Sunday, October 19, 2014

Нөхөр бид хоёрын тохиролцоон

Хань бидэн хоёрт хүний нүдэнд харагдах, харагдахгүй олон ижил чанарууд бий. Хүн хамгийн ойр байгаа хүмүүсээс сайныг ч , мууг ч суралцдаг.  Нөхрөөсөө олон сайхан зүйлийг сурсан гээд хэлчихвэл хэтрүүлсэн хэрэг болохгүйг түүнийг минь мэдэх хүмүүс нотлоно. 

Би заримдаа "хүн муулчихдаг" зантай. Түүнийгээ, алиалсан юм, хошигносон юм, егөөдсөн юм гэх мэтчилэн засах гэж оролддог байлаа. Үнэндээ эдгээрийн аль нь ч бай хэн нэгний тухай сөрөг юм хэлсэн, ярьсан л бол "хүн муулж" буй хэрэг. 

Миний энэ занд нөхөр маань дургүй. Сонсож дуусаад "тэгсийн биш үү, ингэсийн биш үү гэж миний хэлсэн сөрөг үгийг эерэг нөхцөлөөр солино" . Хэзээ ч надтай нийлэн дуугаа авалцан "муулж" байгаагүй. 

Намайг муухай зангаасаа салахыг бага багаар дасгалжуулж байжээ. Одоо би хэн нэгэн надад буруу, эвгүй бодол төрүүлэх үг хэлвэл сөргөөр бодохын оронд тухайн хүнд хэцүү өдөр байж дээ, өөр хүнд уурлачихсан явж дээ, ядарсан байсан байлгүй дээ гэх мэтээр нөхцөл байдлыг нь хүндлэн ойлгож, өөртөө тусгаж авахаа больжээ. 

Хөнгөн жижиг сэдвээр хэн нэгнээ "муулах" нь зарим үед сэтгэлийн алжаал тайлах шидтэйг та, чи, бид бүгдээрээ мэднэ. Тиймээс нөхөр бид хоёр хэдэн сарын өмнө дараах тохиролцоо хийв. 

Кино, зурагтын одоос бусад хүмүүсийг хоорондоо "муулахгүй" гэж...  

Манай нөхрийн дүү, түүний эхнэр бид 4 нийлээд бүгдийнхээ таньдаг хүмүүсээр тоглоо хийж, алиалдаг хоббитой байсан хөг ингээд өнгөрөв. Тэглээ гээд бидний хөгжил зогсоогүй. 

Зарим хүмүүс нэгнийхээ сөрөг, муу талыг гоочилчихоод "би егөөдөх дуртай, чи егөө ойлгохгүй" гэж хаацайлдаг. Ялангуяа, НүүрНом гэх мэт нийгмийн харилцааны хэрэгсэлээр нэгнийгээ егөөдөх, муулах, доромжлох хандлага байх шиг санагддаг. 

Хүн бүр дотроо бодолтой байж, хэн нэгнээ багахан шиг "муулж" амьдрах юмсандаа. 

Friday, October 17, 2014

Миний өглөө - Утга уянга, хайр дурлал, эротик ...

Онлайнаар хичээл авсаных ойрын өдрүүдэд охиноосоо түрүүлэн босож, олон өнгөт цахим ертөнцөөр тухтай  аялах хэдэн хором нэмэгдлээ. 

Өнөөдөр өдөр өдрөөс илүү өнгөлөг ч юм шиг, цоглог ч юм шиг нэг л сайхан мэдрэмж төрсөн өглөө байх юм. 

Блогийг минь тоож уншдаг хүмүүсээс хувийн болон нийтийн замаар урт богино захиа, сэтгэгдэл иржээ.

Миний блогийг мэндэлсэн цагаас надтай эчнээ танил болсон нэг хүн бий. Тэрээр захидалдаа "ганц хоёр эротик бичээд чимээгүй болчих юм. Хэрэв үргэлжлүүлэн бичвэл блогоор олон зочилно" гэжээ. 

Хм, би уг нь утга уянга, хайр дурлал, эротик сэдвээр бичих дуртай. Блогийнхоо нэртэй уялдуулж бичихийг хичээдэг болохоор дээрх сэдвүүд ихэнхдээ авцалдаагүй. 

Хоёр дахь номондоо заавал дээрх сэдвийг багтаах болно. 

