Saturday, September 12, 2015

Гадаадад амьдрахын ганц гашуун үнэн буюу "соёлын ганцаардал"

Диснейланд, NBA-ийн тоглолт, Эрх чөлөөний хөшөө, Хавайн арал дээрх Сувдан эрэг (pearl harbor), энд тэндхийн далайн ертөнц, үзэсгэлэнт газрууд, төрөл бүрийн танин мэдэхүйн музей, хүрээлэн, Пинк, Селин Дион, Жудас Пристийн тоглолт, Нью-Ёркийн Таймс талбай, Empire State Building, Брүүклин Гүүр, Лос Анжелосын алдартай далайн эргүүд, Холливуд, Бэвэрли Хиллс, Лас Вегас, Бостон, Денвер, Сан Диегогоос эхлээд бэй ариа орчмын үзэх хүсэлтэй, аялах боломжтой бүх газруудыг дуусгаж, олон арван орны төрөл бүрийн идээ удааг зооглохын хажуугаар (муу хүн идэж ууснаа гэдэг энэ дээ) сайн нөхрийн буянаар баян тансаг биш ч гэлээ алтан дундаж америк маягийн "өөрийгөө жаргаасан" амьдралын хэв маягаар амьдарсаар нэлээдгүй олон жилийг өнгөрөөжээ. Энэ мэтчилэн амьдралынхаа төрөл бүрийн эерэг бөгөөд сайн сайхныг нэг бүрчлэн тоочвол зөндөө. 

Харин гадаадад амьдрахын гашуун ганц үнэн юу вэ? "Ганцаардал" гээд хэлчихвэл шууд утгаар нь буруу ойлгочих болов уу? Аз жаргалыг минь бүтэн болгосон амраг хань, ангаахай үрс байлаа ч "ганцаардал" гэх нь ч юу юм, нэг тийм сонин мэдрэмж төрөх үе ховорхон тохиолддог юм аа.

 Гараад очих гэхээр ах эгчийнх минь байхгүй, ядарч тэвдсэн үед хандах хүн байхгүй , цагийн зөрөөнөөс болоод хүссэн цагтаа ар гэрийнхэнтэйгээ холбогдох нь хязгаартай ... Танил мэдрэмж байна уу? гадаадад амьдрагч андууд аа? 

Хүн төрөхөд манай монголчууд яаж бөөн бөөнөөрөө эмч сувилагчид хөөгдөж туугдан хонон өнжин эмнэлгийн үүд сахидаг билээ дээ? 

Энд ах дүүгээрээ олуулаа байдаг хүмүүс бол ялгаагүй л байх. Харин над мэтийн орь ганцаар мэт хүмүүс бол өөрөө явж очоод төрөх нь холгүй. 

Үр хүүхдээ таньдаг мэддэг хүнээр ч болохноо харуулж орхиод нөхөр нь эхнэрээ дагуулаад төрөх рүү явах нь энүүхэнд. 

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг хичнээн сайхан амьдарч байгаа хэнд ч гэсэн хаа нэг саарал өдөр таарч, өөрийн гэсэн дотно нэгэнтэйгээ үг шивнэж сэтгэлээ нээх учир ургана л биз дээ? Нөхөр эзгүйд бие өвдөн халуурч хэвтэхэд бүлээн цай аягалаад өгөх эгч, дүү минь ойрхон байдаг ч болоосой гэж бодно л биз дээ? 

Зөвхөн гадаад нөхөртэйн улмаас ч биш эх орон, ах дүүгээсээ алсад, дотнын найз нөхөд цөөтэй цөөнгүй хамаагүй гадаадад амьдардаг бүх хүмүүст тохиолддог "соёлын ганцаардал" юм уу гэж би бодлоо. 

Тийм ээ, "соёлын ганцаардал". Би ес тачигнасан хүйтэн хэдий ч Улаанбаатарын мөнгөн шөнө - шинэ жилийг үе үе санадаг, буузны уур савсаж, хонины тарган ууц зассан цагаан сарын өглөөг гэнэ гэнэхэн дурсдаг, наадмын асараас хангинах айрагны үнэр болоод амтыг хааяахан мөрөөддөг. 

Өдөр бүр, үргэлж санадаг зүүдэлдэг гэж би туйлшрахгүй, хэзээ ч санадаггүй, мартчихсан гэж бас мэтгэхгүй. 

Саяхан би багын найзындаа сайхан амраад ирэв. Найзтайгаа байнга монголоор ярих сайхан байлаа. Найз маань намайг амруулах гээд өглөөний цайнд хүртэл бууз жигнэн, монгол хоолоор охин бид хоёрыг эрхлүүлсээр өөрөө бараг ядарсан байх даа.  Найзын хоёр хөөрхөнтэй минийх нийлээд гурван охин тоглож, бид хоёр цаана нь тэднээс нэг их ялгагдах юмгүй л хөгжилдсөн дөө. Бид хоёр хоёулаа "соёлын ганцаардал" -аа тайлсан сайхан амралт болсон нь тэр. Найздаа баярлалаа. 

Гэхдээ би гэрийн кофегоо нөхрийн хамт санаж ирсэнээ нуухгүй ээ. 

2 comments:

  1. Хаана ч явсан "Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" санагддаг. Хэзээ ч нуухгүй, хичнээн улс орноор аялаад би эх нутаг шигээ сайхан, дотно, танил тэр мэдрэмжийг амталдаггүй. Амтлах ч үгүй биз. Чухал нь энэ сэтгэлгээ, энэ мэдрэмжээ эрт, тодруулбал эх орондоо байхдаа амтлаагүй нь харамсалтай. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг оройд одоо орох.

    3 жилийн дараа эх орондоо очоод гучхан хоносон ч гэсэн сайхан байсан. Ижийтэйгээ өнгөрүүлсэн мөч бүрээ одоо санаж, арай илүү хугацаанд хамт байх минь яав гэж халаглаж сууна :(

    ReplyDelete
  2. Үнэн гэхээс өөр үг бичиж сэтгэлийг чинь тайтгаруулж чадахгүй намайг уучлаарай

    ReplyDelete