Monday, February 5, 2018

Америкт аятайхан амьдарч, амжилтанд хүрэе гэвэл

1. Худал бүү хэл


Их, бага хэмжээгээр хэнд ч хэзээ ч бүү худал хэл. Яаж ч байсан мэдэгдэнэ. Бүх юм систем, логик дараалалтай тул худал хэлж өөрийгөө эвгүй байдалд оруулавзай. Хамтрагчийнхаа, даргынхаа итгэлийг нэг удаа алдахад таны ирээдүйн замд сайнаар нөлөөлөхгүй. 


2. Хууль дүрмийг дага


Хуурамч, хулхи үйлдэл нэг л өдөр баригдана. Хоёрын хооронд юман дээр хүнийг хуурч буй мэт боловч өөрийгөө хуураад хэрэггүй. Жишээ нь зарим хүмүүс карпүүл эгнээний дүрмийг байнга зөрчдөг. Тэр байтугай нэгэн хотын монголчуудын груп дээр хэрхэн хажуудаа хиймэл хүүхэлдэй суулган дүрмийг амархан зөрчдөг “алтан туршлага”-аа  оруулсан мэдээллийг хараад нүдэндээ итгэхгүй өнгөрч байсан юм. 

Карпүүл эгнээ нь 2 буюу түүнээс дээш зорчигчтой машин явдаг эгнээ бөгөөд утга нь олон машин тусдаа унаж агаар бага бохирдуулаагүйг чинь сайшааж хурдан явахыг тань дэмжиж байгаа бодлого. 

Энэ оронд сайхан амьдрах гэж ирсэн бол хууль дүрмийг нь дээдэлж байж л сайн сайхныг нь олж авна даа.


3. Хэлээ сайн сур


Гадаад хэлийг хамгийн хурдан сурдаг гурван аргын нэг орчинд нь амьдрах байдаг. Хэрэв Монголчуудтайгаа хамт ажиллаж, хамт амьдраад сурах орчин багадвал дараахыг хийгээд үз:

- Монгол нэвтрүүлэг байнга үзэхийн оронд Англи хэл дээр нэвтрүүлэг, кино үз.

- Монголоор ярьдаггүй хүмүүстэй цаг өнгөрөөх арга олох, найзлах. Жишээ нь сонирхолынхоо дагуу meet up goup -т оролцох, дасгал хийдэг хүмүүстэй нэгдэх, хүүхдийнхээ сургуулийн эцэг эхийн байгууллагад оролцож хүмүүстэй харилцах хүрээгээ тэлэх

- Номын сан, төрийн бус байгууллагад долоо хоногт нэг удаа сайн дурын ажил хийх


4. Туршлага хураа 


Ажил, амьдралын туршлага хураа. Туршлагыг үнэлдэг орон тул нэг зүйлийг маш сайн чаддаг байхад тэр чиглэлээрээ дээшээ ахих боломж маш их. Мэдээж сурах бас чухал. Гэхдээ туршлага боловсролоос дутахгүй шүү. Тэр тусмаа монголдоо боловсрол эзэмшсэн бол түүн дээрээ дөрөөлөөд туршлагаа нэмсээр байхад очихыг хүссэн түвшиндөө амархан хүрнэ. Амьдралын чинь төлөвлөгөө, нөхцөл байдалд нийцвэл юу хийх сонирхолтойгоо сонгоод сур. Сурахад хэзээ ч оройтохгүй гэж ярьдаг шүү дээ.



5. Өөрийнхөө төлөө зүтгэ 


Хүний төлөө амьдарч буй мэт сэтгэлгээтэйгээр Америк оронд хүссэн хэмжээндээ очтол сайхан амьдарна гэдэг юу л бол. Үе үе монголчуудаас маань илэрдэг “тэнэг их зан”, ego буюу биеэ хэтэрхий тоосон зангаа багасгахгүйгээр нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, бусдад хүндлэгдэн, өндөр амжилтын эзэн болно гэдэг тун чиг ховор. Бусдыг чамд тусалсангүй, ингэж дэмжсэнгүй гэж гомдоллохын оронд өөрийнхөө төлөө зүтгэ, асуу, араас нь сурагла. Энд хэн ч чиний араас хөөцөлдөхгүй. Чи л араас нь хөөцөлдөх хэрэгтэй. 


6. Шаргуу хөдөлмөрлө


Тууштай, шаргуу хөдөлмөрлөж чадвал өгөөжийг нь амархан амсах боломжтой орон. Хуучин чадвараа ашиглаж болно, шинэ чадвар нэмж олоод залхуурахгүй ажиллаад байвал мөрөөдөлдөө хүрэхэд ч харьцангуй ойрхон газар. Боломжийг бүү алд. 


