Friday, December 11, 2020

Ажил ба эможи хэрэглээ

 Манайх хамтдаа хооллох боломж олдох бүр хүүхэд сонсоход тохиромжтой, ажлынхаа асуудлыг чөлөөтэй хэлэлцдэг. 

Тахлаас өмнөх амьдрал бидний хувьд тэс өөр байсан бөгөөд заримдаа хоорондоо уулзалдахгүй өнгөрөх өдөр ч гардаг байсан юм. Тийм болохоор хамтдаа хооллох цаг бол бид хоёрын хувьд хувийн болоод ажлын амьдралаа хуваалцах алтан мөч байсан тул бидэнд заншил болон үлджээ. 

Ажлынхаа ярьж болохгүй, хэлэхгүй гэсэн нууцлалын зэрэгтэй зүйлсийг мэдээж хоорондоо яриилцахгүй. Харин хэн нэгэндээ зөвлөх, бие биенээсээ асуух зүйлс гарна. 

Хэдэн долоо хоногийн өмнө нөхөр маань надааc "Чиний бодлоор ажил дээр хэр их эможи хэрэглэх нь зохимжтой вэ?" гэж асуув. 

Ихэнх байгууллага Gchat, Slack гэх мэт харилцааны бүтээгдэхүүн ашиглах ба зарим газар өөрийн дотоод бүтээгдэхүүн ашиглах нь бий. 

Аль дээр 2004 онд намайг тухайн үеийн Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яаманд мэргэжилтнээр ажилдаг байх үед Yahoo messenger-ээс гадна бас нэг дотоод харилцааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан юм. Харамсалтай нь би нэрийг нь мартжээ.

Хамгийн анх 1999 онд Японы артист Шигэтака Курита эможийг бүтээснээс хойш бүх сошиал ертөнц, мэдээллийн харилцааны бүтээгдэхүүн нь төрөл бүрийн эможины сонголттой болсоныг мэдэхгүй хүн өнөөдөр байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. 

Мэргэжлийн хүмүүсийг холбох зорилготой Линкедн хүртэл нэг хоёр жилийн өмнөөс цөөн тооны эможийг нэвтрүүлсэн билээ. 

Манай нөхрийн нэгэн ажилтан нь ажлын chat хэрэглэхдээ өгүүлбэр бүрийн төгсгөлд эсвэл дунд заавал доод тал нь нэг эможи оруулж харилцах юм гэнэ. Заримдаа бүр эможигоор дүүрсэн имейл явуулах аж. 

Бодолгүйгээр шууд өгсөн миний эхариулт нэг иймэрхүү: Ажил, бизнесийн хүрээнд аль болох эможийг ихээр хэрэглэхгүй байх нь дээр. Мэдээж ажлын бус хөгжилтэй зүйлс, нийгмийн мэдээлэл солилцдог ажлын хэрнээ чөлөөт суваг дээр эможи хэрэглэж болно. Харин наад жишээ шиг ажил дээр явагддаг өдөр бүрийн харилцаан дээр эможийг ингэж ихээр хэрэглэх нь мэргэжлийн ёс суртахуунгүй. 

Нөхөр санал  нийлж буйгаа илэрхийлэн толгой дохингоо, магадгүй би өөрөө сошиалаас аль болох хол байхыг хүсдэг, миний зан чанар эможи явуулаад байдаггүй болохоор надад илүү ядаргаатай санагдсан байж ч болох юм гэснээр энэхүү яриа өндөрлөсөн боловч би үргэлжлүүлэн бодсоор яваа нь энэ билээ. 

Ажил, бизнесийн хүрээнд хэр их эможи хангалттай вэ? Энэ талаар ярилцах нь чухал сэдэв мөн үү? гэх мэтчилэн олон зүйл бодсоор. 

Би ер нь хоолны үеэр болсон яриаг хэрэв миний career coach-ийн клайнт асуусан бол би яаж хариулах байсан бэ? гэж үргэлж зүйрлэдэг юм. 

