс санаанд орж байх чинь..
    Инээмсэглэл, хайр, аз жаргал, аяга ус ч хүртэл ...

    ReplyDelete
  2. сайн уу? "сайхан зүйлс бүхэн үнэгүй" ямар сайхан үг вэ ?

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete