Wednesday, March 11, 2015

Буузгүй цагаан сар, мартагдсан март, монгол дуугүй машин буюу манайд Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна

Хүний төлөө төрсөн мэт нэгэн найз охин бий. Зөөлөн ааш зан, тусархаг сэтгэлтэйгээрээ миний нэг эгчийг үргэлж санагдуулна. Тэр хоер л эгч дүү баймаар. 

Найз охин бид хоерын хүүхдүүд жил дараалж төрсөн дэрсхэн хөөрхөн сөөсгөрүүд. Азаар манай хоер ойрхон амьдардагт би олзуурхана. Охид маань бид хоер шиг хүний газар нэгэндээ хань болж өсөх нь гэж цаагуураа бодож буй миний "муу санаа". 

Найзаасаа сайхан монгол дуутай си ди олоод өнгөрсөн 2 хоног башийв. Зарим нэг дууг нь бүтэн бүү хэл тал хүртэл сонсож чадахгүй нулимс аяндаа асгарна. Нутгаасаа хол оршиж, амьдархаар ийм л болчихдог. Тийм болохоор зүрхэлж сонсохгүй, үзэхгүй байсаар, түүндээ нэг л мэдэхэд дасчихдаг. Энэ мэтээр монголоос холддогоо нуухгүй. 

Харин сүүлийн хэдэн жил цагаан сарыг бол тэмдэглэсэн шүү. Сайндаа ч биш ээжийг байгаа болохоор тэр. Шинийн нэгэнтэй ойролцоо хагас, бүтэн сайныг сонгож тэмдэглэнэ. Учир нь зохион байгуулагч, зочид хэн хэн нь ажлын өдөр завгүй. Энэ жил цаг зав муутайгаар хаацайлан \тусалдаг хоёр найз бас завгүй\ бууз ч хийж амжсангүй. Шударга хэлэхэд би залхуу, ажил муутай тул гялалзуулж гав ганцаараа бууз хийнэ гэж байхгүй нь үнэн. Нөхөр бууз хийж чадахгүйн далимаар ямар ч нэмэргүй. Ингээд захиалгаар хийлгэсэн барбикю буюу шарсан махаар ээжийнхээ цагаан сарыг нэг өдөрт багтаагаад төвөггүй тэмдэглэчихэж байгаа юм. Буузгүй л болохоос уламжлалт цагаан сараас дутах зүйлгүй гээд бас онгирно оо. 

Өнгөрсөн хагас бүтэн сайнд ганц нэг хүмүүсээс баярын мэндчилгээ ирэв. Хүүе манайх цагаан сараа аль хэдийн тэмдэлэчихсэн шүү дээ хэмээн хэлэхээр завдтал мартын 8 байдаг байгаа. Энд тэмдэглэдэггүй болохоор үнэхээр санаанд оролгүй өнгөрчихдөг баярын нэг болжээ. Март тэмдэглээгүй нь миний буруу биш Америкийн буруу гэж биеэ өмөөрөв. 

За ингээд өөрийгөө хамгаалаад байвал зөндөө урт жагсаалт болох нь ойлгомжтой боллоо. 

Тэгэнгүүт гялс найзаасаа "монгол дуу"зээлж, охиндоо биелгээ зааж, ээжтэйгээ монгол кино үзэж буй нь энэ. Манайд монгол соёлын өдрүүд үргэлжилж байна...

Үргэлжлэл удахгүй нийтлэгдэнэ. 



No comments:

Post a Comment