Ихэнхдээ C төвшиний хүмүүс coach хийж ирсэний хувьд хамгийн эхлээд эдгээр хүмүүс ажил дээрх эможиний хэрэглээний тухай асуусан бол би юу гэж зөвлөх байснаа эргэцүүлэв. 

Мэдээж чухал асуудлын талаар харилцаж байгаа бол эможи огт хэрэглэхгүй байсан нь дээр. Ажлын имейлээр бол эможи огт хэрэглэхгүй байх нь илүү тохиромжтой гэж зөвлөнө. 

Харин slack гэх мэт хурдан чат маягийн хэлбэрээр бол чухам ямар сэдвээр, аль суваг дээр, ямар уншигч нартай харьцаж байгаагаас шалтгаалан C төвшиний хүн ч гэсэн ганц нэг эможи хэрэглэхэд асуудалгүй. Харин ч ажилтануудтайгаа дулаахан уур амьсгал үүсгэж, чөлөөт нээлттэй харилцааг үүсгэх нэгэн хөшүүрэг болно. Жишээ нь ажлын ой, баярууд, ямар нэг тэмдэглэлт явдалтай холбоотой бол эможийг харамгүй хэрэглэ. 

Ямар уншигч тухайн сувагт байгаагаас эможи хэр хэрэглэх вэ гэдэг хамаарна. Зарим жижигхэн старт апуудын (старт ап студиод ихээр тохиолддог) сувагт хөрөнгө оруулагч, зэрэгцэн үрлүүлсэн ах дүү старт апуудын хүмүүс байх нь бий. Ийм тохиолдол зөвхөн эможи ч биш чухам ямар мэдээлэл хуваалцах, хэрхэн хариулах зэрэгтээ маш болгоомжтой хандах хэрэгтэй

Эможи өөрөө нэг их том асуудал биш. Эможиний оронд мэдээлэл байсан бол хэрхэн хэнд очиж буйгаа сайн нягталж, утгаа зөв гаргасан эсэхээ давхар шалгахад буруутахгүй. Учир нь алсын зайнаас ажиллаж буй энэ цаг үед нэгэн орон зайд нүүр нүүрээ харж харилцах боломжгүй тул аливаа харилцааны утга алдагдаж, буруу ташаа мэдээлэл болон хүрэх нь ихсэх магадлалтай. 

Маш чухал асуудлыг эсвэл харилцаа нэг л буруу тийшээ явчих шиг болвол цаг алдалгүй утсаар эсвэл видеогоор харилцах цаг тохироод ярилцчихвал хэн хэнийхээ цагийг хэмнэсэн зөв шийдэл болно шүү. Тэр тусмаа бид нар шиг Англи хэл нь хоёрдугаар хэл болсон хүмүүст ажлынхантайгаа буруу ойлголцолд орох нь элбэг. 

 Утасны текст, мэссэнжэрээс болоод ажлын хүрээнээс гадуур хувийн харилцаанд ч гэсэн асуудал үүсчих гээд байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. 

Энэ миний дуртай эможи 😝




Sunday, December 6, 2020

Америкийн эрх чөлөө юундаа вэ?

Америкт мэргэжлийн ажил хийгээд даруй арав гаруй жил болжээ. Нэгээс бусад жилүүдийг Цахиурын хөндийн том жижиг техникийн компаниудад өнгөрөөсөн байх агаад гарааны бизнесийг үрлүүлэн суулгахаас эхлээд, мандан бадралтаар дамжин, мөхөж үгүй болохыг хүртэл үзэх хэмжээний туршлага хуримтлуулсандаа баярладаг. 

