Өнөөдөр их сайхан өдөр байлаа. Эгч нартайгаа уулзсан ч юм шиг, төрж өссөн гэртээ ирчихсэн ч юм шиг.
Би өмнө нь бичиж байсан даа? Гадаад амьдрахын нэгэн гашуун үнэн нь ах эгч, дүү нараасаа хол, өөрөө машинаа барьж очиж төрөх хэрэг ч гардаг гэж ?
Бүх зүйлийг л өөрөө амжуулж сурдаг. Сурахаас ч өөр аргагүй.
Ашли ажилдаа эргэн орж, бид хоёр зэрэгцэн суудаг ширээтэй болсоноос хойш миний амьдрал өөрчлөгдөх шиг болсон юм. Азаар Ашли тушаал дэвшиж, миний дарга биш болсон нь бид хоёрыг харилцааг 500 хувиар дээшлүүлэв. Хэрэв би Ашлигийн шууд удирдлаган доор байсан бол өнөөдрийнх шиг эгч дүүгийн харилцаанд байтугай найзуудын хэмжээнд ч очихгүй байсан нь тодорхой. Ашлийг танихгүй хүмүүс эндээс мэдэж авч болно.
Намайг миний дотор ороод гарсан мэт ойлгодог хүн Ашли болжээ. Бага залуу наснаасаа өвдөж, бишгүй давааг туулж ирсэн нь түүнийг жинхэнэ наснаас нь илүү буйр суурьтай, илүү ухаалаг болгосон байх гэж би боддог. Надаас хэдэн насаар дүү хэрнээ яг л миний эгч нарын нэг шиг санагддаг. Хоолоо идсэн үү? Эмээ уусан уу? Ёгандаа явья, Бие нь яаж байна? Охин нь дажгүй? Жоны шинжилгээний хариу гарсан уу? Ээж нь сайн уу? ...
Ашли намайг бодвол олон таван үггүй, ер нь дуугүй талдаа хүн. Хүн болгонд тусладаг ч хэн бүхнийг дагаж савчаад байдаггүй нөмөртэй нутгийн уул шиг ч юм шиг, Онгийн минь урсгал ч юм шиг тайван бас даруухан нэгэн. Тийм болохоор надаас асууж буй бүхэн нь сэтгэл дотроос нь гарч буй нь ил.
Ажил дээр ч хүртэл намайг жигүүрэн дээрээ нисгэж яваа шувуу мэт, далавчин доороо хамгаалж буй бүргэд адил.
Муу хүний заяа завагт гэгчээр яаж надад ингээд сайн хүмүүс заяагдаад байдаг юм бүү мэд.
Өнөөдрийг би лав амьдралдаа хэзээ ч мартахгүй нь лавтай.
Намайг зөвхөн MRI хийлгүүлэхийн төлөө нийт 40 орчим майл буюу 60-аад километр газар аяласан гээд бод. Би хичнээн дахин ганцаараа яваад хийлгүүлчиж чадна аа. Өмнө ч өөрөө очоод тэр байтугай л юм хийлгэж байсан гээд байхад заавал хамт явж хань болно гэж зүтгэсэн юм. Нөхөр маань хүүхдээ унтуулаад гэртээ хоцрохоос өөр аргагүй. Оройн цагаар аппойнтмент хийсэн нь ч онож.
Баярлалаа гэхээс өөр үггүй сууна би.
Сайхан хүмүүсээр хүрээлүүлэхээр амьдрал илүү утга учиртай болдог мэт...
ReplyDelete