1. Худал бүү хэл
Их, бага хэмжээгээр хэнд ч хэзээ ч бүү худал хэл. Яаж ч байсан мэдэгдэнэ. Бүх юм систем, логик дараалалтай тул худал хэлж өөрийгөө эвгүй байдалд оруулавзай. Хамтрагчийнхаа, даргынхаа итгэлийг нэг удаа алдахад таны ирээдүйн замд сайнаар нөлөөлөхгүй.
2. Хууль дүрмийг дага
Хуурамч, хулхи үйлдэл нэг л өдөр баригдана. Хоёрын хооронд юман дээр хүнийг хуурч буй мэт боловч өөрийгөө хуураад хэрэггүй. Жишээ нь зарим хүмүүс карпүүл эгнээний дүрмийг байнга зөрчдөг. Тэр байтугай нэгэн хотын монголчуудын груп дээр хэрхэн хажуудаа хиймэл хүүхэлдэй суулган дүрмийг амархан зөрчдөг “алтан туршлага”-аа оруулсан мэдээллийг хараад нүдэндээ итгэхгүй өнгөрч байсан юм.
Карпүүл эгнээ нь 2 буюу түүнээс дээш зорчигчтой машин явдаг эгнээ бөгөөд утга нь олон машин тусдаа унаж агаар бага бохирдуулаагүйг чинь сайшааж хурдан явахыг тань дэмжиж байгаа бодлого.
Энэ оронд сайхан амьдрах гэж ирсэн бол хууль дүрмийг нь дээдэлж байж л сайн сайхныг нь олж авна даа.
3. Хэлээ сайн сур
Гадаад хэлийг хамгийн хурдан сурдаг гурван аргын нэг орчинд нь амьдрах байдаг. Хэрэв Монголчуудтайгаа хамт ажиллаж, хамт амьдраад сурах орчин багадвал дараахыг хийгээд үз:
- Монгол нэвтрүүлэг байнга үзэхийн оронд Англи хэл дээр нэвтрүүлэг, кино үз.
- Монголоор ярьдаггүй хүмүүстэй цаг өнгөрөөх арга олох, найзлах. Жишээ нь сонирхолынхоо дагуу meet up goup -т оролцох, дасгал хийдэг хүмүүстэй нэгдэх, хүүхдийнхээ сургуулийн эцэг эхийн байгууллагад оролцож хүмүүстэй харилцах хүрээгээ тэлэх
- Номын сан, төрийн бус байгууллагад долоо хоногт нэг удаа сайн дурын ажил хийх
4. Туршлага хураа
Ажил, амьдралын туршлага хураа. Туршлагыг үнэлдэг орон тул нэг зүйлийг маш сайн чаддаг байхад тэр чиглэлээрээ дээшээ ахих боломж маш их. Мэдээж сурах бас чухал. Гэхдээ туршлага боловсролоос дутахгүй шүү. Тэр тусмаа монголдоо боловсрол эзэмшсэн бол түүн дээрээ дөрөөлөөд туршлагаа нэмсээр байхад очихыг хүссэн түвшиндөө амархан хүрнэ. Амьдралын чинь төлөвлөгөө, нөхцөл байдалд нийцвэл юу хийх сонирхолтойгоо сонгоод сур. Сурахад хэзээ ч оройтохгүй гэж ярьдаг шүү дээ.
5. Өөрийнхөө төлөө зүтгэ
Хүний төлөө амьдарч буй мэт сэтгэлгээтэйгээр Америк оронд хүссэн хэмжээндээ очтол сайхан амьдарна гэдэг юу л бол. Үе үе монголчуудаас маань илэрдэг “тэнэг их зан”, ego буюу биеэ хэтэрхий тоосон зангаа багасгахгүйгээр нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, бусдад хүндлэгдэн, өндөр амжилтын эзэн болно гэдэг тун чиг ховор. Бусдыг чамд тусалсангүй, ингэж дэмжсэнгүй гэж гомдоллохын оронд өөрийнхөө төлөө зүтгэ, асуу, араас нь сурагла. Энд хэн ч чиний араас хөөцөлдөхгүй. Чи л араас нь хөөцөлдөх хэрэгтэй.
6. Шаргуу хөдөлмөрлө
Тууштай, шаргуу хөдөлмөрлөж чадвал өгөөжийг нь амархан амсах боломжтой орон. Хуучин чадвараа ашиглаж болно, шинэ чадвар нэмж олоод залхуурахгүй ажиллаад байвал мөрөөдөлдөө хүрэхэд ч харьцангуй ойрхон газар. Боломжийг бүү алд.
7. Эрүүл бай
Бие, сэтгэл, оюун санаагаараа эрүүл саруул байхын тулд бүхнийг хий. Тогтмол дасгал хий, эрүүл хоолло, тайван бай. Эрүүл мэндийн сайн даатгалд хамрагд.
8. Үнэнч бай
Ерөнхийдөө НЭГ, ХОЁРТОЙ холбоотой. Энд хувийн, хувьсгалын, том, жижиг бүх бизнес итгэлцэл дээр тогтдог. Тиймээс үнэнч байх маш чухал. Бидний ярьдгаар Америкууд юуг ч анзаараагүй мэт царайлдаг ч хэн ажлыг үнэн сэтгэлээсээ хийж байна гэдгийг аль хэдийн мэдчихсэн л байдаг.
Одоо ч бидний ирж байсан үеийг бодвол сайхан болжээ. Төрөл бүрийн сошиал медиа, груп, төрийн бус байгууллагуудаас хэрэгтэй бүх мэдээллээ олохоос гадна өөр хоорондоо нетворкинг хийх өргөн боломжтой, нээлттэй мэдээллийн цаг үе иржээ.
9. Нэр хугархаар яс хугар
Эхний таарсан Монгол хүний талаарх сэтгэгдэл ямар байна? Бусдад яг тэгэж л ойлгогдох тул дотроо бодолтой амьдарч, эх орны нэрээ өндөрт өргөхгүй гэхэд муугаар хэлүүлэхгүй явцгаая. Өдөр тутмын амьдралаа зөвөөр залж, сайхан үлгэр жишээ болон амьдарч, эх оронч сэтгэлгээгээ энд л гаргаасай гэж хүснэ.
No comments:
Post a Comment