Sunday, November 12, 2017

Зурагтай анхны бичлэг буюу сахиусан тэнгэр



Франкийг дууриагаад зурагтай бичлэг оруулах их онгод гэнэтхэн төрөөд явчихав. Энэ зургийг өчигдөр авхуулсан юм. Санаанд ороогүй байтал нөхөр намайг энд зогсдоо гээд дарж өгөв. Миний зургийг барагтай авах "сонирхолгүй " мань хүн яагаад чухам өөрөө санаачлан ингэж авах сэтгэгдэл төрсөн юм бүү мэд. 
Тийм ээ тийм буюу манай охины хэлдгээр "тийм үү тийм" би үсээ тайруулчихсан. Найз охины хэлснээр юу ч бодолгүй зоригтойгоор үсээ богинохон болгосон юм. 

Үе үе сонин гажиг бас огцом өөрчлөлт хийдэг хүн л дээ. Гэхдээ энэ удаа бас шалтгаантай хийсэн юм аа. Би 5 жилийн өмнө бас бэлхүүс хүрэх шахсан урт үсээ тайруулж химийн тарианы улмаас үсээ түр алдсан хүмүүст зориулж хиймэл үс хийдэг газар өгсөн юм. Тэгээд энэ удаад бас адилхан газарт үсээ өгөх хүсэл төрсөн нь энэ. Сайн үйлс болоод зогсохгүй надад ч хэрэгтэй үйлс гэж итгэсэн хэрэг. 

Ямар ч өөрчлөлт надад орсон өөртөө итгэлтэй байх дотоод мөн чанараа хурцлах гэсэн миний санаа юм. 
Урт сайхан үстэй байна уу? Хачин богинохон үстэй байна уу? Би гэдэг хүн гадны өөрчлөлтөөс хамааран хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр хүчтэй, аз жаргалтай, өөртөө итгэлтэй байна шүү гэдэг сануулгыг өөртөө өгч буй хэлбэр. 

Бүсгүйчүүдийг, залуу охидыг юунаас ч үл шалтгаалан биеэ хайрлаж, өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Өөрийнхөө байгаа бүхэнд сэтгэл хангалуун сайхан амьдралыг бий болгох ид шид өөрт чинь байдаг. 
Чи хэн нэгний зан ааш, үйлдэлийг засаж, өөрчилж чадахгүй. Харин өөрийнхөө зан ааш, үйлдэлийг өөрөө хянаж өөрөө засаж чадна. Амьдралд хандах хандлагаа зөв залах чадвар зөвхөн чамд л бий. 

Аз жаргалыг өөр дотроосоо хайж олоорой гээд би дээр үед бичиж байсан даа? Өөр өнцгөөс харсан ижил санаа. 

Хүмүүсээс сайныг, амьдралаас сайхныг нь олж харан, талархалыг дасгалжуулсаар хэд хонолоо...Сахиусан тэнгэр болчихсон ч юм шиг нэг л сайхан санагдана. 

1 comment:

  1. “Орчин цагийнхан таагүй санагдсан л бол юм бүхнийг засаж залруулах гэж хичээдэг. Гэтэл бутанчууд сайн сайхан, муу муухай гэдэг зааг мэдэхгүй. Юу ч болсон амьдралын нэг хэсэг шүү дээ гэж ханддаг” гэсэн мөртүүд уншаад яг дээр бичсэн тухайд бодож байлаа. Бид ер нь дотроосоо өтөж, үнэр ордог болохоос гаднаа бол ямарч байдлаар өөрчлөлт орсон дасан зохицоод явдаг мэт санагдав!

    (Гоё зураг байна! Хааяа нэг зурагтай бичвэр оруулж байвал зүгээр юм :)

    ReplyDelete