Sunday, May 3, 2015

Хүний тусыг явсан хойно нь буюу хурдан эргээд ирээрэй Гаёунка

Эзэнгүй оргисон онцгүй өглөө байлаа. Нөхөр : Гаёунка, Tg хоёр байхгүй эвгүй юм аа. Баахан илүү боорцог (pancake) хайрчлаа, хаяхаас гээд үглэчихсэн гал тогооны өрөөнд зогсож байна.  Ингэхэд Гаёунка хэзээ ирэх бол гэнэ ээ. Гаёунка гэж Ганхуяг нэрээр нь ээжийг хэлж байгаа юм. Яваад 24 цаг ч болоогүй байхад хэзээ ирэх нь үү гэнэ шүү гэж би инээснээ: чи ээжийг эргэж ирээрэй гэж хэлсэн биз дээ гэж эргүүлэн асуухад "дуртай цагтаа ирээрэй гэсэн" хэмээв. 

Орноосоо өндийх ч хүсэлгүй хэвтсэн намайг нөхөр минь тэврээд Гаёункаг иртэл хоёулаа хичээгээд болгоно оо гэж намайг тайвшруулахыг оролдсон ч бага зэрэг сэтгэл нь эвгүйтсэнээ бүрэн нууж чадсангүй. 

Ээжийн үүрэг манайд асар их. Өглөө бид хоёр сандралдан ажилдаа гарахад охиныг хооллож, хувцаслаад цэцэрлэгт нь хүргэж өгнө. Өдөр гэр орон цэгцэлж цэвэрлээд охинд тусад нь шим тэжээлтэй дуртай хоолыг нь бэлдсэн байна. Охин өвдвөл гэртээ байх ёстой ба мэдээж ээж л тэр том ажлыг үүрнэ. Одоо охин цэцэрлэгт явахгүй өнжих шалтгаан гарвал бид хоёрын хэн нэг нь ажилдаа явахгүй. Ажилдаа явахгүй бол тухайн өдрийн орлого тэг. Шинэ ажил  эхлээд удаагүй тул олон чөлөө авах амаргүй... гэх мэтчилэн олон асуудалд ургана. 

Чин үнэндээ бид хоёр хүүхэдгүй хүмүүс шиг гэртээ яарах зовлонгүй жаргаж байсан улс. Дуртай үедээ кино шийнд явна, төрсөн өдөр, зугаа цэнгэлд хот алгасан очно ... 

Би хүмүүс үдэж ганцаараа үлдэхийн тийм гэх аргагүй зүрх шимшрэм мэдрэмжийг бие сэтгэлдээ шингэтэл амталж хаширчихсан тул зүрхэлж онгоцны буудалд ч явж чадсангүй... Харин тэднийгээ эргээд газардахад тосоод авна аа. 

Ээж ээ, хурдан эргээд ирээрэй. Бид гурав хэцүүдэх нь байна шүү. 

No comments:

Post a Comment