Sunday, October 19, 2014

Нөхөр бид хоёрын тохиролцоон

Хань бидэн хоёрт хүний нүдэнд харагдах, харагдахгүй олон ижил чанарууд бий. Хүн хамгийн ойр байгаа хүмүүсээс сайныг ч , мууг ч суралцдаг.  Нөхрөөсөө олон сайхан зүйлийг сурсан гээд хэлчихвэл хэтрүүлсэн хэрэг болохгүйг түүнийг минь мэдэх хүмүүс нотлоно. 

Би заримдаа "хүн муулчихдаг" зантай. Түүнийгээ, алиалсан юм, хошигносон юм, егөөдсөн юм гэх мэтчилэн засах гэж оролддог байлаа. Үнэндээ эдгээрийн аль нь ч бай хэн нэгний тухай сөрөг юм хэлсэн, ярьсан л бол "хүн муулж" буй хэрэг. 

Миний энэ занд нөхөр маань дургүй. Сонсож дуусаад "тэгсийн биш үү, ингэсийн биш үү гэж миний хэлсэн сөрөг үгийг эерэг нөхцөлөөр солино" . Хэзээ ч надтай нийлэн дуугаа авалцан "муулж" байгаагүй. 

Намайг муухай зангаасаа салахыг бага багаар дасгалжуулж байжээ. Одоо би хэн нэгэн надад буруу, эвгүй бодол төрүүлэх үг хэлвэл сөргөөр бодохын оронд тухайн хүнд хэцүү өдөр байж дээ, өөр хүнд уурлачихсан явж дээ, ядарсан байсан байлгүй дээ гэх мэтээр нөхцөл байдлыг нь хүндлэн ойлгож, өөртөө тусгаж авахаа больжээ. 

Хөнгөн жижиг сэдвээр хэн нэгнээ "муулах" нь зарим үед сэтгэлийн алжаал тайлах шидтэйг та, чи, бид бүгдээрээ мэднэ. Тиймээс нөхөр бид хоёр хэдэн сарын өмнө дараах тохиролцоо хийв. 

Кино, зурагтын одоос бусад хүмүүсийг хоорондоо "муулахгүй" гэж...  

Манай нөхрийн дүү, түүний эхнэр бид 4 нийлээд бүгдийнхээ таньдаг хүмүүсээр тоглоо хийж, алиалдаг хоббитой байсан хөг ингээд өнгөрөв. Тэглээ гээд бидний хөгжил зогсоогүй. 

Зарим хүмүүс нэгнийхээ сөрөг, муу талыг гоочилчихоод "би егөөдөх дуртай, чи егөө ойлгохгүй" гэж хаацайлдаг. Ялангуяа, НүүрНом гэх мэт нийгмийн харилцааны хэрэгсэлээр нэгнийгээ егөөдөх, муулах, доромжлох хандлага байх шиг санагддаг. 

Хүн бүр дотроо бодолтой байж, хэн нэгнээ багахан шиг "муулж" амьдрах юмсандаа. 

2 comments:

  1. БИ(д) Ер нь өө харахдаа сайн мөртлөө өөдтэй өнгөтэйг нь харахдаа тун муу юм шиг байгаа юм. Сайхан үг хэлэхээс илүү саар үгс чулуудсаар дасчихсан байснаа нутгаасаа хол ирж байж анзаарч билээ. Хамгийн муухай нь сурсан юмыг сураар боож болохгүй гэж..

    ReplyDelete
    Replies
    1. Сайн, муу ямарваа нэг дадал зуршил болсон зүйлээс салахад хэцүү. Тэгэхээр сайн юмыг дахин давтаад дадал зуршил, хэвшил болгочихвол их зүгээр юм шиг. Бид хоёр ер нь хүн "муулахгүй" хэвшиж байна шүү ;)

      Delete