 Мэдээж бусдын жишгээр эхний ганц хоёр жил, хэл усаа сайжруулж, сургууль соёлын мөр хайнгаа "survival job" буюу манайхны хэлдгээр хар ажил хийснээ нуух юун. Хэлний төвшингөөр ямар ажил олдох шударга нийгмийн жишгээр кофе шопоор дагнаж ажиллаж байхдаа, хурдхан шиг "non survival job" буюу мэргэжлийн ажил хийж, өндөр шилэн оффист суухсан хэмээн мөрөөддөг байсан өчигдөр мэт. 

Америкт ажиллаж буй туршлагаасаа хуваалцаач гэж хүмүүс ихээр асуудаг. Тэр тусмаа гарааны бизнесийн талаарх асуулт байнга ирдэг. 

Харин энэ удаа хүн бүхний асууж бас яриад байдаггүй нэгэн сэдэв хөндөхийг хүссэн юм. Анх би энэ талаар 2016 онд бичиж байснаа дахин сийрүүлэн бичихээр шийдлээ. 

Ажиллаж байсан газруудын тавиас дээш хувь нь шинэ ажилтануудыг ажилд орсон эхний өдрөөс эхлээд бүтэн гурван өдөр 24 цагийн тусгай хичээлд суулгана. Шинэ ажилтан болж буй би бас тэдэнтэй хамт суусан нь ойлгомжтой. 

Тэрхүү training буюу дадлага нь миний хийх ажилтай огт хамаагүй бөгөөд ажлын байрны хүчирхийлэл, дарамтлалтай холбоотой хичээл байж таарна. 

Зарим байгууллага гаднаас тусгай бэлтгэгдсэн багш урин авчирч заах ба бүр шалгалт авна гээч. Бусад газрууд худалдан авсан програмчлагдсан хичээл байх зэргээр төсөв хөрөнгөөсөө шалтгаалан хэлбэр өөр ч агуулга адил сургалт явуулдаг. 

Жишээ нь ажилтан "А" богино даашинз өмссөн байхад гар хүрэх нь байтугай ямар нэгэн байдлаар айлгүйтсэн, өдсөн үг хэлж болохгүй гэх жишээний.

Энд ажилд авах, ажлын орчин, соёл гээд бүх зүйл нь монголоос газар тэнгэр шиг ялгаатай санагдаж билээ. Монголд одоо өөрчлөгдсөн ч байж мэднэ. Би зөвхөн өөрийн туршлага дээрээ л суурилан бичиж байгаа гэдгийг ойлгон уншаарай. 


Ажиллаж байсан ихэнх компанийн нэгэн "соёл" нь ямар ч ажлын байрны дарамтгүй ажиллуулах. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлэхэд илүү амар болгож өгч байна гэсэн үг.

Аль ч оронд ажлын байрны дарамт хүчирхийлэл их багаар байдаг ба сэтргэл санааны, үг ярианы, арьс өнгө, хүйсээр ялгаварлах гээд олон төрлийн дарамт бий. Эдгээрийн дотроос хамгийн их тохиолддог нь сексийн хүчирхийлэл аж.

Харин энд ажилд ороход ч орсон хойно ч хэн ч чамайг "оролдож" зовоохгүй. Хэрэв өчүүхэн төдий тийм үйлдэл гаргавал тухайн хүн маш том асуудалд ороод зогсохгүй халагдаж дуусах нь элбэг. Компанийн эзэн, мундаг ажилтангаас эхлээд хэн бугайд ч ямар ч тушаалын ажилтаныг дарамтлах эрх байхгүй. 

Харин та ажил дээрээ өөрийнхөө эрхийг мэддэг, айлгүй дуугардаг, санаа оноогоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн ажлын байрны дарамтанд учирсан бол тэр асуудлаа байгууллагынхаа HR буюу хүний нөөцийн албанд яаралтай мэдэгдэх нь зөв алхам болно. 

Тэр ч байтугай дарамтанд орсон эсэхээ ялгаж мэдэхгүй үед хүний нөөцийн албаны хүмүүстэйгээ уулзаж зөвлөгөө авах ёстой. 

