Tuesday, February 23, 2016

Юу болоод өнгөрөв өө

Завгүй өдрүүд үргэлжилж байна. Ээжийг буцахаас өмнө амжуулах зүйлсийн жагсаалт нэмэгдэж аль хэдийн завгүй байсан хуанли маань улаан тэмдэглэлээр дүүрчээ. Тэдгээрийг нэгтгэн хүргэвэл иймэрхүү дараалал гарах нь :
1. 16 жил нөхөрлөсөн Япон найз маань эхнэр хүүхдийнхээ хамт ээлжит аялалаа хийгээд буцав. Томоёоши 2 жилд нэг удаа үүгээр ирж зочилдог юм. Хүүхэд байхаасаа энд ирж амардаг байсан болохоор үзэж харах юмнаас илүү дэлгүүр хэсэх зорилготой ирдэг. Энэ удаа 14 сартай хүүгээ бидэнтэй анх нүүр тулан уулзуулж манай охинтой танилцулах зорилготой иржээ. 2 жилийн өмнө манай охинтой уулзах гэж тэр холоос ирж байсан юм. Бид хоёрын танилцсан түүхийг товч доор дурдая. 

 Багануурыг моджуулах, цөлжилтийн эсрэг Ёкохама Их Сургуулийн төсөл дээр монгол талыг би ахалж,  Япон талыг Томо ахаласнаар бид хоёрын андын нөхөрлөл тэртээ 2000 онд эхэлсэн түүхтэй. Ямар ч хайр дурлалын түүх байтугай гар гараасаа ч хөтлөлцөж үзээгүй цэвэр андын үерхэл өнгөрсөн 16 жилд улам батжиж өнөөдөр гэр бүлийн найзуудын хэмжээнд хүрсэн гэхэд бахадмаар. 

Таёога нобосү соно күни ни ва ваташино нихонжин но томодачи га ирү (наран ургах зүгийн нутагт миний Япон найз амьдардаг ...  ) гээд л би Япон хэл дээр илтгэл тавьж, эхний таван байрт шалгаран Японд анх удаа явах эрхээр шагнуулж байсан юмдаг. Хаа байсан Ёкохамагаас Үцүномия хүртэл манай найз бусад төслийн найзуудын хамт машинаар ирж уулзаж байсан сайхан түүхээс эхлээд олон дурсамж бидэнд бий. 

Ингээд зочидтойгоо цагийг хамт өнгөрөөж байтал бүтэн долоо хоног өнгөрөв. 

2. Ямар нэг зүйл болохгүй бол лам, бөөгөөр явахын оронд сэтгэл зүйч дээр очих нь эндэхийн бас нэг соёл гээд хэлчихэд хэлсдэхгүй болов уу. Сэтгэл зүйчийн өгсөн даалгавараар "Хайрын 5 хэл" гэдэг номыг уншиж эхлэв. Ганцаараа унших мөрөөрөө уншихгүй ганц нэг гэрлэсэн найз охиноо бас уруу татаад уншуулж орхив. Энэ ном нь гэрлэсэн хүмүүст зориулсан бөгөөд чухал сэдвийг хөндөж, авууштай зөвлөгөө өгөх ажээ. Бямба гараг бүр сэтгэл зүйчдээ очиж юу сурсанаа шалгуулж, юу болохгүй байгаагаа ярилцана. Үндсэндээ тэвчээртэйгээр миний асуудлыг сонсох хүнд л мөнгө төлж байгаа гэсэн үг. Гэхдээ тэр хүн нь намайг сонсоод шүүмжлэх биш, хэрхэн яаж асуудлыг зөвөөр шийдэх арга замыг зааж өгнө. Бөөгөөс бол хамаагүй дээр гэж би ойлгодог. Номоо уншиж дуусахаар тусгай бичлэг оруулна гээд бодчихсон байгаа. 

3. Мэдээж ажилд цаг орно. Сүүлийн үед ажлаас гадуур ажилд их оролцох боллоо. Илтгэл тавигчдын групд нэгдлээ, ажил дээрээ цагаан сар тохиолдуулж баншны өдөрлөг зохиолоо, эмэгтэй Блүүмричерийн "Фаб" групд нэгдлээ, шинэ ажилд орсон хүнийг дэмжиж туслах зорилготой "бадди" боллоо гэх мэт. Тэдгээр дотроос хамгийн их таалагдсан нь гэвэл "фаб" цуглаанд өнөөдөр анх удаа би илтгэл тавьлаа. За ёстой онгирч байгаан биш шүү. Оюутан байхдаа ХИС-ийн уран илтгэгчээр шалгарч байсныг нотлох хүмүүс бий. Монгол хэлээр илтгэл тавих бол амархан. Харин би өнөөдрийг хүртэл англи хэл дээр хэзээ ч сэтгэл ханамжтай илтгэл тавина гэдэгтээ итгэдэггүй байсан билээ. Зөвхөн ганц нэг өгүүлбэр босож хэлэхдээ ч эмээж, ичдэг байсан юм. Өнөөдөр би "ажил, хувийн амьдрал хоёроо хэрхэн тэнцвэржүүлэх вэ" сэдвээр илтгэл тавьлаа. Анх удаа чичирсэнгүй, сандарсангүй, гацсангүй. Тэр ч байтугай хэд хэдэн хошигнол хэлж хүмүүсийг инээлгээд авав. Би өөртөө ч итгэсэнгүй. Дараа нь цуглаанд оролцсон хүмүүсээс баяр хүргэсэн мессеж ирэхийг хараад маш их аз жаргалтай байлаа. Хэзээ ч бүтэхгүй гэж бодож байсан зүйл ингээд бүтдэг байжээ. Бүх зүйл цаг хугацаатай гэдэг дахин нотлогдов.

