Sunday, October 12, 2014

Ээжийгээ нэгдүгээр зэрэглэлээр аялуулаагүй ч

Би ээжийгээ брендийн хувцасаар гоёж, үнэт чулуугаар чимэн нэгдүгээр зэрэглэлээр аялуулж чадаагүй. 

Тансаг харшид амьдруулахсан гэж мөрөөдсөн минь харин үнэн. Санаа байвч сачий хүрсэнгүй гээд би уйлаагүй. 

Чихийг нь цөөхөн халууцуулж, үр хүүхэд бид эрүүл саруул явбал эхийн хэрэг бүтдэг ажээ. Нөхцөл, бололцооныхоо хэрээр цагийг хамт өнгөрөөж, халуун дулаан яриа өрнүүлвэл нүүрний биш ч гэлээ сэтгэлийнх нь үрчлээ тэнийж, зүрхнийх нь нар мандахыг заримдаа бид мартдаг юм шиг. 

Амтат бялуугаар ээжийгээ би бялууруулж үзээгүй ээ. Арай шим тэжээлтэй, эрүүл хүнсийг бодож амт муутайхан хоолоор дайлдаг. Чин үнэндээ дахиад нэгхэн өдрөөр ч илүү ээжтэйгээ хамт байх гэсэн өөрийнхөө аминчхан бодлоос болоод сайн охины дүр эсгэдэг. 

Ээжээсээ хол байхаар цаг хугацаа улам түргэн урагшлаад байх шиг зүрх хурдан цохилж, би сандраад байх юм. 

Амьсгалаа гүнзгий авлаа. Миний гэр бүл амгалан бол ээжийн минь сэтгэл тайван. Дор бүрнээ хичээгээд, аз жаргалын төлөө амьдарвал хол ч бай ойр ч бай эхийн магнай тэнийнэ. 


2 comments:

  1. Санах л юм ижийгээ,
    Санчигных нь үсэнд нь сор суухаас өмнө,
    Саальтай хувин дааж чадахаа болихоос өмнө
    Санааг нь амирлуулж сайн яваагаа харуулахсан хүү нь...

    ReplyDelete
    Replies
    1. Saihan bichjee. Uran buteelch setgelgeetei hun bn gej medreed bsn unen bsn bnaa

      Delete