Яагаад Америкийг эрх чөлөөний орон гэж нэрлэдэгийг хүмүүс олон янзаар тайлбарлах байх. Миний хувьд Америкийн эрх чөлөө гэдгийг мэргэжлийн ажил хийж эхэлсэн цаг мөчөөс л шууд мэдэрсэн. 
 
Учир нь өнөөдөр би аль нэг дарга намайг чангаах болов уу гэсэн айдасгүй, хэн нэгэн замын цагдаа алдаагүй байхад зогсоож, торгох гэж хоргоох болов уу гэсэн түгшүүргүй, аль нэг шатахуун түгээх газар нь дутуу түлш шахах вий гэсэн хардалтгүй, тушаал дэвшихийн тулд дээд эрх мэдэлтэнтэй хамт амралтанд явах дарамтгүй амьдарч байгаадаа баярладаг. 

Бас нэгэн миний дуртай Америк эрх чөлөө бол чи шилдэг сургууль төгсөөгүй ч, тухайн мэргэжлийг эзэмшээгүй ч өөрөө тэр ажлыг сайн хийгээд, туршлага хураасан бол энд ямар ч салбарт юу ч хийгээд явах өргөн боломжтой. 

Харин хэний ч итгэлийг алдаж болохгүй. Яагаад гэвэл жинхэнэ Америк эрх чөлөөг эдлэхийн тулд итгэлцэл дээр орших бизнес бүрийг хүндлэлж, усыг нь уувал ёсыг нь дагадаг эрхэм Монгол чанараа хүний газарт гээлгүй хуулийг нь сахин биелүүлж явахад Америк эрх чөлөөний амт аяндаа амтагдаад ирэх болно оо. 

Friday, December 4, 2020

Тахалтай өдрүүдийн тэмдэглэл буюу хөөрхий хараал идсэн 2020 он



 Хэн, юу хамгийн чухал вэ гэдгийг ой тойнд ортол ойлгуулж өгсөн 2020 он! 

Хаана, хэнтэй байгаагаа нэг хар даа?

Хааяа цэвэрлэхээс төвөгшөөдөг ч бидний дулаахан гэр орон, өрөөгөө цэвэрлэж, хувцасаа эвхэхгүй хэмээн үзэж таран уур үе үе хүргэдэг бүлтгэр сахилгагүй үрс, заримдаа зөвхөн намайг юм хэлэхэд сонсгол нь муудсан мэт дүр эсгэдэг, торгон нарийн мэдрэмжгүй хэмээн надад загнуулдаг ч омог бардам монгол бүсгүйн учрыг олох гэж бөндөгнөдөг хань ижил, хэд хоног чимээ тасрангуут араас хайж сурагладаг сайн найзууд...

Бүхнээс илүү хайрлах учиртай, энгийн энэ л хэдэн хүмүүс чамд ямар их хэрэгтэй бөгөөд чухлыг мэдрүүлсэн бас хүн төрөлхтөний хараалыг идсэн хөөрхий 2020 он. 

Яг л зөгнөлт кино, зохиолд гардаг шиг, санаанд багтамгүй, цоо шинэ амьдралын хэвэг маягт орсоор ес дэх сардаа орж байна. 

Угаас нүүдэлчин хүний цустайдаа тэр үү, би харьцангуй хурдан шинэ амьдралын хэв маягтаа дассан зохицов. Тэгсэн ч lock down-аас хойш яг 3 сарын дараа бол бас л эвгүй болдог юм билээ. Над шиг хэт сошиал биш байсан хүнд хэцүү өдрүүд тохиолдож байхад бусад хүмүүст ямар байсан нь ойлгомжтой. 

Ямар хүүхэд байсан шигээ хөлөө жийж суугаад уйлалтай нь биш, үр хүүхэддээ үлгэр жишээ үзүүлж амьдрах эх хүний үүрэгтэй тул орчин нөхцөлдөө зохицож, аль болох гэр бүлдээ өгөөжтэйгээр амьдралын хэв маягаа өөрчлөх гэж оролдсоор явна даа. 

