Thursday, August 16, 2018

Уучлаарай, ухамсарын доройтол гэхээс өөр юу гэх вэ?

Гэгээн, эерэг юм бичихийг хүсдэг ч заримдаа бүр толгойтой үс арзайтал дургүй хүрмээр зүйлс тохиолдох агаад нэгэнт блог маань миний өөрийн сэтгэл зүйн засал тул яах аргагүй бичиж байж санаа амрах гэнэ. 

Тэр тусмаа би монгол яваад ирсэнийхээ дараа аль болох шүүмжийн шинжтэй юм бичихгүй хэмээн хичээсээр ирсэн билээ. Гэвч энэ удаа зах зухаас нь уудлан задлахгүй бол далай дээр өнгөрөөх гэж зорьж төлөвлөсөн урт амралтын өдрөө эхлүүлж нэг л чадахгүй бололтой...

Цэвэрхэн сайхан цахилгаан шатны хаалга нээгдэнэ, хүлээж буй хүмүүс хоёр тийш ярагдан, буух хүндээ зай тавьж өгсөний дараа өөрсдөө ордогсон биш бил үү? Өөдөөс мангайгаад л хөшөө шиг ямар ч буух зай тавьж өгөхгүй зогсоод л байх юм. Гаднаас нь харахад таг хөдөөний хүн биш, бүр зарим нь ганган тансаг гэж жигтэйхэн, даан ч хажуу тийшээ зогсоод зай тавиад өгөхгүй нь хачирхалтай бөгөөд уушиг сагсаймаар гээч. 

Байрнуудын гадаах явган хүний замруугаа машинууд нь хэтэрхий тулж зогссон болохоор ганц хүн чүү айтай явах нарийхан зайтай. Гэтэл тэр зам дээр гурвуул дөрвүүлээ буу халаад тойрог болон зогсчих нь тэр. Хажуугаар нь тойрох гэхээр зай байхгүй, уучлаарай гээд зөрөөд гарах гэхээр тохойгоо хөндөлсчихөөд хөдлөх шинжгүй. Эхэндээ би бүр яахаа мэдэхгүй байдалд оров. Надтай зөрөх хүмүүст зай тавьж өгсөөр арай л бүтэн цаг хүлээсэнгүй. Ээлжлээд гарах ухамсах алга.  Сүүлдээ ч хажуугийн хайс энэ тэр даваад "гатлах" аргаа олсон л доо би. 

Хориотой зүйл дайж явуулах гээд чичрээд дайрчихна, ирсэн хойно эртхэн аваачиж өгсөнгүй гэж араас дарамтална. Үнэ мөнгөгүй тэр холоос аваад ирсэн юмыг эзэд нь ирж авна аа даа. 

Тив улсууд алгасаж аялаад, тасарсан ажлаа нөхөх гэж үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажиллаж, хажуугаар нь ар гэр, үр хүүхэд гээд эзэнгүй үлдсэн хүмүүстээ бас би чинь анхаарал тавьдаг юм байгаа биз дээ? 

Гэх мэтчилэн наад захын соёл, энгийн мэдрэмж (common sense )  байхгүй. За бүр мэдрэмжээ байгээ ерөөсөө би тэрийг УХАМСАРЫН ДОРОЙТОЛ гэж бодож байна.

"Хүүхэддээ вакцин хийлгэсэн гэсэн бичгийн хуурамчаар хийж " болох уу энэ тэр гэсэн зар энэ хавиар бас яваад байгааг харахад нөгөө ухамсарын доройтолтонгууд чинь тэр чигтээ ирчихсэн, ухаарах ч бодолгүй, засрая гэж хичээх ч сэтгэлгүй - монголоо доромжилж бараад амьдралыг нь өөд нь татаж буй гадны улсыг доройтлоороо бузарлаад л явж байх юм даа.

Сэтгэлгээний хомсдол, ухамсарын доройтлоосоо салахыг ядаж хичээдэг ч болоосой. Авна, ашиглана, иднэ, ууна, муулна, биеэ өмөөрнө ... 

Худалч, хуурамч юм бас их байна. Нөгөө угсардаг тавилгатай гэр гээд НААД гэдэг газрын зараад байгаа юм байна аа даа? Бодон байж хүүхэддээ авав. 159600 төгрөг орчмоор. 