7. Эрүүл бай 


Бие, сэтгэл, оюун санаагаараа эрүүл саруул байхын тулд бүхнийг хий. Тогтмол дасгал хий, эрүүл хоолло, тайван бай. Эрүүл мэндийн сайн даатгалд хамрагд. 


8. Үнэнч бай 


Ерөнхийдөө НЭГ, ХОЁРТОЙ холбоотой. Энд хувийн, хувьсгалын, том, жижиг бүх бизнес итгэлцэл дээр тогтдог. Тиймээс үнэнч байх маш чухал. Бидний ярьдгаар Америкууд юуг ч анзаараагүй мэт царайлдаг ч хэн ажлыг үнэн сэтгэлээсээ хийж байна гэдгийг аль хэдийн мэдчихсэн л байдаг.


Одоо ч бидний ирж байсан үеийг бодвол сайхан болжээ. Төрөл бүрийн сошиал медиа, груп, төрийн бус байгууллагуудаас хэрэгтэй бүх мэдээллээ олохоос гадна өөр хоорондоо нетворкинг хийх өргөн боломжтой, нээлттэй мэдээллийн цаг үе иржээ. 




9. Нэр хугархаар яс хугар 


Эхний таарсан Монгол хүний талаарх сэтгэгдэл ямар байна?  Бусдад яг тэгэж л ойлгогдох тул дотроо бодолтой амьдарч, эх орны нэрээ өндөрт өргөхгүй гэхэд муугаар хэлүүлэхгүй явцгаая. Өдөр тутмын амьдралаа зөвөөр залж, сайхан үлгэр жишээ болон амьдарч,  эх оронч сэтгэлгээгээ энд л гаргаасай гэж хүснэ. 




Найз

Чиний хувьд найз гэж хэн бэ? 

Багын найз, ажлын найз, гэр бүлийн найз, ганц найз, дотно найз, эгч дүүс шиг найз, багш-шавь найз гээд надад олон төрлийн найз бий. 
Тэдгээрийг ялгаж, дугаарлах аргагүй. Бүгд өөрийн гэсэн онцлогтойгоор хүний амьдралд тус тусын байрыг эзэлнэ. 

Чамайг бүдэрч явахад урам өгч,  "тийм хүн болно оо " гэхэд зүгээр л итгэн чадна аа гэж зоригжуулдаг,  асуудал гарвал юу ч бодолгүйгээр хуваалцдаг нэг тийм - чин сэтгэлийн найз та нарт бий юу? 

Ердөө гуравхан долоо хоногийн өмнө миний найз мөн ч юм шиг биш ч юм шиг хэмээн гайхширч байсан хүнийг би мөн ч дутуу таньжээ. 

Би зөндөө бодлоо. Дахин давтан бодлоо. 

Заримдаа хэнэггүй нь хэтэрчихсэн мэт санагддаг байсан тэр л найз минь сүүлийн хэдэн жилд нууцыг минь чандлан хадгалдаг, сэтгэлийг минь сонсож намайг тайтгаруулдаг, урам өгч намайг зоригжуулдаг, үнэнийг нуулгүй хэлж орхидог, миний төлөө чин сэтгэлээсээ баярладаг найз минь ажээ. 

Чи миний дотны сайн найз минь мөнөөсөө мөн шүү! 



Эмэгтэй найзад баймгүй нэгэн сайхан чанар энэ найзад минь бий. Хэзээ ч, ямар ч нөхцөлд хүн муулдаггүй. Хэдийд ч, юу ч боллоо гэсэн тэр ингэсэн, энэ тэгсэн гэж жижиг, том хов ярьдаггүй хүн. 

Биширмээр чанар. Би суралцах гэж мөн их хичээж байгаа. Ай даа бас амаа хамхих хэцүү шүү заримдаа. Ядаж ойр тойрныхоо хүмүүсийг "муулахаа" больчихвол учиртай. Холливуудын ховыг бол ярьсан шиг ярьж стрессээ харин ч нэг тайлахгүй бол болохгүй. 

Олон арван жилээр, болвол мөнхөд үерхэх BFF минь байгаарай. 





Friday, February 2, 2018

Гүүглий гүүглэр


Би ер нь Google Fangirl л доо. Арван хэдэн жилийн өмнө Гүүгл хэрэглэгчийн судалгаанд оролцож анх удаа кампус дээр нь очиж байлаа. Түүнээс хойш Gmail, Google hang out, Google Calendar,  Google drive (Google photo, Google map, Google doc) Youtube гээд Гүүглийн том бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч болсон юм. Сүүлд нөхөр Гүүглд цөөн жил ажилласанаар хэдэн удаа зочилж, дотоод нарийн ширийнээс бага сага мэдэрч Google Fangirl-ийн сэтгэлгээ улам батажсан түүхтэй.

