Friday, February 28, 2014

Гэр бүлийн хүчирхийлэл хэнийг ч ялгахгүй

Америкт ирээд удаагүй байсныг ч хэлэх үү. Сургууль, ажил, гудамж, дэлгүүр, тээврийн хэрэгсэл гээд хаа явсан газар түмэн төрлийн хүмүүс таарна. Арьс өнгө, хүйс, нас, хувцасны загвар гээд бүх юм нь өөр өөр. Анх 2001 онд би Токиод очиход хүмүүсийн хувцасны загвар нь маш ихээр содон санагдаж байсан бол Америкт ялангуяа Сан Францискод ирээд энэ хүн дэлхийн хаанаас ирсэн хүн бол гэж өөрийн эрхгүй шохоорхон харж эхний хэдэн сарыг өнгөрөөж билээ. Ерөнхийд нь өмнөд америк маягийн хүн байна, Европ царайтай хүн байна гэж мэдэхээс яг ямар орноос ирсэн буюу ямар гарал угсаатай хүн болохыг таахад бэрх. Ази тивийн хүмүүсээ ихэнхийг ялган танина. Заримдаа, Веьтнам, Тайландыг хольж хутгана. 

Сургуулийн найз, ажлын газрын хүн, байрны хөрш, зүгээр л гудамжинд таарч "hi" гэж хэлдэг "найз" гээд олон янзын хүмүүстэй өдөр ирэх бүр танилцсаар, нөхөрлөсөөр. 

Нөгөө монголын зурагтаар анх цацагдаж байсан гадаад сурталчилгааны нэг болох "Dove" савангийн рекламд гардаг шиг "би үнэхээр сониуч хүн, сэтгүүлч болох хүсэл маань ч үүнтэй холбоотой" гэдэг шиг би ёстой жинхэнэ сониуч хүн дээ. Хүнийг ялгаж салгахгүй адилхан харьцаж, яриа өрнүүлэх дуртай нэгэн. Хүнтэй их амархан дотносож чаддаг гэх үү дээ. Зарим хүмүүст энэ зан маань сул тал болж харагддаг ч гэлээ миний хувьд давуу тал минь гэж боддог. Хүний итгэлийг богинохон хугацаанд олж чадан мөн хүнд амархан итгэж үүд хаалгаа чөлөөтэй нээж чаддагтаа би баярладаг. 

Эмэгтэй хүний тэгш эрх, тэр тусмаа гэр бүлд эзлэх байр суурь, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үргэлж тэмцэхийг хүсэж ирсэн зангаараа танилцсан төрөл бүрийн гарал угсаатай, өөр орчинд өсөж төрсөн, боловсрол мэдлэгээр ялгаатай, хэл соёл ижилгүй охид эмэгтэйчүүдтэй халуун яриа өрнүүлэх нь надад сонин байдаг. 

Гэр бүлийн хүчирхийлэл дэлхийн хаа сайгүй ямар ч эмэгтэйг ялгахгүйгээр оршсоор байгаа нь тун харамсалтай. 

Сан Францискогийн "City College"-д суралцаж байсан нэгэн Турк охинтой найз болов. Тайланд найз охиноороо дамжуулан танилцсан юм. Өндөр шулуун хамар, өтгөн бор хөмсөг, давхраатай том нүдтэй, хөх бөгс ч сайтай ер нь хэн ч харсан сайхан охин. Америкт амьдраад 3 жил болох гэж байгаа нэгэн. Анхныхаа охиныг төрүүлээд 8 сар болж байгаа. Нутгийнхаа залуутай ханилан суугаад удалгүй гэр бүлээрээ Америкт цагаачлан ирсэн ажээ. Бид 3 хааяа уулзаж кофе уух буюу өдрийн хоол иднэ. Гурвуулаа бага насны хүүхэдтэй, хоорондоо хол амьдардаг учраас оройн хоол хамт идсэн удаагүй. Учир нь хүүхдээ унтуулах гэдэг том ажил. Гадуур оройтож гарвал хүүхдүүдийн маань унтахын өмнөх хуваарь өөрчлөгдөнө гэдэг асуудалтай.

