Monday, August 15, 2016

Бар ээж, туулай аав- хошин өгүүллэг

Энүүхэндээ гэж хэлэхэд би бар ээж  л дээ. Жирэмсэн болмогцоо "Бар ээж" хэмээх номыг уншиж эхэлснээр миний бар ээж болох зам эхэлсэн юм.

Манайх жилийн зөрөөтэй төрсөн хоёр охинтой. Энэ хоёр миний цэргүүд. Ээжийн үг бол манайд хууль. Надад ер нь хүүхдүүдтэйгээ шалчиганаад байх зав байхгүй. 2 охины өрөөний нэг ханаар дүүрэн өнгөөр ялгасан долоо хоногийн хуваарийг би ЭмАйТи сургуулийн нэгдүгээр курсын оюутны хуваарийн загвар дээр үлгэрчилж хийсэн юм. Манай хоёр чинь том болсон охид. Том нь сарын өмнө 5 хүрч бага нь сарын дараа 4 нас хүрэх юм. Шөнө орондоо хэдэн удаа шээсэн хэрэгт орсон бага маань одоо өөрөө шөнө босоод шээчихдэг болсон. Ариун цэврийн өрөө ороход айгаад байна гэхээр нь жижигхэн гар чийдэн аваад орных нь хажууд тавьчихсанаас хойш олон таван үггүй болсон.
 Том нь 2 дугаар ангийн хүүхдийн хэмжээний өгүүлбэртэй тоо бодож, өглөөний цай долоо хоногт 2 удаа бэлдэх жишээний. Тэгэхээр яалт ч үгүй том болчихсон хоёр охин.

Чихэр шоколадны амтыг ч мэдэхгүй. Яг л Вилли Вонкагийн бага нас шиг гээд бодчих. Би тэр хоёртой яг л том хүн шиг харьцдаг.

Хоёр охины эцэг бол туулай аав. Ажиллахаас бусад бүхий л чөлөө заваа хоёр охинтойгоо зарцуулна. Өвдөг сөхөрчихсөн л хамт паззл эвлүүлж суугаа харагддаг. Мэдээж би бар ээж тул ямар тоглоомоор хэрхэн, хэр удаан зугаацахыг хуваарьт оруулна.

Тэр гурвын азаар бар ээж би албан томилолтоор хаа сайгүй нисэх ажил улиралд хэд хэдэн удаа гарах ба чухам туулай аав хүүхдүүдийн хуваарийг орвонгоор нь эргүүлдэг нь тодорхой. Харин сургуулиас гадуурх төлбөрт дугуйлангуудыг таслуулсан байвал асуудал яаж хурцадахыг эцэг андахгүй нь яамай.

Аавдаа хайртай, дуртай, дассан гэж жигтэйхэн. Хүмүүсийн хэлдгээр бүхэл бүтэн 100 хувь аавын охид. Надад ер 0,001 хувь ч байхгүй шүү.

Бар ч гэсэн би 9 сар хэвлийдээ тээж, (зүгээр нэг бас тээчихгүй, өвдөнө, эмнэлэгт хэвтэнэ, есөн шидийн л юм болно) гуа сайхан биеэ язланхан төрүүлж, ангир шар уургаа хөхүүлэн, бүүвэйн дуу шөнө дөлөөр аяланхан, баас шээсэн дээр нь удаан хэвтүүлчихгүй юмсан гэсэндээ хөдлөх бүрт нь сэрж, ган хийх бүрт нь өндөлзөж өсгөсийн болохоор хааяа ч болохнээ  "хардах" сэтгэл ургана л биз дээ. За гэхдээ нэг их олон биш дээ.

Амьдрал урсдагаараа урсаж, бар ээж хийдгээрээ хийж байтал учир нь олдож, нацаг нь тайлагдахгүй өвчин гээч намайг хүчтэйхэн ороогоод авав.

