Saturday, July 11, 2015

Хамгийн сайхан нь энэ жил буюу наадмын дурсамж хөвөрнө

Сүүлийн 3 жил наадамдах боломж олдоогүйг ч хэлэх үү энэ жил сэтгэл хөдлөм сайхан наадлаа. 

Түрүү жил европт зугаалж таараад, түүний өмнөх жил эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр ганцаараа хэвтэж өнгөрөөгөөд, 3 жилийн өмнөх наадмаар охин гэдсэнд өсөж таарсан агаад томорч буй гэдсээ бариу дээлэнд чихсэнээс үү, угаасаа хүндхэн жирэмслэлт байсан болоод уу, наадам орох замдаа бие алжаагаад гэр өөдөө буцсан түүхтэй билээ. 

Толин Хул эгшиглэхэд сэтгэл огшиж, зөвхөн монголд төрж өссөн хүнд л мэдрэгддэг болов уу гэмээр тэр гэж хэлэхийн аргагүй омог бардам хэрнээ, эх орноо санах эмзэг мэдрэмж төрж нулимс гарах алдана. 

2008 оны наадам хөгтэй бөгөөд хөгжилтэй тул сэтгэлд тод үлджээ. Би Бямба, Ням гарагт өглөө 6 цагт кофе шопоо нээх ажилтай. Тухайн жилүүдэд амралтын өдөрт зохиогддог арга хэмжээнд очих боломжгүй, очсон ч заавал хоцорч очдог байж билээ. Түүнээс болж сэтгэлээр унаж, насаараа амралтын өдөр ажиллах мэт гунигтай бодол төрдөг байснаа нуух юун. 

Тэр жил зээ дүү минь зуны зусланд явах замаараа манайд нэг сарыг өнгөрөөсөн юм. Нутгаас гарсанаас хойш 2 жилийн дараа өөрийн гэсэн хүнтэйгээ анх уулзаж буй нь тэр. Дүүгээ ирэхийг сонссон өдрөөс хойш илүү цаг ажиллах боломж гарах бүрт гүрийтлээ халуун өдөр халуун кофе бүрж, халуун зууханд омлет шарсаар нэлээд хэдэн төгрөг илүүчлэн нөөцөлж амжив. 

Монгол наадам Бямба гарагт тохиосон санагдана. Би өглөө 5 цагт босч 40 минут орчим автобусаар Сан Францискогийн төв орж ажлаа нээнэ. Манайх тэр үед Инглсайд хэмээх дүүрэгт өндөр уулан дээр, бөөн манан дунд айлын байшингийн нэг давхарыг хөлслөн амьдардаг байлаа. 

Ажлаасаа эрт тарахыг эзнээсээ гуйж өөрийнхөө оронд эзнээ ажиллуулчихаад гадаа гарахад нөхөр, дүү хоёр хэлсэн ёсоороо хүлээж зогсов.

Би хувцасаа сольж өмсчихөөд усанд орох боломжгүй тул шарсан талх, кофений үнэрээ дархаар үнэртэй ус ахиухан цацаж орхих нь тэр. Төд удалгүй ихдүүлж түрхсэн усны үнэртээ мансуурч арай л бөөлжилгүй явсаар наадамд очсон хөгтэй. Дүү маань одоо ч хүртэл дурсан ярьж бөөн инээдэм болдогсон. 

Энэ жилийн наадамд заавал очно доо гэж би дотроо амласан юм. Ажилдаа жинхэлсэн долоо хоног таарч, завгүй байсны улмаас хувцасаа ч угааж амжаагүй байтал наадмын өглөөтэй золгов. Азаар байсан нэг шинэ цамцыг нөхөртөө өмсгөөд (цагаан өнгөтэй цамцыг хараад би дотроо "за хэрэг ч бишидлээ дээ, наадам хүрээгүй явтал манай хүн толбо тогтоочихно доо" гэж бодсон ч өөр арга байсангүй), охиндоо намраас өмсгөнө гэж ялгаж тавьсан эгчийн охиноос ирсэн томдуу хувцаснаас арай багыг нь шилж өмсгөөдхөв. Өөрөө ганц цэвэрхэн үлдсэн цагаан (бас цагаан юм, дүүрсэн хэрэг гэж бодов) цамц, богино өмдөө углаад Сан Францискод ийм хувцастай даарах маань тодорхой боллоо гэж бодсон ч цаг агаар итгэхийн аргагүй сайхан байлаа. 