4. Үснийхээ загварыг өөрчиллөө. Долоо хоногт нэг удаа хийдэг байсан ёгагаа 2 болгож нэмсээр нэлээд хэдэн сар болов. Өөртөө авч тэвчихгүй байсан ганц нэг юм худалдаж авлаа. 

Хэрэв чи хэн нэгнийг анхаарч, халамжлан амьдрах ёстой бол хамгийн эхлээд өөрийгөө анхаарч өөрийгөө хайрлах ёстой ажээ. Өөрөө өөрийгөө хайрлахгүйгээр бусдыг хайрлаж халамжилна гэдэг бол утгагүй асуудал байсан байна. Өөрөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байж гэмээнэ бусад хүмүүст анхаарал тавихгүй бол хэн хэндээ хэрэггүй зүйл болж өнгөрдөг аж. Бусад хүмүүст хань, үр хүүхэд, эцэг эх, ах дүү, ажлынхан, найз нөхөд гээд бүх хүмүүс орно. Өөрөө сэтгэл дутуу хүн өрөөл бусдын төлөө юм хийхдээ үргэлж стресдэж, нөгөө өгөх гэж буй сайн сайхан нь эсрэгэрээ болж очдог. Тэгэхээр би эхлээд өөртөө цаг зав гаргаж, өөрийгөө аз жаргалтай болгож байж бусдын төлөө зовох нь зүйтэй гэдгийг ойлголоо. 

5. Гэр бүлдээ цагаа зарцуулж байна, зарцуулсаар ч байх болно. 

 Манай найз охин надад ингэж гомдоллов "найз охидоороо уулзая гэхээр л чи дандаа гэр бүлийн цаг гэх юм, би ч гэр бүлтэй ч ш дээ" гэж ...  Би үнэхээр амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөх дуртай. Охин маань Даваа гарагаас Баасан гарагийн хооронд бүтэн өдөржин цэцэрлэгт явдаг. Долоо хоногийн 2 орой би охиноо унтахаас өмнө ирвэл их юм. Зарим өглөө би унтаж байхад нь гараад унтаж байхад нь ирдэг. Хагас бүтэн сайнд бие биенээ саначихсан амьтад байдаг. Дээрээс нь нөхөр бид хоёр их сонин. Бүх зүйлийг хамтдаа хийх сонирхолтой. Хэдийгээр хоорондоо муудалцсан байлаа ч хүнсэээ хамт цуглуулна, хүүхдээ хамт авч гарна, юмаа ч хамт угаах гэх жишээний. Ажлын өдрүүдэд олигтой ярилцах ч зав гарахгүй тул яалт ч үгүй амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрөөх хэрэгцээ, хүсэл давамгай тул найз охидын уулзалтыг бусад өдөрт шилжүүлэх болдог.

6. Дараагийн долоо хоногт ээж буцах ба зөрөөд хадам дүү гэр бүлээрээ Европоос зочилно. Манайд байрлахгүй ч бас л завгүй өдрүүд үргэлжилнэ гэсэн үг. Маргааш өглөө эрт Ашлийг (ажлын найз) онгоцны буудалд хүргэж өгнө. Буудалд ойр тул машинаа манай гаражид үлдээх юм. Маргааш компанийн 7 жилийн ойг тохиолдуулан онцгой дэгжин, өвөрмөц хувцаслах ёстой. Хуримын даашинзаа өмсөөрэй гэдэг санал авсан ч надад өөр нэг өмсөх даашинз бий :) 


За нэг иймэрхүү зүйл хийж байтал цаг гэдэг урсаад өнгөрсөн байна даа. Авах зүйл байвал аваад хаях зүйл байвал хаяж уншина биз дээ. Би зүгээр л бичих дуртай болохоороо л бичдэг юм шүү дээ.  

2 comments:

  1. Gary Chapman - The 5 Love Languages сонирхолтой бүтээл. Өнгөрсөн зун уншиж байснаа гэнэт санав. Тэр тухай бичлэгийг нь тэсэн ядан хүлээж байя.

    Өөртөө хайртай байх, өөрийгөө арчлах гэдэгтэй бол санал нэг байна. Харин хэтрүүлж болохгүй юм билээ.

    Англи хэл дээр илтгэлээ амжилттай тавьсанд нь баяр хүргэе. Мундаг!
    Нэг шат ахисан гэдгээ хүлээн зөвшөөрөөд дараагийн шат руу зоригтойгоор алхаж эхлэх болжээ.

    Төгсгөл бол гайхалтай. Дуртай зүйлээ хийхээс өөр илүү сайхан зүйл юу байх билээ. Би харин бичих биш бодох л дуртай бололтой. Зөндөө их бодол санаа байгаа ч бичиж илэрхийлэхээсээ нэг л халгаад байх шиг...

    ReplyDelete
    Replies
    1. Frank, Frank баярлалаа. Сэтгэгдэл бичсэнийг мэдчихээд л баярлаал яваад байгаа. Хариу бичиж амжихгүй байдаг. Чамд бас нэг авъяас байгааг анзаараад л байгаа. Дараа бичнэ ээ.

      Delete