Хайргүйгээр, уянгагүйгээр, дуугүйгээр, дурлалгүйгээр, янаггүйгээр орчлон дүнсгэр агаад уйтгартай ... 


Tuesday, October 14, 2014

Миний "муухай" Америк зан хошигнол

Засварчин ирж угаалтуур янзлав. Халуун өдөр байсныг ч хэлэх үү, хөлс нь цутгаж байгаа гэж жигтэйхэн. 

Ус уух уу гэж асуувал үгүй гэхийг нь би мэдэх тул савтай ус барьж, энийг уу гээд тулгах шахам өгөв. Гайхах баярлах зэрэгцсэн засварчин гэрээс гарахдаа олон дахин баярлалаа гэж хэлсэн нь миний өдрийг улам ч өнгө оруулав. 

Хэрэв та Америк айлд эсвэл энд их удсан монгол айлд зочлох гэж байгаа бол нэрлэхүү зангаа орхихгүй бол өлсч мэднэ. 

Манай монголчууд асуухаар асга гээд хүнээс хоол цай идэж уух уу гэж асуулгүйгээр юу байгаагаараа дайлдаг үнэхээрийн элгэмсэг улс. Говийн айлууд замд яваа хэн нэгэн хүйтэн чин цай ч болтугай залиглаг хэмээн үүдээ цоожгүй орхидог байсан үе саяхан. 

Энд эсрэгээрээ шахам. Манайд ирвэл та нар намайг аяганы амсар зуулгадаггүй, хүн дайлж цайлж мэддэггүй яачихсан эзэгтэй вэ гэж "муулж" магад. 

Аливаа юманд амархан дасдаг хүний тоонд би орно. Орчинд нь амьдраад ороо хүртэл хуваалцаж буй болохоор яах аргагүй соёл заншилд автах юм. 

Ороод ирэхэд чинь цай, кофе, ус, жүүс уух уу гэж асуух бий вий. Үгүй гэж хэлвэл үгүй л гэж ойлгоно. Хоолоо идсэн үү, юу идэх үү гэж асуувал санаа зоволгүй хүссэнээ хэлээрэй. Хэрэв нэрлэхээд "үгүй, үгүй зүгээр" гэвэл юу гэсэн үг вэ, алив ид ид гээд нүүрэн дээр чинь айргийн аягатай хоол бариад шахахгүй шүү. 

Манайд өөрийнхөө гэрт байгаа юм шиг байгаарай гэж хэлвэл үнэн сэтгэлээсээ сайхан хандан, гараа дэлгэн угтаж буйгийн илрэл. 

Хэрэв уриагүй л бол гадуур гараад, хамт хооллох болвол хувааж төлөхөө мартав. Ах дүү чинь ч байна уу, амраг найз чинь ч байна уу, арав хоносон ч байна уу, нэг хоносон ч байна уу, явахдаа баярлалаа гэж заавал хэлдэг юм шүү. Бэлгээ хүлээгээд хоосон гаргасанд бантав аа. Зул сарын баяр тохиогоогүй бол буудал дээр барьж очих цэцэгнээс цаашлахгүй л болов уу. 

Жигтэйхэн цэвэр цэмцгэр биш ч гутлаа тайлж айлд ордог ази заншилаа харин хадгалсан билээ.

Ээд дээ, миний энэ "муухай" Америк зан уу. Энэ жил ээжийгээ ирэхээр тавгийн идээ засаж өгье байз. Орсон гарсанд чихэр, ааруул тарааж өгөхдөө дуртай байдаг юм миний сайхан ээж.








Sunday, October 12, 2014

Ээжийгээ нэгдүгээр зэрэглэлээр аялуулаагүй ч

Би ээжийгээ брендийн хувцасаар гоёж, үнэт чулуугаар чимэн нэгдүгээр зэрэглэлээр аялуулж чадаагүй. 

Тансаг харшид амьдруулахсан гэж мөрөөдсөн минь харин үнэн. Санаа байвч сачий хүрсэнгүй гээд би уйлаагүй. 

Чихийг нь цөөхөн халууцуулж, үр хүүхэд бид эрүүл саруул явбал эхийн хэрэг бүтдэг ажээ. Нөхцөл, бололцооныхоо хэрээр цагийг хамт өнгөрөөж, халуун дулаан яриа өрнүүлвэл нүүрний биш ч гэлээ сэтгэлийнх нь үрчлээ тэнийж, зүрхнийх нь нар мандахыг заримдаа бид мартдаг юм шиг. 