Силикон Валлийгийн бүх л старт апууд Гүүглийг жишиг болгон компанийн  соёлоо хүртэл үүсэгдэг. Валлигийн хүн бүхэн л битүүхэндээ Гүүглий Гүүглэр болохыг мөрөөднө. Би ч хэдэн жил Валли рүү давхисных Гүүглд ажиллаад үзэхсэн гэдэг нухацтай бодол тээсээр бараг жил болох нь.

Ингээд би өнгөрсөн 11 сарын 21-нд зориг гарган Гүүглд орох аппликейшн бөглөж орхив.

Ингээд би судалгаагаа эхлэв. Жилд 2-3 сая хүн ажилд орохоор аппликейшн бөглөдөг, зарим хүмүүс цөхрөлтгүй янз бүрийн захидал шуудангаар үргэлж илгээдэг, ярилцлагын асуултууд бусад газрынхаас тэс ондоо, маш хэцүү гэх мэт маш олон мэдээллийг зөвхөн хайлтын системээр хэдэн арваар нь олдох боломжтой аж. Та бас хайгаад үзээрэй.

Youtube-ийн бичлэг, блог, нэртэй сонингууд дээр гарсан мэдээлэл, нийтлэл гээд миний судалгаа үргэлжилсээр нэг мэдэхэд он гарчихсан байв.

Гүүглд ажилд орох процессийг судлах тусам миний аппликейшн сонгогдохгүй нь улам тодорхой болж сүүлдээ бүр мартаж орхиод Мексикийн хойгт амархаар нисэж одлоо.

1 сарын 5-ны өглөө утсаа нээтэл "Хелло фром Гүүгл!" гэсэн имейл байж байдаг байгаа.

Tess, чиний resume их сонирхолтой санагдлаа. Эхний шатны утасны ярилцлаганд орохыг урьж байна. Энд дараад боломжтой цагаа сонгоно уу гэх маягийн миний таньдаг хүнээс ирсэн мэт дотно үгтэй имейл байв.

Би эхний ярилцлагыг ямар ч бэлтгэлгүй өгсөн ч азаар даваад гарчихав. Ганцаараа бараг л нулимс дуслууллаа.

Эхний ярилцлаган дээрээ дөрөөлж, судалгаагаа сэргээгээд галзуу хүн шиг л ганцаараа ярьж хэд хоног яс бэлдэв.

Ярилцлаганд бэлтгэх аргууд (илүү мэдээлэл хэрэгтэй, ярилцалаганд бэлдэх тадаар зөвлөгөө авах бол надтай холбогдож болно)

  • асууж болох асуултуудаа жагсааж хариултаа бичиж бэлдэх
  • хайлтын систем ашиглан боложтой бүх мэдээллийг судлах - хүмүүсийн бичсэн форум, ярилцлага, ярилцлагын дараах сэтгэгдэл гэх мэт 
  • тухайн компаниа маш сайн судална 
  • бэлдсэн бичвэрээ өөрийн болгохын тулд өөрийнхөө дууг бичиж эргэн сонсох маягаар алдаагаа засаж дахин дахин бичлэг хийж сонсох
  • найз нөхөд, гэр бүлийнхэндээ асуух асуултаа өгч харилцан ярилцаж бэлдэх 
Бидний хувьд Англи хэл эх хэл маань биш тул дуудлага, үгийн баялагаас эхлээд бэрхшээл их байдаг. Тийм учраас бэлтгэл зайлшгүй чухал. 

Өнөөдрийн Америкийн ажлын маркет дараах ерөнхий дараалалтай. Мэдээж тухайн байгууллагаас хамаараад зарим нь үүнээс олон эсвэл цөөн дамжлагатай байна. 

  • Эхний ярилцлага буюу initial phone screen
  • Утасны ярилцлага talent багийн ахлагч эсвэл program manager 
  • Ирээдүйн менежертэйгээ утсаар ярих 
  • Onsite буюу компани дээр биеэрээ ярирцлага өгөх (1-2 хүн, Гүүглийн хувьд инженер биш ажлын байранд дунджаар 3-5 хүнтэй нийт 4-5 цагийн ярилцлага)


Хоёр дахь ярилцлага илүү хүнд байлаа. Зарим асуултыг нь үнэндээ 100 хувь ойлгоогүй ч бэлдсэний хүчээр гацаж түгдрэлгүй давлаа.

Хэрэв энэ багийн бүх хүмүүст миний профайл таалагдвал дараагийн шат нь onsite буюу очиж биеэрээ хэдэн хүнтэй уулзах бүтэн өдрийн шахуу ярилцлага аж.


