Saturday, June 9, 2018

Эзэн хичээвэл заяа хичээдэг бөгөөд хэзээ ч бүү шантар!

Амьдрал хэмээгч "галзуу хулгана" заримдаа юунаас ч үл хамааран хаашаа хамаагүй давхиж оддог. Гэсэн ч би эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгт итгэдэг.

 Мэдээж бүх юм үргэлж бодож, төлөвлөсөний дагуу бүтээд байдаг бол амьдрал ямархуу гунигтай өдрүүд болж хувирах бол?

Сайн хүнд ч муу зүйл тохиолддог. Тэглээ гээд муу хүн болж хувирахгүй байхад л утга оршдог юм шиг ...

Манай хотын зарим гудамжууд нэлээд нарийхан л даа. Хоёр талаар машин зогссон байвал зөрөлдөн өнгөрөх машин нэг нэгэндээ зай тавьж өгөхгүй бол мань мэтийн жолооч нар эсрэг урсгалын машинаа шүргэж мэднэ. Ихэнх хүсүүс, багцаалбал 98 хувь нь зам тавьж өгнө. Үлдсэн хоёр хувь нь өөдөөс зайгүй байхад дайраад л байна. Эсвэл заавал зам тавиулах гэж гүрийнэ.

Би бол үргэлж зам тавьж өгөх хэсэгт орох ба зам тавьж өгсөн хүнд гараараа дохиж баярласанаа илэрхийлнэ.

Энэ мэтчилэн жижигхэн зүйлст хэрхэн хандахыг хорвоо ямагт ажиж байдаг ч юм шиг. 

Ээж маань хүнд өгөх юм байхгүй бол өөрийнхөө хоолноос илүүчлэн өгч бай гэж хэлдэг. Хэдийгээр зөвхөн хоолон дээр жишээ болгон хэлсэн ч үүнийг бүх зүйл дээр баримталж болно гэж би санадаг. 

Манай нөхөр үргэлж хүмүүсийг ялгаварлахгүйгээр ижил тэгш хандаж, үнэн сэтгэлээсээ харилцаж байхыг надад сануулна. 

Хүнд тусална гэдгийг заавал том хүрээнд ойлгох хэрэггүй. Мэддэг юмаа нэгэндээ хэлж өгөх, байгаа юмаа хуваалцах, заримдаа баярлалаа гэдгийг чин сэтгэлээсээ хэлэхэд тухайн өдөр тэр чигтээ сайхан болж  хувирдаг.

Чадал, бололцооныхоо хэрээр хүнд тус хүргэж явахыг амьдралынхаа зарчим болгохыг чармайж явна даа. 

Мартсанаас мал мэнд үү гэгчээр зургаан сар шантралгүй хичээсний ачаар нөгөө мөрөөдөөд байсан газраа хүсэж байсан чиглэлээрээ орчихсон шүү :)

Өчигдөр сайхан өдөр байлаа. Гүүглд ажилдаг Баттулга тэргүүтэй мундаг залуус намайг халуун дулаан инээмсэглэл, монгол хүний дотно сэтгэлээр грүпдээ хүлээн авч, завгүй цагаасаа үл харамлан уулзацгаав.

 Силикон Валли буюу Mountain View (Sunnyvale хот бас орно) -д зургаан шижгэр сайхан, залуу монгол инженерүүд ажилдаг юм байна. Хоёр нь эмэгтэй гээч. Сийатл хотод хоёр залуу бас инженерээр ажилдаг бололтой.

Монгол залуучуудаараа үнэхээр бахархаж байна аа.

Би ч яахав нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л юм болж байна. Юутай ч атугай Валлидаа л үлдэх учиртай байсан бололтой. Манай хуучин компани миний шинэ ажлаас машинаар яг гуравхан минутын зайтай юм гээч.

Олон арван, содон сонин адал явдал, туршлага, шинэхэн найзууд, тэс ондоо хамт олон, цоо шинэ ажлын салбар гээд сэтгэл догдолсон өдрүүд ар араасаа цувраад эхэлчихлээ.

Мөрөөдөлдөө хүрэх хол хэдий ч ямар ч байсан зөв замдаа орох нь орсоон. Үргэжлүүлээд мөрөөдөөд л байдаг хэрэг.

Хоёр чухал зүйл.

1. Мөрөөдөхөө зогсоож үл болно
2. Галзуу хулгана галзуурах мөчүүдэд шантарч үл болно 
( you have no idea what I have been through )




No comments:

Post a Comment