Tuesday, October 14, 2014

Миний "муухай" Америк зан хошигнол

Засварчин ирж угаалтуур янзлав. Халуун өдөр байсныг ч хэлэх үү, хөлс нь цутгаж байгаа гэж жигтэйхэн. 

Ус уух уу гэж асуувал үгүй гэхийг нь би мэдэх тул савтай ус барьж, энийг уу гээд тулгах шахам өгөв. Гайхах баярлах зэрэгцсэн засварчин гэрээс гарахдаа олон дахин баярлалаа гэж хэлсэн нь миний өдрийг улам ч өнгө оруулав. 

Хэрэв та Америк айлд эсвэл энд их удсан монгол айлд зочлох гэж байгаа бол нэрлэхүү зангаа орхихгүй бол өлсч мэднэ. 

Манай монголчууд асуухаар асга гээд хүнээс хоол цай идэж уух уу гэж асуулгүйгээр юу байгаагаараа дайлдаг үнэхээрийн элгэмсэг улс. Говийн айлууд замд яваа хэн нэгэн хүйтэн чин цай ч болтугай залиглаг хэмээн үүдээ цоожгүй орхидог байсан үе саяхан. 

Энд эсрэгээрээ шахам. Манайд ирвэл та нар намайг аяганы амсар зуулгадаггүй, хүн дайлж цайлж мэддэггүй яачихсан эзэгтэй вэ гэж "муулж" магад. 

Аливаа юманд амархан дасдаг хүний тоонд би орно. Орчинд нь амьдраад ороо хүртэл хуваалцаж буй болохоор яах аргагүй соёл заншилд автах юм. 

Ороод ирэхэд чинь цай, кофе, ус, жүүс уух уу гэж асуух бий вий. Үгүй гэж хэлвэл үгүй л гэж ойлгоно. Хоолоо идсэн үү, юу идэх үү гэж асуувал санаа зоволгүй хүссэнээ хэлээрэй. Хэрэв нэрлэхээд "үгүй, үгүй зүгээр" гэвэл юу гэсэн үг вэ, алив ид ид гээд нүүрэн дээр чинь айргийн аягатай хоол бариад шахахгүй шүү. 

Манайд өөрийнхөө гэрт байгаа юм шиг байгаарай гэж хэлвэл үнэн сэтгэлээсээ сайхан хандан, гараа дэлгэн угтаж буйгийн илрэл. 

Хэрэв уриагүй л бол гадуур гараад, хамт хооллох болвол хувааж төлөхөө мартав. Ах дүү чинь ч байна уу, амраг найз чинь ч байна уу, арав хоносон ч байна уу, нэг хоносон ч байна уу, явахдаа баярлалаа гэж заавал хэлдэг юм шүү. Бэлгээ хүлээгээд хоосон гаргасанд бантав аа. Зул сарын баяр тохиогоогүй бол буудал дээр барьж очих цэцэгнээс цаашлахгүй л болов уу. 

Жигтэйхэн цэвэр цэмцгэр биш ч гутлаа тайлж айлд ордог ази заншилаа харин хадгалсан билээ.

Ээд дээ, миний энэ "муухай" Америк зан уу. Энэ жил ээжийгээ ирэхээр тавгийн идээ засаж өгье байз. Орсон гарсанд чихэр, ааруул тарааж өгөхдөө дуртай байдаг юм миний сайхан ээж.








2 comments:

  1. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ..

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу ? Frank. Харин тийм ээ. Амьдарч буй газрынхаа уул усыг нутгийнхаа уул устай хамт шүтэж бас усыг нь уувал ёсыг дагаж яваарай гэж аав минь захидаг байсан. Ингэхэд би чамайг мэдэхгүй хэрнээ Frank сэтгэгдэл үлдээж үү гээд хүлээдэг болсон байна :) Дахин баярлалаа

      Delete