Биднээс үл шалтгаалах нөхцөлд уян хатан хатаж, гэр бүлийн дүрмээ тухайн байдалд тохируулан өөрчлөх нь хамгийн үр дүнтэй аж. 

Амьдрал хэвийн байхад гомдоллодог байсан зүйлсээ жагсааж бичиж байгаад л гэртээ перестройка хийх шахав. 

Ажилдаа ирж очих замд хамаг цагаа зарцуулаад хүүхдээ өдөр өнжүүлэхээс эрт авч, цагийг хамт өнгөрүүлсэнгүй гэж өөртөө сүрхий асуудал үүсэгдэг байсан чамд өнөөдөр цагнаас их юм алга, одоо тэгээд хамт гоё байгаач гэж Шагдар машиныхаа толинд өөртэйгөө ярьдаг шиг юм болов. 

Бас нөхөртэйгөө болзох цаг байхгүй хэмээн уйлах шахдаг байсан хүн, хүүхдээ эрт унтуулчихаад том өрөөндөө болзох нь чамгүй романтик гэдгийг баталж чадах нь тэр. 

Хүний сэтгэлгээ гээч бололцоо нөхцөл муу, хавчигдмал байх тусам илүү ажилдаг ч юм шиг. Ингээд цувуулан янз бүрийн хөгжилтэй арга зам нээх бүрт гэр бүлийн уур амьсгал улам сайжирч ёстой л нөгөө bonding гээч зузаардаг болох нь хэдэн долоо хоногийн дараагаас мэдрэгдэж эхлэв. Хүнсний дэлгүүр явах ганц нэгэн цагийн зайнаас бусдаар 24/7 хамт байгаа нөхдүүд bond (харилцаа зузаарах гэх үү дээ?) болж байна гээд бодоод үз л дээ. Өмнөх жирийн амьдралын үед бол ингэж олон сараар гэр бүлээрээ 24/7 хамт байсан бол би л лав хэдэнтээ тэсэрчихсэн байгаа. Цочмоор ч юм шиг, бахархмаар ч юм шиг, сонирхолтойгоор эвтэй найртай нэг дээврийн доор амьдраад байгаа нь тун чиг гайхалтай. 

Хосууд хоёулаа гэрээсээ ажиллаж, хүүхдүүд гэрээсээ суралцаж байгаа үед бие биеийнхээ орон зайг хүндлэх их чухал юм билээ. Хүүхэддээ ч гэсэн хувийн орон зайг нь бүрдүүлэн өгч, өөрийн гэсэн цаг хугацааг олгох нь маш чухал. Хүүхэд ч гэсэн хүн л юм хойно ганцаараа эсвэл найзтайгаа харилцаж сэтгэл санаагаа цэгцлэх нь ийм үед зайлшгүй шаардлагатайг мартаж болохгүй. 

Мэргэжлийн хүний туслалцаатайгаар бас нэгэн шинэ санаа гэр бүлдээ нэвтрүүлсэн нь оройн хоолон дээрээ ч юм уу, хамтдаа байх өдрийн нэгэн цагт гэр бүлийн гишүүд бүр feeling буюу сэтгэл санаа чинь өнөөдөр ямар байсныг уудлан ярилцах. Хүүхдүүдэд үүнийг том хүн шиг ярих хэцүү байдаг бол эможи ашиглан өөрийгөө илэрхийлэх арга байдаг. 

Энэ дасгалыг өдөр бүр хийж заншил болгосноор хэн нэгэн нь ямар мэдрэмжтэй, юунд санаа зовж байгаагаа хуваалцах алтан боломж мэт санагдсан төдийгүй дутуу харилцаж, биесээ буруу ойлголцохоос сэргийлэх вакцин мэт сэтгэгдэл төрүүлсэн. 

