Харин ажил мэргэжлээ сольсон нь тэрхүү хоббигоо мөнгө олдог болгох зорилготой холбоотой байлаа. Би карерь гэж хэлэхээс аль болох зайлсхийдэг. Учир нь би тэр хэмжээний албан тушаалтай ч биш, тийм хэмжээний мөнгө ч олдоггүй. Карерь хийх миний мөрөөдөл ч биш. Амьдрал бололцоо олговол дуртай ажлаа хийж, хамт олонтой байх сайхан. Мэдээж амьдралын байдлаас болоод гэртээ суудаг ээж болвол надад бас л сайхан.
Төрсөн өдрийн сараа тохиолдуулан хүн болж төрсөний хувьд ямар нэг зүйл хийхээр "Намар" төслийг төлөвлөсөн юм. Хэдийгээр нэлээн хэдэн том жижиг зүйл миний бяцхан төсөлд багтсан ч бүгд санааны зоргоор бүтсэнгүй. Юутай ч их бага хэмжээгээр цөөхөн хэдэн хүнийг баярлуулсан гэж ойлгож байгаа.
Гэхдээ нэг хүний амьдралыг бол өөрчилөхөд тусалж чадсан шүү!
Хэн нэгний амьдралыг орвонгоор нь өөрчлөх чадалтай байхын сайхныг сэтгэлдээ төсөөлж явсанаас чухам ямархуу мэдрэмж төрдөгийг энэ мөчид л мэдлээ.
Өчигдөр утсанд маань хэд хэдэн мэссэж дараалан ирж байна. Ид ажлын дундуур байсан тул нүднийхээ үзүүрээр гүйлгэн хартал хүүхдийн сургууль, нөхөр, эмч нарын нэгнээс биш байсан тул яаралтай биш байна гэж ойлгон ажилдаа улайрсаар өдөр өнгөрчээ.
Ажлаа тараад машинруугаа алхах зуураа утсаа шалгаж амжив.
Манай хүүхдийн найз охины ээжээс баахан баярласан, талархсан мэссэж, есөн шидийн партины анимешион (монголоор юу гэхийг ёстой бүү мэд) завтай болохоороо залгаарай гэснээр төгсөж.
"Намар" төслийнхөө хүрээнд хоббиныхоо дагуу өөр шигээ гадаад орноос цагаачилж ирсэн жирийн нэг эмэгтэйд туслах зорилгоор түүнийг шинэ ажилд ороход нь coach ( зөвлөгөө өгч мөн үү?) хийж, ажлын ярилцлаганд бэлтгэж, туршлага сонирхол, skill set (чадварыг багц мөн үү?) - гэх мэтэд нь тохирсон ажлын байр олж өгсөн юм.
Хэдийгээр би резүмэ (CV)-ээг нь шинэчилж, ярилцлаганд бэлдүүлсэн ч тэр хүн өөрөө их хичээсэн. Миний зөвлөгөөг анхааралтай чагнаж, үг бүрийг тэмдэглэн авч байсан. Намайг сонсож ярилцлагандаа уйгагүй бэлдсэн.
Би өмнө нь олон хүмүүст зөвлөгөө өгч байсан ч яг энэ бүсгүй шиг тууштай хичээж, хүсэж буй ажлынхаа араас явсан нь цөөн.
Украйн бүсгүйг Нина гэж нэрлэе.
Нинатай анх танилцаж бага багаар мэддэг болох тусам миний арван жилийн өмнөх амьдралыг дэндүү их санагдуулдаг байв. Өөр шигээ урт зам битгий туулаасай гэсэндээ би хэрхэн туслахаа олж яддаг байсан юм.
Нина өчигдөрхөн машин зардаг хүн байсан бол өнөөдөр мөрөөдлийн компанидаа өмнө нь эх орондоо хийж байсан ажилдаа зөвхөн гуравхан жил энд цагаачилсаныхаа дараа орж чаджээ.
Маш их баярлалаа гэж орос англиар урсгах , бас мэгших эмэгтэй хүний, ээж хүний дуу утасны цаанаас дуулдана. Би арай л дагаад мэгшсэнгүй ...
Нинагийн охины ирээдүй улам гэрэлтсэн гэдэгт эргэлзэх зүйл алга.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Дараах зургийг харих замдаа улаан гэрэл дээр амжиж дарсан юм.
Үүлнээс ч хүртэл таашаал авч чаддаг өндөр мэдрэмж бас байнаа байна гээд л онгирчихоё доо
😏
Амьдрал сайхан сайхан биш гэж үү?
Машины цонх халтар байжээ. Уучлаарай :)