Бөглөрөө, таглараанд нь гацахаас айгаад, тэгээд ч ээжтэйгээ өнгөрүүлэх нэг хором ч надад үнэтэй байсан тул утсаар яриад хүргэлтээр авч орхив. Мэдээж зургийг нь хараад дүрслэлийг уншаад чанар муу байж магад ч гэж хардах сэтгэл төрсөнгүй.

Монголд удаан амьдраагүйн бас нэгэн гор. Яахав энд ажил, бизнесээс эхлээд бүх зүйл итгэлцэл дээр явагддаг тул тэр орчиндоо дасчихсаны гай. Хардах, сэрдэх, хүнд эргэлзэх гэдэг юм байхгүй болсон хүн. Миний хохь болсон.

Нөгөө гэрээ ирээд одоо болтол босгох боломжгүй.

Учир нь тал тавилга нь эвдэрхий -чатаар хэлсэн чинь ""сүпер цавуугаар наачихад болно, шинэ тавилга гаргахаар аваарай" 
Хаалга нь бас эвдэрхий - чатаар хэлтэл "таны зурагнаас эвдрээгүй л харагдаж байна даа. Видео явуулая"

Маш, бүр маш муу чанартай юм. Надад үнэндээ дурслэх ч үг олдохгүй юм. Ариун цэврийн цаасны голоор хийсэн манай хүүхдүүдийн гар урлалаас ч хэврэг гээд бод. 

Яаж ийм сөрөг юмаар дүүрэн дуусгах вэ? Сайн сайхан юм зөндөө байлгүй яахав. Хотоос 30 орчим км газах яваад SKY FRIENDS гээд сайхан газар байх. Би монголд очих бүртээ л очдог юм. Яагаад гэвэл хотод ойрхон тэгсэн хэрнээ сайхан байгалийн дунд. Хойшоо харвал өндөр бөгөөд сонин тогтож бүхий уулс, урагшаа тал хязгааргүй үргэлжлэх тэнийсэн сайхан тал. 

Сагсны талбай, уралдааны машин, ширээний теннис, DJ тэй диско талбай, амрах өрөө, иж бүрэн гал тогоо, тохилог ариун цэврийн өрөө гээд бүх насныхан амралтаа зөв өнгөрөөх бололцоотой нь маш их таалагддаг. Энэ жил шинээр 10 хөөрхөн цоохор янзага нэмэгдсэн байна лээ. Өхөөрдмөөр амьтадыг хар даа




Мөн мэргэжлийн өндөр төвшний Солонгос, Монгол нисгэгч нартай хувийн онгоцоор Цонжин Болдог, Тэрэлжийн дээгүүр нисэхэд юутай сайхан гэж санана. Тэр л мөчид Монгол тэнгэрийнхээ ямар цэлмэгийг, сэмжин цагаан үүлс нь дэндүү гоёмсогийг, хөвч сайхан тал нь тансаг ногооныг сэтгэлд шингэж, зүүдэнд иртэл мэдэрдэг дээ. Тэрхүү торгон мэдрэмжээр зүрхээ цэнэглэж аваад дараагийн наадам хүртэл төрсөн нутгийн агаараар амьсгалах хүч чадлыг авдаг. 

Хайртай ээж, ах эгч, дүү нар бол ойлгомжтой. 

Бас нэгэн сайхан нь цөөн боловч чанартай хэдэн найз нар маань миний завгүй хуваарьт тааруулан бүгд өөрийн чухал бүхнээ зохицуулан уулзсан явдал байлаа. Яасан ч мундаг найзуудтай юм би, ямар ч сайхан сэтгэлтэй юм тэд нар минь. 

Бүгдэд нь баярлалаа. 

Аа хамгийн сүүлд нэг хөгжилтэй зүйл хуваалцая. Тээр жил, нэлээн хэдэн жилийн өмнө намайг монголд очиход ажаа, аниа гэж дуудаад гээд бичиж байсан даа?  Гэтэл энэ удаа нэлээн хэдэн хүн надаас "оюутан уу?" гэж асуусан. Би худлаа яриагүй шүү :) 

Дан биеэрээ, бас сэтгэл санааны байдлаас болоод монголд буухаасаа өмнө хэд хоног хоолойгоор юм даваагүйнх жин ч зөндөө хассан байсныг хэлэх үү ... за за ерөөсөө залуухан оюутан охин шиг харагдсан нь үнэн байх оо гээд итгэчихсэн нь дээр ч юм үү? 

No comments:

Post a Comment