Saturday, September 20, 2014

Халамцуухан би буюу бодит хошигнол

Жил бүрийн төрсөн өдөр бүхэн дурсамжтай. Ухаанд хоногшин үлдсэн хамгийн анхны төрсөн өдөр эгч нарын маань өнгийн харандаагаар урлан бүтээсэн урилгыг "захиргааны хашааны" бүх хүүхдүүдэд тарааж хийсэн төрсөн өдөр. Дөрвөн эгчтэйн хэрэг юу билээ дээ. Миний төрсөн өдөр бүрийг сүртэй сайхан тэмдэглэдэг байлаа. Нагац эгч Норжин, түүний нөхөр Дашка ахын бэлэглэсэн унтлагын хувцасыг аваад яасан их баярлаж байснаа би одоо ч мартдаггүй. Нагац ах, эгч хоёр маань "бэлэг өгөхөд урамтай хүүхэд шүү" гэж өхөөрдөөд л төрсөн өдөр гэлтгүй ирэх бүртээ надад гоёотой ирдэгсэн. 

Намайг 16 нас хүрч, иргэний паспорт авлаа хэмээн ганц ах маань тэвэр дүүрэн бэлэгтэй ирсэн жил өчигдөр болсон мэт санаанд тодхон. 

Арван жилд байхад дотны найз Өнөрмаа хэзээний миний төрсөн өдрийг "найруулчихсан", ангийн найз Сараагаар бялуу хүртэл хийлгүүлж бэлдчихээд намайг цочтол баярлуулна. Өнөрөөгийн гараас "АПУ"-гийн Оюундэлгэрийн гарт миний төрсөн өдөр шилжиж хамтлаг дуучдаар хүрээлүүлсэн нижгир хэмжээнд очно биз дээ. 


"Том" тэмдэглэж чадаагүй жил гэрт найзууд зочлон ээжийн хийсэн далайн байцаатай шөлийг амталж тухайн үеийн "Солонгос кино" маягаар тэмдэглэж өнгөрүүлсэнд тооцогддог байлаа. 


Энэ мэтчилэн миний төрсөн өдөр ямар ч байсан их бага хэмжээгээр амжилттай зохион байгуулагдсаар иржээ. 

Түрүү жилийн төрсөн өдөр нэлээд онцгойд орно. Учир нь удаан хамтдаа тэмдэглэж чадаагүй хайртай гэрийнхэнтэйгээ эх нутагтаа байсан болохоор тэр. Дээрээс нь хүргэн хүүгийн хүчийг "шоуменежер" Содбилэг ах харуулах нь тодорхой. 

Гэтэл энэ жилийнх яах аргагүй хамгийн онцгой нь боллоо. Зөвхөн миний гэсэн хоёр хүнтэйгээ даруухан хэрнээ дэндүү аз жаргалтай тэмдэглэсэн тул ... 

Намайг 9 сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлэн, ухаант үгсээрээ хүмүүжүүлэн өсгөсөн ижийдээ сөхрөн талархахгүй байхын аргагүй нь мэдээж. Шударга хэлэхэд ээжийг "хуваалцах" хүмүүс зөндөө байна. Бусад таван хүүхэд, тэдгээрийн үр сад бүгд надтай ээжийг минь булаацалдах тул ганцхан би өмчлөх эрхгүй. 

Харин хайртай нөхөр буюу ээжээс өөртөө намайг шилжүүлсэн халамжлагч ;
Миний хэвлийдээ ургуулж, мөөмөө хэдхэн хоног хөхүүлсэн ч намайг тоймгүй ихээр хайрладаг үр минь;
Дээрх хоёр хүн наддаа ганц. Надтай харамлалдах хэнбугай ч байхгүй шүү.
Тиймийн учир энэ хоёртойгоо өнгөрүүлсэн миний төрсөн өдөр гайхалтай сайхан. Хоёулаа ээждээ төрсөн өдрийн дууг солгой хоолойгоор ахин дахин дуулсан гэж байгаа. Охины хүсэлтээр лаагаа хэдэн ч удаа асааж унтраав. Зураг авахуулна гэж тооцон тогос шиг гоёж гоодоод гарсан ч би утсаа гэртээ, нөхөр утсаа машиндаа орхиод, аппаратаа асаагаад дарах гэтэл цэнэг нь дуусаад паг. "Тархиндаа зураг ав" гэж нөхөр хэлдгээрээ хэлэв. Би бага зэрэг урвайх гэснээ өөдөөс инээмсэглэх том жижиг царайг хараад чадсангүй. 

Хүн болж төрсөний хэргийг хийсэн мэт, өөртөө бэлэг авч өгмөөр ч юм шиг сэтгэл хөвөлзсөн өдөр өндөрлөж байна. Хэн нэгний төрсөн өдөр тохиож буй бол баярын мэнд хүргэе. Эзэн Чингис эрхэм дээд баяр бол төрсөн өдөр хэмээн хэлсэн Өгөөдэй хүүгээ сайшаасан байдаг биз дээ. 00.00 цаг болохоос өмнө өөртөө бас дахин баяр хүргэе.
Би халамцуухан байна. Ногоон цайнаас дээш халуухан юм хүртээгүй би жаргалдаа халамцчихаад сууж буй нь энэ ээ. 


No comments:

Post a Comment