Saturday, June 1, 2019

Шар айрагны найзтай байх уу? Сэтгэлийн найз илүү чухал уу?


Найз гэдэг их өргөн хүрээтэй үг. Ажлын найз, багын найз, гэр бүлийн найз, оюутны найз гээд бичээд байвал дуусахгүй.


Хүн бүр найз гэдгийг өөрийнхөөрөө ойлгож тэр сэтгэхүйгээрээ ханддаг аж.

Жишээ нь миний хувьд сэтгэлийн найзаа гэж бодож явсан хүнд би зөвхөн стресс тайлагч шар айрагны найз байх жишээний.

Эсрэгээрээ би дотны найзаа гэж бодож яваагүй хүн намайг сэтгэлийн найзаа гэж үнэлж дүгнэж явдаг байх нь ч бий.

Энэ бол хүний амьдралд тохиолддог л зүйлс. Магадгүй дөнгөж хорь хүрч явсан бол арай ч дээ миний найзаа гэж олон жил бодож явсан хүн ийм ч бододтой явах гэж ирээд л сэтгэл санаагаар унаж, уйлж унжих байх.

Одоо гучийн бөгс рүү орж яваа бид найз хүүхнүүдийн асуудлаас болж гутарна гэдэг юу л бол.

Аливаа харилцаа (хосууд, найз нөхөд, дарга цэрэг, хүүхэд эцэг эх, хөрш гээд бүх төрлийн харилцаа)  харилцан ярихгүйгээр, нэг нэгнийгээ ойлголцохгүйгээр оршин тогтнохгүй. Түүнийг дагаад харилцаагаа хүндлэх ч хэрэгтэй. 


Гэхдээ бусдыг хүндэлж байна гээд дургүй , хүсээгүй, сэтгэлийн ханамж авахгүй харилцаанд оролцсоноор тухайн харилцаа бүр байхгүйд хүрдэг. 

Эхнэр нөхөр салдаг, эгч дүүс муудалцдаг, найз нөхөд "дайснууд" болж хувирдаг, хадам бэр, хүргэнүүдийн хооронд хагарал үүсч хоорондоо огт харилцахгүй байдалд ордог. 

Эдгээр харилцааг эрүүл байлгаж, баттай үргэлжүүлэх гол хөдөлгүүр нь харилцаа өөрөө.


 Өөрөөр хэлбэл нэгнийгээ тэвчээртэй сонсдог, өөрийгөө тайлбарладаг, бусдыгаа ойлгох гэж хичээдэг, нэгэндээ хэрэгтэй үед нь завсарлага өгдөг, уучилдаг байх хэрэгтэй гэж би боддог. 

Мэдээж хүн бүр өөр, тэдний амьдрал ондоо, амьдрал болоод нийгмийг үзэх бодол ижилгүй, тиймээс амьралд юу чухал, ямар харилцаа дээгүүрт орох гээд бүх зүйл нь бас өөр байж таарна аа даа? Аяндаа амьдрал үргэлжилж нэгэн цагт ижилдүү, ойролцоо байсан амьдралууд өөр өөрийн өнгө аястай болж байдал өөрчлөгдөнө.

Зарим өөрчлөлт түр зуурынх, зарим нь магадгүй тэрхүү харилцаанаас бүр гарахаар ч болсон байж мэднэ. Тэглээ гээд зууралдаад байх нь утгагүй. 

Яс цусаар холбогдсон гэр бүлийн хүрээнийхэн, ёстой нөгөө уруул дордойвч элэг дордойхгүй тул хэзээ нэгэн цагт харилцаагаа сайжруулах нь тодорхой. Харилцаан дээрээ ажиллах хэрэгтэй. Эсвэл цаг хугацаа цаанаас нь зохицуулаад өгөх ч тохиолдол бий. 

Харин найз нөхдийн хувь бол арай өөр. Жинхэнэ сайн найзууд бол харилцаанд таарсан шуургыг туулаад гарчихсан л байдаг. Зарим нэг найзууд ой санамжаас ор сураггүй болчихсон л байдаг. Энэ бол нэг их яана аа, яасан аймаар юм бэ? гэх асуудал биш. "Ит из окей

Би угаасаа архи дарс ихээр хэрэглэж чаддаггүй болоод ч тэр үү  шар айрагны найзаас илүү сэтгэлийн найзтай байхыг чухалчилдаг.

Баяр жаргалтай үеэс илүү гунигтай, бүүдгэр өдрүүдэд сэтгэлээ нээн ярицах найзуудтай байхыг хүсдэг. Мөн тэднийгээ амьдралын галзуу хулганаар давхих үед гараас нь чанга атгахыг хичээнэ.

Дотоод сэтгэл, амьдралын бүдрээ нугачаагаа харилцан ярилцахгүйгээр хэрхэн жинхэнэ найз охид байхыг би мэдэхгүй, сурахыг ч хүсэх бодолгүй.

Найз нөхөд хүний амьдралд орж гарч л байдаг.

Тэртэээ тэргүй ижил бодол, сэтгэхүйтэй найзууд нэгнээ түшин, тэдний харилцаа он цагийн урсгалд улам батжиж гэр бүлээс дутахгүй хүчтэй нөхөрлөл үргэлжилдэгт би итгэдэг. 


Хичнээн удаа уулзаж, хэдэн аяга шар айраг хувааж уусан,  хэр  алсад амьдардгаас үл хамааралтайгаар шүү дээ.




No comments:

Post a Comment