Агаар салхинд алхаж, дугуй унахаас бусдаар амьдрал ерөнхийдөө гэр дотор өрнөж байгаа тул гэр орноо тав тухтай байлгах тал дээр гар таталгүй зарцуулах жил бол энэ жил яах аргагүй мөн.

Америкт байшингийн үнэ унаагүй ч зээлийн хүү маш багад орж буй жил тул байшин сав авах жил мөнөөсөө мөн. Одоо ашиг нь харагдахгүй ч, олон жилдээ хожиж байгаа хэрэг хэмээн мэргэжлийн хүн зөвлөсөн юм. 

 Байгаа орон гэрээ тохижуулж, аль болох тав тухтай орчинг бүрдүүлэх цаг яах арагүй энэ жил. 

Миний хувьд материаллаг зүйлд мөнгө үрсэний оронд туршлаганд (аялах, зугаалах, шинэ содон хоолтой танилцах, ямар нэг activity хийх) мөнгө зарцуулах зорилготой байдаг тул эхэндээ энэ санаа нэг их сэтгэлд нийцсэнгүй. 

Сонирхолтой нь хэсэг өөрчлөлтийн дараа өөрийн эрхгүй таалагдаж, нэгэнт өнөөдөр хүссэн хэмжээгээрээ гэрээс гадуурх туршлагыг аюулгүй, тайван эдлэх боломжгүй тул гэрт хийсэн өөрчлөлтүүдээс таашаал авч эхэлж буйгаа мэдэрч эхлэв. 

Хамгийн сүүлд дурьдахад хэдийгээр амьдралын хэв маягаа өөрчилсөн ч аль болох routine-тай, өөрөөр хэлбэл цагийн багцаалсан хуваариа алдахгүй байх нь амьдралын чанарыг алдагдуулахгүй байх сайн талтайг санахад илүүдэхгүй. 

Нэгэнт тохиолдсон "гайг" арилгаж чадахгүй ч, би юу хийж чадах ёстой вэ гэдгээ ухамсарлан, өөрийгөө болон бусдыгаа хүндэтгэн хөөрхийлөлтэй хараал идсэн 2020 оноо итгэл, найдвараа алдахгүйгээр үдэж, сайн сайхан мөрөөдлөөр дүүрэн 2021 онтойгоо золгоцгооё. Дараагийн нэг зуун жил биш хоёр зуун жилдээ энх сайхан дэлхий минь цар тахлаас холуур байх болтугай! 

PS: Би шинжлэх ухаан, вакцин, ардчилал, найдвартай эх сурвалж бүхий data-д итгэдэг хөөөн. 

Friday, September 18, 2020

Бороотой нулимс

 Бороо орохтой зэрэгцээд би уйлж орхилоо. 

Түүхэнд болж байгаагүй их гал түймэр хэдэн өдөр ойролцоо ноцож, дэлхийд агаарын цэврээрээ үргэлж эхний хэдэн байранд жагсдаг орвонгоороо эргэж, өдөр шөнө нь үл мэдэгдэх утаан манан дунд -дэлхий дээрх номер нэг агаарын бохирдолтой газар бүтэн долоо хоног амьдарч байгаадаа итгэн ядаж байтал, түгшүүртэй цахилгаан цахиж, аймшигтайгаар тэнгэр нүргэн дээрээс бороогоо хайрлах нь тэр ээ. Аз. 


Бүх зүйл төлөвлөсөнөөр үргэлжлэх амьдрал гэж байх биш, яг хорио цээр тавигдахын өмнөх өдөр олон жил амьдран дассан хайрт хотоо орхин шинэхэн мужийн нэгэн жижигхэн хот руу манайх гэдэг айл нүүх болсон юм. 


Эхэндээ ч бараг илүү аюулгүй ч юм шиг. Ямар таньж мэдэх айл амьтан байх биш, хүнтэй уулзаж учрахгүй зүгээр ч юм шиг. 