1. Тухайн хүний профайл, резүмэ таалагдвал  (нөгөө 2 сая хүн дотроос шүү дээ нэг ажилд багцаагаар 500 хүн гэсэн харьцаатай үздэг юм билээ) холбогдоно. Тэгээд эхний хүнд утсаар ярихдаа ер нь хүнийхээ хувьд боломжийн гэдгээ нотолж чадвал 2 дахь хүнтэй ярих магадлал гарна. Эхний хүн надтай ярьсан, өөрийн хийсэн судалгаа хоёроо нэгтгээд 2 дахь хүнд танилцуулна.
Эхний хүний судалгаа маш чухал бололтой. Энэ судалгааг ихэнх компаниуд хийдэг. Гэхдээ мэдээж Гүүгл өөрөө аугаа мэдээллийн уурхайн дээр, интернетийн хайлтын системээр тухайн нэр дэвшигчийн талаарх бүх л мэдээллийг олоод судалчихна. Тийм учраас сошиал медиагаар юу бичих, тэр ч байтугай холбоотой хүмүүс чинь ямархуу хүмүүс болохыг хүртэл судалчихдаг ажээ.
2. Хоёр дахь хүнд эхний хүний танилцуулсан нэр дэвшигч таалагдлаа. Ингээд надтай утсаар ярих явцдаа би чамд энэ ажил тохирно гэж бодож байна гээд түүнтэй холбоотой асуултууд бас асууна. Тэгээд ярилцлага амжилттай өгсөн нь андашгүй болно. Би чамайг багийнхаа хүмүүст танилцуулна. Хэрэв тэдэнд таалагдвал дараагийн шатанд урих болно.




Би ерөнхийд нь нэлээд товчилж бичлээ. Энэ хүртэл миний хийсэн дүгнэлт:
- Гүүгл үнэхээр хүний цагийг үнэлж чаддаг нь харагдсан
- Дээр дурьдсанчлан миний орох гээд байгаа тэр ажлыг би хэзээ ч хийж байгаагүй, туршлагагүй ч тэд миний давуу талыг тэр олон мянган хүн дотроос олж харсан

Гүүглд ажилд орохыг Харвардын их сургуульд тэнцэж орохоос ч хүнд гэж ярьдагийг би судалгаа хийх явцдаа олж мэдсэн юм. Хэрэв энд эртхэн ирсэн бол эсвэл энд төрсөн бол Харвардад суралцах байсан гэж хааяа "тэнэглэдэг"миний хувьд Гүүглийн ярилцлагын 2 шатыг давсан нь наддаа л чамгүй амжилт.

Одоо ямар ч газрын ярилцлагыг "энэ" шинэ чиглэлээр өгөхөд чөлөөтэй давах хэмжээний бэлтгэл, туршлага, энергийг Гүүгл надад өгсөн.

Хүний амьдралд тохиолддог зүйлст цаг хугацаа байдаг гэдэгт би улам итгэх боллоо. Мөн амьдралд тохиолдсон зүйлс ч тухайн хүндээ ямар нэг сургамж өгөх гэж тохиодог гэж би боддог.


Тэгээд би ямар санааг хэлэх гээд ингээд нуршаад байна вэ гэвэл өнөөдөр чамд ямар ч асуудал, даваа, бэрхшээл тохиолдсон байж болно оо. Хэзээ ч бүү шантар. Битгий гунигла. Өглөө болоод нар манддаг шиг чамд тохиолдсон бэрхшээл нэг л өдөр түүх болон үлдэж, чи зовлонг, амьдралын хатууг даваад гарчихсан л инээмсэглэж байх болно.

Амьдралд асуудал тохиолдсон үед талархалын дасгал хийх их хэрэгтэй юм шиг санагдсан. Би утсандаа Zest гэдэг аппаар тухайн өдөрт талархаж буй зүйлсээ бичиж байгаа. Яг ингээд хэдхэн секунд зориулаад бодохоор амьдралд сайн сайхан зүйл маш олон гээч.

Энэ миний Нэгдүгээр сард хөтөлсөн талархал. Зураг бүр дээр дараад ороход миний тухайн өдөр юунд талархсан нь байх жишээний.






Өвдсөн бол эдгэнэ гэж бод
Мөрөөдсөн ажилдаа орохыг хүсвэл би чадна гэж бод
Мөнгө дутсан бол мөнгөтэй болно гэж бод


Сэтгэлдээ бодоод зогсох биш түүнийхээ төлөө чадал, бололцооныхоо хэрээр зүтгэ. Жишээ нь:

Эрүүлжихийн тулд дасгал хий, эрүүл хоолло
Ажилтай болохын тулд хүнтэй холбогд, ажлын сураг байна уу лавла
Байгаа мөнгөө хэрхэн хэмнэхээ бод. 3 гуталтай бол 4 дэхийг авахдаа бод. Гаднаас кофе авч уухын оронд гэртээ буцалгаад уу


Бүдэрнэ ээ гэдэг чинь гүйж л явсан хэрэг шүү дээ. Босоорой. Өвдгөө гөвөөд урагшаа алхаарай.





Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй