Харилаа.
Хамгийн түрүүнд төрдөг бодол "хэрхэн буцна даа". Хариа ч үгүй хэрнээ эргээд ирнэ гэхээр сэтгэл өмрөөд яваагүй нь дээр санагддаг.
Санаагүй, үгүйлээгүй мэт, хэнэггүй "гадаад зан" гаднаа гаргавч дотроо зүрх минь шимширч, элэг минь эмтрэн эхэр татан уйлмаар.... Үүнийг нутгаасаа, аав ээж, ах эгч, дүү, багын найз нараасаа олон жил хол амьдрагсад л мэдрэх мэдрэмж. Түүнийгээ бид хэрхэн илэрхийлэхээ бас хэлж мэдэхгүй төсөөрөн өөрчлөгдсөнийг минь ойлгож уучлаарай.
Юугаар бид энд дутдаг вэ? Өөрсдийн хүнээр. Тэмдэглэлт гэр бүлийн өдрүүдээр...
Ах минь хүүхэдтэй болж гэнэ, эгчийн минь төрсөн өдрүүд, ээж минь алжаалаа гэнэ, найз минь гавъяат болж, тэр минь өвдөж, энэ минь шагнуулж...
Биеэрээ хуваалцаж чадаагүй амьдралын дурсгалт мөчүүдийг санадаг. Цаг товлож, төлөвлөлгүй ороод гарах айлаар дутдаг. Уран үгсээр хэл гацах асуудалгүй эх хэл-монгол хэлээ үгүйлдэг.
Програмчлагдсан амьдралдаа дасаж, соёл болоод зан минь өөрчлөгдсөн бол уучлаарай.
Миний энэхүү дотоод мэдрэмжийг насны хань минь ч бүрэн дүүрэн ойлгохгүй, зулай зулайгаа гишгэн төрсөн ах эгч минь ч тайлшгүй. Голыг нь олоод онож тайлбарлах миний чадвар ч хүрэхгүй. Болдогсон бол сэтгэлийн хаалгаа нээгээд бүгдийн тань нэг шагайлгахсан.
Хоёр соёлын дунд хавчигдсан халиуны бяцхан зулзага юм уу?
Эсвэл амьдралын төөргөөр хатуужиж сэтгэлийн хат суусан үнэн зоригт, үхэшгүй мөнхийн хүчтэй (Strong) Монгол бүсгүйчүүд үү бид?
Нээрээ л нэг тийм Монгол үнэр, амт, ахуй дутагдаад хааяахан нэг санаа алдан гансрах үе байдаг! Гэхдээ бид дэлхийн иргэн гэдгээ бодоод шүд зуугаад л урагшаа алхдаг! Энэ мэдрэмжийг хол газар, хүний нутагт олон жил амьдарч байгаа хүмүүс л ойлгох тийм чухал сэтгэл хөдлөл! Заримдаа Монголдоо очоод гадуурхагдах нь ч бий! Хоёр соёлын дунд хавчуулагдсан хөөрхий бидний өртөөлөгчид (expatriate гэдгийг ингэж сийрүүлэв, уг орчуулга нь цагаачлагч гэж буух юм билээ) л мэдэх буй заа!
ReplyDeleteХоёр соёлын дунд хавчуулагдсан гэж яг хэллээ... Баярлалаа Франк
Delete