Миний оригиналь төлөвлөгөө бол охинтойгоо хамт монгол хувцасаар гоёх байсан ч миний монгол хувцаснууд багадах нь багадаад, томдох нь томдоод нэг л санаанд хүрсэнгүй. Өмсөөгүй нь ч болж, наадмын гоёл дараагийн түвшинд очжээ. Охиндоо нэг дээл өмсгөх гэсэн боловч охиноо чөлөөтэй гүйж наадаг гэж бодоод энэ жилдээ өмсгөөгүй билээ. 

Юутай ч бид 3 сайхан наадлаа. Энэ жил хамгийн сайхан наадам болсоны учир нь нэгэн бүсгүйд оршино. Өмнө нь огт хараагүй эмэгтэй дотно инээмсэглэсээр ирж, сайн уу Тэсс гэж таньдаг хүн мэт мэндлэв. Би блогийг чинь байнга уншдаг, миний дүү үнэн юм бичдэг, хүмүүст хэрэг болж байгаа шүү, би чиний бичсэнийг уншаад инээх үедээ инээж, уйлах үедээ уйлдаг гэж үнэн сэтгэлээсээ намуухан хэлэв. Эгэл даруухан хэрнээ аугаа сэтгэлтэй тэр бүсгүй итгэгч гэнэ. Сэтгэлийн хөөрөл тэнгэрт тулсан би хязгааргүй баярлаж, нөхөртөө хандан бардмаар "тээр, хэлээгүй юу? миний уншигч нар байгаа гэж би хэлээ биз дээ" гээд л чангаар онгиров. 

Христэт итгэдэг хүмүүс цаанаа л өөр, нэг л дотно санагддаг. Манай охин Христийн сургалттай сургуульд явдаг юм. Одоо гэртээ ирээд хоол идэхдээ залбирана гэж бид хоёрыг сургадаг болсон. Бид хоёр бүтэн сайн бүрт сүмд очоод байдаггүй ч охиноо ийм зүйлд суралцаж байгаад баяртай байдаг. Миний дал гарсан буурал ээж минь мөнгөн загалмай хүзүүнээсээ салгадаггүй "улаан христч" гэж би нээрээ хэлсэн бил үү? 

Хойтонгийн Наадам хүртэл хэдэн хүнд туслахаа тоолоорой. "Туслах" гэдэгт гацхан мөнгө, эд хөрөнгө орж байгаа биш. Жижиг, том олон янзын тус байж болно. Мэдэхгүй ганц зүйлийг нь хэлээд өгөх, ажилд нэгнээ зуучлах, амьдралдаа алдаж гишгэсэн нэгнээ алзахгүй ээ, дахиж битгий алдаарай гээд урам хайрлах, архинд автсан найздаа нүдийг нь нээтэл шударга үг чулаадах, хүүхдийг хааяа нэг удаа атга чихрээр хуурч шүдийг нь хорлохын оронд өдөр бүр хайрлаж, цагийг хамт өнгөрүүлдэг болох, эхнэрээ хуурч, гар хүрэхийн оронд эр нөхрийн үүргээ ойлгож, хүн шиг амьдрах гээд өчнөөн олон өөртөө болон гэр бүлдээ, өрөөл бусдад, танихгүй нэгэнд хүргэх мянга түмэн тус орчлонгоор дүүрэн байна. Дор бүртээ хичээгээд, хүн хүнээ хайрлаад явбал Наадам шиг өдөр бүхэн өнгөлөг бас инээдээр дүүрэн байх бус уу?

Дараа жилийн наадам хол биш ойрхон санагдана...

PS: нөхөр маань цамцан дээрээ хуушуурын тос дусаагаагүй нь бас их онцлог байлаа. Мөн найз охинтойгоо хувааж уусан аяга нь 6$-ын айраг үнэхээр амттай байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй санагдав. Айргандаа байв уу? Хамт уусан хүндээ байв уу? Эвдэрсэн сэтгэл эвлэрсэн сайхан наадам ч юм шиг. 

3 comments:

  1. Сэтгэлд нэг л ойрхон энгийн бичих нь өөрөө агуу чадвар юм. Сайхаан сайхан. Хойтон жилийн наадам хол байна даа хол байна.

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa, harin chi bol tansag saihan mongol ugseer setgeliin utas hundtul bichdeg shuu! Shine bichleg oruulahgui yagaad udaad bainaa?

      Delete
    2. Сэтгэл нэг л тухгүй, өөрийгөө ч ойлгохгүй болохоор юун бичлэг манатай. Бүр бичвэр ч уншилгүй удлаа. Саяхан энэ оны анхны бичлэгээ хийчэхээд башийчихсан л сууж байна хэхэх.

      Delete