Амтат бялуугаар ээжийгээ би бялууруулж үзээгүй ээ. Арай шим тэжээлтэй, эрүүл хүнсийг бодож амт муутайхан хоолоор дайлдаг. Чин үнэндээ дахиад нэгхэн өдрөөр ч илүү ээжтэйгээ хамт байх гэсэн өөрийнхөө аминчхан бодлоос болоод сайн охины дүр эсгэдэг. 

Ээжээсээ хол байхаар цаг хугацаа улам түргэн урагшлаад байх шиг зүрх хурдан цохилж, би сандраад байх юм. 

Амьсгалаа гүнзгий авлаа. Миний гэр бүл амгалан бол ээжийн минь сэтгэл тайван. Дор бүрнээ хичээгээд, аз жаргалын төлөө амьдарвал хол ч бай ойр ч бай эхийн магнай тэнийнэ. 


Friday, October 10, 2014

Би бол гавъяатын газар дээрх ганц найз буюу хоорондоо ярилцаж бай хүмүүс ээ

Дотны найзууд намайг онгироо гэдэг. Миний бичлэгүүдээс ч та нар анзаардаг биз. Цааш нь дахин гүнзгий харвал би дутуу, муу талаа ч нуудаггүй. Дараах бичлэгт сагсуу нь дэндсэн бол хүлцэл өчлөө. 

Алдаж явсан удаа зөндөөний хажуугаар аймшиггүйгээр эрсдэлтэй алхам хийгээд онож явсан ч удаа олон. 

Сүүлийн үед өнгөрсөндөө дүгнэлт хийхээс илүү өөртөө дүгнэлт хийж сууна. Тэр ч болсонгүй энэ ч таалагдсангүй гэж бодож явсанаас би өөрөө зөв явна уу, би хэр найз вэ гэж нухацтай тунгаасан удаа үгүй ажээ. 

Олон сайхан найзууд дотроос намайг хамгийн сайн мэддэг нэг хүн байх юм. Олон өдрүүд биш хоногуудыг хамт өнгөрөөж, ойр хол цугтаа аялж, бусдаас хамгийн их хугацааг жинхэнэ утгаар нь хамтдаа өнгөрүүлсэнд учир байх шиг. Хэн нэгнийхээ гэр бүлийн гишүүн болтлоо дасалцаж, зөвхөн хоорондоо хуваалцсан нууцтай хүмүүс бололцжээ. 

Бид хоёр хамгийн олон удаа муудаж сайдсан ч огт холбоогоо таслалгүйгээр үерхсэн байх юм. 

Жижиг сажиг зүйл дээр нэгэндээ гомдож явсанаас эмзэг сэдвээ хөндөлцөж, хүнээ алдтал муудалцаж яваагүй. 

Найзуудын харилцаа яг л эхнэр нөхрийн харилцаатай адилыг ойлголоо. Хоорондоо ярилцахгүй, зөвлөхгүй, цагийг хамт өнгөрөөхгүй бол бие биенээсээ холдож хөндий орон зай үүснэ. 

Зарим хүмүүс бид хоёрын нөхөрлөлийг "ашгийн найзууд" гэж ойлгодог. Бие биенээ тухайн үеийн бололцооноосоо шалтгаалан дэмжих нь найз болсоны үүрэг гэж би сэтгэсээр ирсэн.  

Өөрийг нь хэдэн удаа гомдоосноо мартчихаад өөрт нь гомдож явсан байжээ. Хүн хэлэхээс наашгүй гэж үнэн юм даа. 

Хүн хэлтэй төрсөн нь гайхамшиг. Оюун ухаантай хэрнээ харилцан ярилцахгүй бол нэг нэгнээ буруу ойлгох нь байна шүү. 

Бурууг минь тас хийтэл хэлж чаддаг, зөвийг минь тэнгэрт гартал магтаж чаддаг миний найз. 

Тийм ээ, би "том" найзтай гээд сагсуурчихъя. Түүнд минь хэн хүнд байхгүй сайхан чанар байдаг гээд найзаа бас магтая. 