Нөгөө гурваараа хүргүүлчихээд та гурав үлдээд яахав ажил сургууль, ар гэр хэцүүднэ гэж хөөж явуулчихаад эмнэлгийн хүйтэн орон дээр бороонд ноорсон муужгай шиг царайлчихсан намайг хэн ч бар ээж гэхийн аргагүй. Эмнэлгээс гарлаа, ирж ав гэж залгатал ийшээ бүү зүглэ гэдэг эцсийн тушаалаа бар ээжийн ёсоор өглөө.

Бурханы авралаар, магадгүй хоёр сайхан үр төрүүлсэний цорын ганц ачаар бурхан намайг энэ удаа өршөөх шиг болов.

Манай гурав хүргэж ирсэн газраа миний гарахыг хүлээж зогсов. Хоёр үр минь хоёр талаас зууран авч гуя, гар гээд бяцхан нуруундаа хүрэх газрын хэмжээнд таарсан биений минь хэсэг бүрийг хоёр халуухан хошуугаараа үнсэж өгөв. Өмнө нь ер тэгэж байсныг би санадаггүй. Анх удаа л болов уу даа...

Охидоо тэр орой би унтах цагаас нь ухрааж, дуртай Фрозэн киног нь янз бүрийн нэхэл дагалгүй дуустал нь үзүүлж, зуухан дээрээ эрдэнэ шиг үсэргэсэн шиг өнгөрөөлөө. Чухам хаанаас ийм өөр манайд үзэгдэж харагдаагүй ээж гараад ирсэнийг би мэдсэнгүй.

2 ном эсвэл 3 ном гэж зарчимддаг би охидын дуртай 16 номыг дуустал нь уншиж өгөөд, өндөгнөөс нэг их томроод шалихгүй 2 зөөлхөн духан дээр нь 1, булбарайхайн бяцхан хацрууд дээр нь 2, жижигхэн бурзайсан хөлстэй 2 хамар дээр нь 3, одоо хэр нь алганы хонхорт багтах бяцхан гар дээр нь 4 удаа үнсээд ч би  ханаагүй билээ.

Нөхөр ингэж ярив: чамайг өвдсөнөөс хойш энэ 2 хөгжилдөн тоглох ч үгүй, тэр ч бүү хэл сургуульдаа ч явахгүй гэжээ. Хамгийн дуртай бүжгийн хичээлдээ явна гэж очсон хэрнээ оролгүй үүднээс нь буцаад ирсэн гэнэ. Ээждээ санаа нь зовоо юу гэхээр үгүй гэж гүрийсэн ч нулимс нь том том дуслаад хоёулаа хөтлөлцөөд өрөөндөө ороод ээждээ өгнө гээд зураг зураад чимээгүй суучихсан ажээ.
Би чимээгүйхэн урсах нулимсаа барьж дийлсэнгүй. Нялх амьтад минь, ээжийн бурхад минь ээжийгээ уучлаарай гээд нас биенд нь тохирсон шинэ хуваарь хийж өлгөхөөр ЭмАйТи-гийн хуулбар хуваариа охидоо сэрээхгүйг хичээн чимээгүйхэн буулгаж авав. Одоо миний уншиж буй ном бол "No regrets of parenting" ... Харамсахгүйгээр эцэг эхийн ажлаа хийх нь




2 comments:

  1. Нулимс дуслах шахав.. ( хэтрүүлээгүй) Хамрын самсаа нэг шархирч ирээд хэсэг нүд бүрэлзээд амсхийх зуур энэхүү бяцхан сэтгэгдэл үлдээв.

    Үр хүүхэдтэй болж амжаагүй болохоор хэрхэн, яаж хандах, хамт амьдрахаа мэдэхгүй, мэдрээгүй л байна. Нэг л өдөр эцэг хүн болох үедээ энэ өгүүлэлийг эргэн санах нь дамчиггүй!

    ReplyDelete
    Replies
    1. Awww, yun huurhiin yumbe. Bur neg "blue" udur baisan chin bur saihan bolchihloo. Bayarlalaa :)

      Delete