Энэ тухай бичиж үлдээхийг бодсоор хоёр жил өнгөрчихжээ.
Хэдийгээр нарлаг Калифорниад амьдардагч, өмнөдөө бодвол манай амьдардаг хойд Калифорниа өвлийн амралтын үеэр целсийн 10 градус хүрэх өдрүүд байна. Нэмэх 10 ч гэлээ бидэндээ хүйтэн өвөлд орно. Нөхөр маань аль болох цастай газар өвлийн амралтаа өнгөрөөхийг илүүд үздэг бол би эсрэгээрээ халуун дулаан газар зорихыг хичээнэ. Нэгэнт гэр бүл болж амьдарна гэдэг дундаа уулзаж, аливааг тэнцүүлэхэд оршдог тул хоёр нэгийн харьцаатайгаар амралтуудаа хаана өнгөрөөхөө шийдэж байхаар тогтсон юм. Хоёр дулаан газар, нэг цастай газар гээд ээлжлээд явна гэсэн үг.
Миний насан туршдаа хэзээ ч, яагаад ч мартагдахгүй нэгэн үйл явдал, 2023 оны өвлийн амралтаар болсон юм. Яг он солигдож, 2024 он гарах мөч.
Тэр өвлийн амралтыг бид гэр бүлээрээ Мексик улсын Канкун хотод өнгөрөөж байлаа. Ибизеро стар амралтын газар нь номин цэнхэр далайн эрэг дээр байх агаад, гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүст илүү тохирсоноороо алдартай аж. Эхлээд араай хямдыг нь сонгож захиалсан газар, залуу хүмүүсийн цэнгээний төв мэт замбараагүй, согтуу хөлчүү улсууд байсан тул, нөхөр маань хэдэн доллар хэмнэх гэсэн алдаагаа дор нь засаж, дараагийн газраа хурдхан сонгов.
Эхний газар, мөнгө буцаан олгохгүй энэ тэр гэж бас хаа газар хааяа нэг тохиолддог новшийн зан гаргаж, сүүлдээ Англи хэл ойгохгүй дүр эсэгсэн гээд бод.
Гэтэл тухайн үед дунд сургуульд ч ороогүй байсан охин маань, шууд Спаниар ярьж, бүхнийг тайлбарлаад, бүх асуудлыг нүд ирмэх зуур шийдчих нь тэр.
Он гарах үйл ажиллагаатай холбоотойгоор хэдэн өдөр янз бүрийн гоё арга хэмжээнүүд болсоор байлаа. Яг 31-ний орой, зөвхөн томчуудад зориулсан арга хэмжээ хамгийн том дотор диско зааланд болж, харин гадаах том стадионд нь гэр бүлээрээ амарч байгаа хүмүүст зориулсан, бүх насны хүүхдүүд оролцож болохоор тасархай парти болов. Хүү маань нас нь бага байсан тул, оройны 7 гээд аавтайгаа амархаар явлаа. Охин маань ээждээ хань болон үлдэж, эхэндээ шоуг сонирхон зүгээр л үзэж байснаа, сүүлдээ ээжтэйгээ хамт бүжиглэж, бид хоёр инээлдэн хөгжилдөөд үнэхээр сайхан байлаа. Тэгээд яг он гарахын өмнө тоолол хамт хийсэн мөч санаанд минь гүн тод үлдсэн байна. Тэр мөчийг бодох бүр, сэтгэл бүлээсч, инээмсэглэл тодордог.
Farruko Pepas тоглож байх үед, хөтлөгч бид хоёрыг тайзан дээр гарч бүжиглэхийг урьсан болоод ч тэр үү, эсвэл охинтойгоо хамт анх удаа шөнөжингөө бүжиглэж, инээлдэх ховор завшааг тохиосон болохоох ч тэр үү, тэр мөчөөс хойш одоо хүртэл энэ дуу миний хамгийн дуртай дуу болон хувирсан юм. Дууг сонсох бүр охинтойгоо хуучин оноо үдэж, шинэ оноо угтсан мөч өчигдөр болсон мэт мэтгэгдэл төрдөг.
Охин : ээж ээ, таны хайртай дууны үг хүүхдэд тохирсон үгтэй биш шүү дээ гэж хэлээд жуумалзахыг харахад, ээжтэйгээ шинэ он солилцохыг тоолсон мөчдөө хайртай байдаг нь харагдсан юм.
Үр хүүхэд, гэр бүлээрээ хуучин ондооо баярласнаа илэрхийлж, шинэ оноо угтахад бэлэн. Шинэ ондоо эрүүл энх байж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийг л хүсэж байна даа.
No comments:
Post a Comment