Өөрийнх нь хэлдгээр би бол түүний "газар дээрх ганц найз" нь юм шүү. Миний найз бол Монгол Улсын Гавъяат Жүжигчин, амжилттай яваа нэгэн монгол ажил хэрэгч эмэгтэй, хүний сайхан хань, хүүхдүүдийн сайн ээж, ээжийн ачтай охин, аавын авъяастай төрсөн охин, ард түмний хүндэлдэг дуучин, хүний үнэнч найз мөнөөсөө мөн.  

Thursday, October 9, 2014

Дуртай дараагүй ч

Өнгөрсөн долоо хоногт ирсэн хэдэн захидал дундаас нэгийг онцлон бодсоор сэрлээ. "ойр тойрныхоо хүмүүс, бодит амьдралаас бичдэг тул би таны нийтлэлийг унших дуртай" гэсэн байлаа. Би хариу захидалдаа "намайг хүрээлэн байгаа орчин, хүмүүс миний амьдралыг бүрдүүлдэг болохоор тэр ..." гээд илгээлээ.

Миний амьдралыг сайн сайхнаар бүрдүүлэгч олон хүн бий. Тухайн гаргах гэж буй санаатай холбогдвол тэдгээр хүмүүсээс дурьдах дуртай. Бичлэгтээ онцлоогүй, оруулаагүй олон арван чухал хүмүүсээр миний амьдрал дүүрэн. 

Үүнтэй агаар адилаар НүүрНомон дээр "дуртай" дараагүй ч хүндэлдэг, хайрладаг хүмүүс зөндөө. 

Тэдгээр дотно андуудтайгаа, төрлүүдийнхээ зураг бүхэн дээр дуртай дарсанаас сардаа эсвэл улиралдаа нэг утсаар ярьж, захиа бичих гэх мэтээр хувь хүнтэй нь тулан харьцах илүү учир утгатай. 

Холыг ойртуулж, ойрыг холдуулж мэдэх энэ цахим эринийг өөрөө бүрэн залж, ашигийг нь зөв хүртэхийг би хичээнэ. 


Monday, October 6, 2014

Салахын тулд оюутан боллоо би

Одуудаас эхлээд жирийн хүмүүс хүртэл сэтгэл зүйч дээр очдог. Хүмүүс "сэтгэлийн засал" хийлгэдэгээ хэн бүхэнд зарлаад явахгүй нь мэдээж. 

Өнгөрсөн жил миний уур тамтагаа алдаж, савнаасаа хальж эхэлсэн билээ. Жирэмсний дараах үеийн даварсан даавруудад бурууг өгсөөр нэлээд хугацаанд ойр тойронд амьдрагч, хамгийн дотны бөгөөд хайртай хүмүүсээ уурнаас болж "өвтгөсөөр", гомдоосоор, улам цааш нь түлхсэнээ та бүхэндээ ил далангүй хуваалцахаар зориг шулуудав. 

Хүн өөрчлөгдөхгүй. Харин үг, үйлдэлээ сайн бодож, дараа нь юу болохыг урьдчилан харж, өөртөө сануулсанаар тухайн хүн өөрөө биш аливаа зүйлд хандах хандлага, хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө, ээжтэйгээ, найзтайгаа гээд бүх хүмүүстэй хэрхэн харьцахаа өөрчилж буй хэрэг аж. 

Өөрийгөө "түргэн уурын асуудалтай" гэдгээ хүлээн зөвшөөрч чадах нь анхны алхам. Үсээ сэгсийтэл уурлаж, уушги зүрх нь сагсайсан хүнээс ямар олигтой үг гарах билээ. 

Ингээд миний ууртай тэмцэх гараа сэтгэл зүйчид хандсанаар эхэлсэн юм. Энэ хүн үндсэндээ техникийг нь надад зааж өгсөн. Үүнээс цааш үргэлжлүүлээд арав, хориод ном уншин тэмдэглэл хөтлөж, тэр бүхнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээсээр явтал нэг мэдэхнээ сэтгэл заслын гайхамшигт ертөнцөд бүрэн автжээ. 

