Thursday, May 21, 2015

Амьдралыг минь чимэглэсэн та нартаа баярлалаа

Өглөө бяцхан охин, хүүгээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явах замд зүрх түрхэн зуур живчихэж байгаа ч юм шиг, цээжин дотор нэг юм тээглээд ч байгаа мэт хачин этгээд, өр эмтрэм сэтгэгдэл төрдөг хүн байна уу? 

Охин маань уйлж унжихгүй ч өрөвдмөөр нүдээр надруу нэг харчихаад хаалганы цаана хоцрох нь өрөвдмөөр. 

Аль болох хурдан хэмнэлтэй дуу олж сонсох гэж сувгаа сольсоор хурдаа хичнээн нэмэн давхисан ч сэтгэл доторх мэдрэмжээсээ зугтаж чадахгүй байсаар ажилдаа очих нь бий.

Өнөөдөр өөр байлаа. Өглөө гарахын өмнө цахилгаан шуудан, нүүр номоо шалгаж амжсан ба сайхан мэдээ сонсоод цаанаасаа баяр ундарсан өдөр эхэлж байсан тул охиноо хүргэж өгөөд нэг их айхтар санаагаар унасангүй. 

Миний сүүлийн бичлэгийн мөрөөр 2 имейл, 3 нүүрномын мессеж иржээ. Дэлхийн өнцөг буланд байгаа миний уншигчид ээжийг маань тавтай морилж, зугаалахыг урьсан сайхан үгтэй захидлууд байв. 

Монгол хүн үнэхээр зочломтгой, элгэмсүү, сүү шиг цагаан сэтгэлтэй юм аа. 

Үүнээс өмнөхөн Шведэд байдаг нэгэн эмэгтэй уншигч маань гэртээ ирэхийг урьсан мессеж илгээн намайг баярлуулсан удаатайг та бүхэндээ дуулгаагүй санагдана. 

Ер нь бол дэлхийн аль ч хотод очсон алзахгүй болж байна шүү. Цаана чинь би байтугай ээжийг минь урьж байхад. 

Ээж бид хоёр очтол хаа байлаа ч тэдгээр сайхан сэтгэлийн халуун үгс амьдралыг минь чимдэг билээ. 

Та нартаа баярлалаа. 

No comments:

Post a Comment