Түр зуурын бяцхан гэртээ хэдүүлээ аль болох өдрүүдийг завгүй бас хөгжилтэй өнгөрөөх маягаар болоод л байлаа. 

Гай дээрээс гай гахай модон дотроос гэдэг шиг тахал энэ тэр гэж ядаж байхад их захгүй гал түймэр гараад ирэхдээ яахавдээ. 

 Хорт утаанаас болоод гэрээсээ толгой цухуйлгах аргагүй болон хэд хоноход үнэхээр охиноо маш ихээр өрөвдөв. Гадаа огт гарч чадахгүй, хаалга цонхоо нээх аргагүй байна гэдэг бол дотор бачуурмаар муухай явдал байдаг юм байна. 

"Тунгалаг Тамир"ын "хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" гэдгийг хашхирмаар. 

Охин маань илүү ч үгүй дутуу ч үгүй 120 хоног нэг ч хүүхэдтэй биеэрээ уулзан тоглох боломж олдоогүй байна гээд бод доо. Түр зуур амьдарч байгаа энэ газар хэдийгээр Covid-ийн тархалт бага байгаа ч энэ жижиг хотын хүмүүс маш өндөр болгоомжтой, бүх протоколыг дагаж байгаа тул хэн ч хүүхдээ танихгүй шинэ хүүхэдтэй тоглуулахгүй байх нь ойлгомжтойн дээр ойр хавийн хөршүүдэд ойролцоо насны хүүхэд ер орж гарч байгаа нь харагдахгүй аж. 


10 хоногийн өмнө тоглоомын талбай нээгдэж аавтайгаа хэд хэдэн удаа, танилцаж тоглох хүүхэд бараадах санаатай очсон ч байгаа хэдэн хүүхэд нь хоёулаа эсвэл хэсэг бүлгээрээ хамт байх тул хүүхэдтэй танилцаж хамт тоглох хүсэл нь бүтсэнгүй гунигтайхан гэртээ ирэв. 


Хүүхэддээ аль болох өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлан, энэ бол түр зуурын амьдралд тохиолдох нэгэн даваа гэдгийг ойлгуулах талын яриа үе үе өрнүүлж, дотроо ямар ч байсан амьдралын хэцүүг даван туулах хатуужил олгож байна хэмээн өөрийгөө тайвшруулж явсаар өнөөдөр өөрийн эрхгүй би уйлчихлаа. Охиноо харчихвал санаа нь үймэрнэ гээд нуугдан байж чимээгүй хэдэн нулимс унагалаа. 

Өөрийн шийдэж чадахгүй, миний хяналтаас гарсан нөхцөл тул хүлээн зөвшөөрч, эвлэрэн амьдрахаас өөр арга үгүй. Юутай ч ажлын цагаа эрс багасгаж охинтойгоо өнгөрөөх цагаа нэмэх боломж байсан  нь яамай. 

Үүнээс доор зүйл тохиолдсон бол яах билээ гэж бодохоор аяндаа сэтгэл онгойдог юм. Эрүүл энх, хамтдаа, эвтэй найртай байхад аяндаа учир нь олдоно гэсэн найдвараа алдахгүй ээ. 


Хэрэв уншигч танд ч гэсэн таны хяналтаас гарсан хэцүү зүйл тохиолдсон бол, энэ айхтар цар тахлын үеэр стресдэж байгаа бол нэг сайхан гүнзгийхэн урт амьсгаа аваад энэнээс илүү хүнд хэцүү зүйл тохиолдсон бол яах вэ гэж бодчихоод, сайн сайхан бүхэн удахгүй ирнэ гэдэгт итгээрэй бас найдаарай. 





Thursday, January 9, 2020

Мөнхийн гуниг ба хүүхдүүд нь хол амьдардаг бүх Монгол ээж нартаа зориулав

Багахан чөлөөт цаг гарангуут хамгийн эхлээд ээжийгээ л их санах юм даа. 
Цаг хугацааг "чи эндээ байж бай" гэчихээд бушуухан ээждээ очоод ирэх юмсан. 