Хүн тархиа дасгалжуулж, өмнө нь тогтож заншил болсон түргэн уурын гайгаас гарч болдог аж. Гурван удаа эмч дээр очиж, хоёр ном уншаад, сарын дотор цоо шинэ уургүй хүн болохгүй. Хүүхэд хөлд орж байгаатай адил эхлээд юм түшиж зогсоно, тэгээд тавилга дагаж алхана, нэг өдөр түшлэггүй ганц ахлаад унаж уйлна, маргааш нь хоёр алхана, нөгөөдөр гурав алхаад унаж өвдгөө шалбална. Хүүхэд хэдэн ч удаа ойчсон дахин дахин зүтгэсээр нэг л өдөр чөлөөтэй алхаж сурсан байдаг. Их чанга унаж өвдсөн бол хэсэгтээ айгаад хаширлах нь бий. Уурнаас салах яг л иймэрхүү үйл явцтай. 

Ингээд би тууштай тэмцэж, бололцоотой бүх сувгаа ашигласаар, хайртай хань, гэр бүл, дотны найзуудын тусламжтайгаар ямар ч байсан "өөр хүн" болж эхэлсэнээ мэдэрлээ. 

Хэсэг хугацаанд бүрхэг байсан хайрын тэнгэр цэлмэж, эргээд би болоод миний хайртай хүмүүс аз жаргалаа буцаан авч эхлэхийг мэдрэх сэтгэл хөдлөм. 

Сэтгэл зүйд нэгэнт автсаных зүгээр сууж чадсангүй илүү ихийг судалж мэдэн уур чамаас нэг мөсөн хагацаж салахаар оюутан боллоо би...

Та хэдэн ч настай бай оройтно гэж байхгүй. Хэрэв уур нэгэн асуудал чинь бол эртхэн арга хэмжээ авч эхлээрэй. 





Friday, October 3, 2014

Би дарга болмоор байсаан

Би насаараа дарга болохыг мөрөөдсөөр ирсэн. Дармалаар дөнгөн данган бичиж сурчихаад ил захидал дээр (тухайн үеийнхээр открит) есөн шидийн юм бичиж доор нь гэрийн дарга гэж бичсэнээ одоо хараад нулимсаа гартал инээлээ. 

2004 оны УИХ-ын сонгуульд ажилсаны дараа, 23 нас хүрэхтэй үгүйтэй би Монгол Улсын нэгэн яаманд газрын орлогч даргаар ажилмаар байна гэж үнэн санаагаа илэрхийлсэнээр хэсэг хүмүүсийн дургүй ба эгдүүг зэрэг хүргэж явсан этгээд билээ. 


Одоохондоо би залуу хэвээрээ л дээ. Гэхдээ монголд ажиллаж, амьдарч байсан цэл залуу насандаа хэлбэр дагаж агуулгагүй амьдарч байсан мэт бодол жил өнгөрөх тусам гүнзгий суусаар. Дарга л болчихвол хүслийнхээ дээд цэгт хүрсэн мэт сэтгэж, хар багаасаа албан тушаал, нэр хүндийн хойноос цуцалтгүй хэдэн жил гүрийснээ бодоход жинхэнэ өөрийгөө шогломоор. 

Хоосон дипломоор биш туршлагаар ажил олгодог явдал энэхүү капиталист нийгмээс хамгийн их таалагдсан. Өөрөө чадаж л байвал чиний хаанаас ирсэн, хэний хүүхэд, хэдэн настай хэнд ч хамаагүй. 

Ажил, кареерь гэдэг амьдралаас салангид ойлголт. Өөрөөр хэлбэл чиний юу хийдгээр чамайг тодорхойлохгүй. Би ч гэсэн хүмүүс намайг нийгэмд ямар байр суурьтай, ямар ажил хийдэг, хэр том машин унадагаар нь биш хүнийхээ хувьд хэр хүн бэ гэдгээр нь дүгнэж, хандаасай гэж хүсдэг. 

Чухам одоо хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй ч миний мэдэхээр монголд зөвхөн нийгмийн амьдралаар нь хувь хүнийг тодорхойлж, харьцдаг байсан. Магадгүй би ч тиймэрхүү сохроор ертөнцийг хардаг байсан байх. 

Нутаг ус, ах эгч, найз нөхдөөсөө хол амьдрах тийм ч амар биш. Гэр бүл, үр хүүхдээс минь гадна эрх тэгш эрхээ эдлэхийг өдөр бүр мэдэрч, хүн шиг хүндлүүлж амьдрах нь намайг бас энд уядаг аргамж юм уу даа. 

Тийм ээ, би одоо дарга болсон. Өөрөө өөрийнхөө дарга болсон. Амьдралынхаа дарга болсон.