Saturday, July 25, 2015

Онгодын тухай ч юм шиг үгүй ч юм шиг ... би мэдэхгүй ээ

Нэгэнт нойр сэргэж, онгод орсон тул зүгээр сууж чадсангүй. Шөнийн нойр алдахаас үхтэлээ айдаг болоод ч тэр үү, цаагуураа нас өгсөөд бие дийлэхээ больсоных уу, сүүлийн хэдэн жил маш их эрт унтсаар заншсан билээ. Түүнээс биш оюутан байхдаа өдөр оройн 2 ангид зэрэг яваад их даалгавартайг ч хэлэх үү, шөнөжин хичээл хийж буй нэрийн доор долоон янзын юм бичин өнгөрүүлдэг байжээ. Олон хүнд ч дурладаг байж, олон залуусаар ч дурлуулж явжээ. Мэдээж дурлалтай ойрхон хүнд онгод орох нь элбэг. 

Түүнээс өмнө арван жилд байхдаа найзуудтайгаа шүлэг бичилцдэг модатай байжээ. Өнөрөө, Энхтөр, Ундрах, ангийн дарга Намжилмаа гээд ер нь бичээгүй хүмүүс ховор. Бидний үед гар утас тэгтлээ их дэлгэрээгүй байсан тул цаас, дэвтэр дээр шүлэг, захидал бичилцэн үгүй мөн их айлгүйтдэг байжээ. Эргээд харвал аюгүй бол ихэнх нь энд тэндээс хуулж, туусан мөртүүд байгаа даа. 

Бүр урагшилвал миний юм бичих "онгод" аавыг минь өөд болсоноос хойш улам ихээр орсон гэлтэй. Ээж минь намайг дөнгөж 13 хүрэхтэй үгүйтэй байх тухайн үед л урам өгч "жинхэнэ бүтээл үнэн сэтгэлийн хөдлөлөөс гардаг" гэж хэлсэнийг би хэзээ ч мартдаггүй юм. Аавыг минь хөдөөлүүлсэнээс хойш санаанд буусан мөртүүд одоо ч цээжнээс минь гардаггүй. Тийм учраас миний чимххэн авьяас надаас огт салалгүй өдий хүрсэн нь ээжтэй салшгүй холбоотой.

Манай удам сударт Төрийн Соёрхолт Хөгжмийн Зохиолч Жанцанноров гуайгаас өөр нэг их нэр төрд гарсан, мундаг сунадаг,  амьд үлдсэн хүмүүс миний мэдэхийн байхгүй.  (Би хүндлэх үүднээс бүгдийг нь том үсгээр эхлүүллээ) Манай аавыг таньдаг хүмүүс Жанцанноров гуайг харвал ямар их төс байгааг олж харах л байх. Би яг нарийн садангийн хэлхээг мэдэхгүй ч, яалт ч үгүй үе бага зэрэг холдсон ах дүүсийн хүүхдүүдийн нэгэн үе юм гэсэн. Энэ зун болох аавын маань талын ургийн наадмын комиссын даргаар Жанцанноров гуайг томилсоныг сонсоод баярлаж суулаа. 

Түрүүлсэн мориндоо 20 сая төгрөгний шагнал өгнө гэхийг дуулаад эхэндээ,  туйлширсан ургийн наадам болох нь хэмээн дурамжхан хүлээн авсан ч, дээрх мэдээг аваад ухаантай хүний үгийг манайхан сонсох байх хэмээн санаа амрав. 

Хэрэв өөрөө бичих дуртай бол бичээд л бай. Хэнээс ч айж, ичиж, зовох зүйлгүй. Хүссэн хэн ч блог хөтөлж болдог сайхан цаг ирсэнийх юу билээ авъяас байвал улам хөгжүүл, байхгүй бол суралцаж бас болох л байх. Гэхдээ бас тийм амаргүй ээ. Таван сайхан өгүүлбэр бичих гээд үзээрэй. 

Зарим хүмүүс найруулга, үг үсэг, дүрмийн алдааг маань тоолдог л байх харин миний санааг хэзээ ч зогсоохгүй, онгодыг минь хэн ч булаахгүй нь сайхан. 

Ядруухан бичигчийн хувиар биш сайн уншигчийн үүднээс дүгнэхэд жинхэнэ бүтээлээс онгод сэнгэнэн хангинаж байдаг шүү. Худлаа гэвэл Р. Чойномын  "Сүмтэй Бударын Чулууг" "үнэртэж" нэг үзээрэй. 




2 comments:

  1. "жинхэнэ бүтээл үнэн сэтгэлийн хөдлөлөөс гардаг" яалт ч үгүй үнэн үг.

    Сүмтэй бударын чулууг унших номын жагсаалтын эхэн хэсэгт орууллаа..

    ReplyDelete
    Replies
    1. Frank, zaaaval unshaarai. Minii shireenii nom doo. Aav maani urgelj unshdag baisan yum. Huuchirsan ene nomnoos aaviin mini uner bas unerteh shig boldog yum. Bi FB page-ee haah bolson. Jirgeegee ajilluldaggui hun shde bi. Egchteigee minii email-r holbootoi baigaarai. tessferm0920@gmail.com shuu. Bayarlalaa

      Delete