Ойрхон амьдарч байсан бол ээжийгээ санах ч ухаангүй өөрийн ажил амьдрал, замын түгжээндээ завгүйрээд өдөр хоног хэрхэн салхины хурдаар өнгөрч буйг мэдрэх сэхээгүй явж байх байсан болов уу? 

Нэг мэдэхэд 2020 он гарчихсан, эхний сар дундаа орчихсон явна. Эргээд бодоход өдөр, сарууд хаашаа одов гэмээр авч, яг үнэндээ өдөр бүрийг үр бүтээлтэй, үгүй гэхэд одоодоо амьдарч өнгөрүүлсэн тул харамсах өчүүхэн бодол үгүй нь таатай. Ганцхан, ердөө ганцхан гомдол бол ижийтэйгээ ойрхон байсан ч болоосой гэх өнөөх "чанадад амьдрагсадын" байнгын бөгөөд шийдэхэд амаргүй "мөнхийн гуниг". 

Эд материал, мөнгө эдлэгдэж хэрэглээд дуусах тул ээждээ холоос барих үлдэж хоцрох өчүүхэн бэлэг бол хүн шиг амьдарч яваагаа дуулгаж, хайртай ээждээ өгөх сэтгэлийн амар амгалан юм уу даа? 

Ээж ээ, охин нь өөрийнхөө эрүүл мэндэд сайн анхаарч байгаа. Таны захидгаар хүн бүртэй эвийг эртнээс эрхэмлэж, чаддаг мэддэг зүйлээрээ хүмүүст тусалсаар яваа. 

Нөхөр минь надад дэндүү хайртай хэвээрээ надад ямар нэгэн дарамт, сэтгэлийн зовлон байхгүй, гэр бүлийг ямар нэгэн хүчирхийлэлгүй, найрсаг сайхан, эрүүл харилцаатай чигээрээ байгаа. Хүүхдээ би сайн асарч, яг л таны хэлдгээр өөрийн биеэр үлгэр дууриал болохыг өдөр бүр өөртөө сануулан амьдарч байгаа шүү. 

Хэтэрхий олон цагаар ажиллахаа больж ажил, ар гэрийн амьдралаа сайн тэнцвэлжүүлсэн тул та минь санаа зовох хэрэггүй болсон. 

Тэнгэр болоод сэтгэл тань бүрхэг өдөр тохиовол охин нь хэрхэн хүссэнээрээ, үнэхээр сайхан амьдарч байгааг санан инээмсэглээрэй. Таны минь ганцхан инээмсэглэл надад бүтэн сардаа хэрэглэх түмэн зөв энергийг өгдөг юм аа. 

Харин ээж минь та амласан ёсоороо эрүүл хүнс хэрэглэж, сайн унтаж, дасгал хийж, юманд санаа зовохгүй тайван байгаа биз дээ?  

Нэг л өдөр учран золгох мөч ирсэн байх тул тэр хүртэл хоёр талдаа биесээ сайн тордож, өдөр бүрийг аз жаргалтай, байгаа бүхэндээ талархаж өнгөрөөе. 

Яг л хоёулангийн уриа үг мэт өдөр бүрийг "сэрсэн ч үхсэн шиг сэргэлэн болжмор шиг жиргэж" өнгөрүүлнэ шүү! 

Өнөөдөр л охин нь ээжийгээ санаад уйлчихлаа. Хааяа уйлах сэтгэл онгойлгодог гэж та өөрөө хэлсэн биз дээ? 

Би чинь ээж таныхаа гал халуун насны үргэлжлэл, гүйцэлдүүлээгүй мөрөөдлийг тань бүрсгэж яваа бүтэн зорилго ... 

Ээждээ сөгдөн мөргөе!