Эерэг бодолтой өөдрөг байх гэж хичээж явахад хяссан юм шиг асуудлууд ар араасаа ундраад байх шиг санагддаг.
Тэр үед хэрхэн амьдралтай зохицож, үргэлжлүүлэн эерэг сэтгэдэг вэ? Үүнд хариулт байвал блог болон FB дээр коммент бичиж үлдээгээрэй.
Миний хувьд эхний таван минутанд шууд сэтгэлээр унаж "дахиад л" гэх бодол өөрийн эрхгүй төрдөг. Тэр сөрөг бодлоо анзаарангуутаа хэрхэн тэр байдлаас гарахаа тунгаана. Цааш нь ургуулан муу зүйл төсөөлөн бодохын оронд "үүнээс доор асуудал байсан бол яах вэ?" гэж тэр дор нь бодно. Ихэнхдээ тэр бодол тусалж аажмаар эерэг зүйлс бодож эхэлнэ.
Хэрэв дээрх тархины дасгал үйлчлүүлэхгүй бол эерэг энерги, зөв бодол өгч, чиглүүлдэг найз, эгч, ах руугаа маш хурдан хугацаа алдалгүй холбогдоорой. Хэрэв асуудал чинь хэт том ярвигтай бол мэдээж сэтгэл зүйчид хандах нь тодорхой.
Харин өдөр тутмын, жижиг сажиг асуудлыг найдвартай, үргэлж зөв чиглэлд чинь залж байдаг хүнтэйгээ даруй холбогдсоноор сөрөг энергээс хурдан зайлсхийж чаддаг.
Өнөө өглөө надад нэг асуудал гарлаа л даа. Миний анхны тархинаас гарсан үйлдэл бол "ө май гад!Одоо бас тэрийг яах билээ" гэж бодуулав. Нэгэнт эерэг бодлын хүчийг хэсэг хугацаанд тархиндаа дасгалжуулж буй тул тэр бодол орж ирмэгц "үүнээс дор байсан яах билээ" гэж хурдхан бодонгуут арай дээрдсэн ч сэтгэл бачуураад нэг л тайвшиирч өгсөнгүй. Тэгэнгүүт намайг үргэлж зөв чигт залж, сөрөг бодлыг өөрчлөхөд тусалдаг нөгөө "гялалзуур" найзруугаа хурдхан утас цохив. Азаар найз маань утсаа авлаа. Учраа амьсгаадан хэлтэл угийн тайван, сэтгэлийн хөөрөл багатай найз минь тэвчээртэй миний гомдоллохыг сонсоноо "дээрээс сорьж байгаа гээд л бодчих" гэж хэлэв.
Дэвхцэж байсан тархи минь тэр дороо номхорч орхилоо ашгүй.
Хэрэв бурханд итгэдэг бол дээрээс гэдгийг бурхан, үгүй бол хөх мөнх тэнгэр гэх мэтчилэн өөрийнхөө ертөнцөөр ойлгоорой.
Нээрээ л дээрээс өгсөн сорилтыг даахгүй , сөрөг бодолдоо автагдвал улам уруудах мэт. Харин сорилтыг давж, бууж өгөлгүйгээр үргэлжүүлэн тэмцвэл амьдралаас шагнал хүртсэн мэт амьдрах ...
Ингээд бодохоор эргээд л тоть шиг давтагдах "байгаадаа талархаж амьдрах", тохиолдсон асуудлыг хурцаар хүлээн авсанаас "үүнээс доор асуудал" байсан бол гэж бодох нь танд хичнээн амар амгалан, тайвшрал, эерэг энергийг авчрах нь харагдаад байгаа юм даа.
Мини ажигласанаар бид бүхэн мөнх тэнгэрийн тавиланг өөрсдийн дураар өөрчлөх гэж заримдаа хэтэрхий тэнэглэдэг юм шиг.
Орчлон дээр юм бүхэн учир жанцан болоод цаг хугацаатайг үргэлж умартаж, өөрийгөө болон өрөөлийг ихээр зовоох юм даа.
Хөх тэнгэрийн хүсэлд тэрсэлсэн хүмүүс сайнаа үздэггүйг бид үүх түүхээсээ мэдүүштэй л хэрэг.
No comments:
Post a Comment