Турк найз маань хоёр гурван ч удаа энд тэндээ бага зэрэг хөхөрчихсөн ирсэн удаатай. Би их салга шүү дээ, юм хум харалгүй очоол мөрөгчихдөг юм хэмээн инээдэм болгон өнгөрч байсан юм. Хааяа ирж чадахгүй боллоо гэж хойшлуулна. Сарын өмнөхөн бид 3 миний шинэ номыг тэмдэглэн өдрийн хоол идэх боллоо. Гурван талаасаа ижил зайд уулзахаар тохирч далайн эргийн ойролцоох жижигхэн кафег сонгон дараа нь далайн эргээр алхахаар төлөвлөв. 

Нарлагхан өдөр хэдий ч Турк найз маань битүү хоолойтой зузаавтар цамц өмсжээ. Хоол идэх үеэр нэг л сэтгэл нь таагүй мэт ойр ойрхон ариун цэврийн өрөө явах агаад миний ярьж буй үгийг сонсох сөхөөгүй байгаа нь илт.

Далайн эргээр мөнөөх л есөн зүйлийн хүн, хүүхэд, нохой дүүрэн. Дулаахан өдөр болохоор илүү их хүнтэй. Жаахан алхаж байснаа Турк охин маань уйлчихав. Чиний номны утгыг яриулчихаад, би ингээд чиний хажууд зүгээр алхаж чадахгүй нь гэлээ. Тайланд найз охин бид 2 дуугүй л ярихыг нь хүлээв. Нөхөр нь үргэлж янз бүрийн шалтаг олон зоддог ба нөхрөөрөө тэжээлгэж байгаа учраас хэнд хаана ч хандах эрхгүй гэнэ. Тэгээд ч цагдаад мэдэгдвэл гэмтээнэ гэж сүрдүүлдэг ажээ. Хүүхэдтэй болсоноос хойших 8 сарын дотор хүүхдийнхээ живхийг нэг ч удаа сольж үзээгүй эцэг гэнэ. Хааяа нэг уулзаад яаран харьдаг нь ч нөхөртэй нь холбоотой болж таарлаа. Үргэлж урт бошинз, ханцуйтай цамц өмсдөг нь ч үүнтэй холбоотой гэдгээ хэлэв. Дээрээс нь өөрөө нөхөртөө маш их хайртай бөгөөд түүнгүйгээр амьдраад ч хэрэггүй гэж боддогоо нуусангүй. Дөнгөж сая номныхоо утгыг орчуулан тайлбарлаж байсан надад шууд тайвшруулан хэлэх үг үнэндээ олдсонгүй. Би хэсэг бодож, өөрийгөө түүний оронд тавих гэж үзлээ. 

Чи ойлгох хэрэгтэй, эрх чөлөөт энэ оронд амьдарч байгаагийн хэрэг юу билээ харин ч амархан тус ирнэ гэж би зөөлөн хэллээ. Алагласан, гоёмсог хэрнээ гунигаар дүүрсэн нүднээс нь бөмбөрөх том том нулимсыг хараад би хүчирхийлэл гэдэг үгийг шууд хэлж зүрхэлсэнгүй. Би энэ номоо яагаад монгол хэл дээр бичсэн бэ гэвэл манай оронд эндэхтэй харьцуулбал байдал өөр. Тусламж авах нь хэцүү бас хол тойруу замтай. Зарим хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэж юу хэлээд байгааг ч сайн ялгаж чадахгүй байж магад. Харин энэ оронд бол тусламж авахыг хүсвэл ирэх нь түргэн, гэр бүлийн хүчирхийлэл гэж чи сонссон биз дээ ... чи миний хэлж байгааг ойлгож байна уу гэхэд толгой дохилоо. Чи "ВИК" програмд хамрагдсан уу гэж би асуулаа.

ВИК гэдэг нь товчилсон нэр бөгөөд нялх хүүхэдтэй эмэгтэй хүнийг дэмждэг улсаас үзүүлдэг програм юм. Нийт Америкийн 50-60 хувийн өрх үүнд хамрагддаг тооцоог би гүүглээр харлаа. Сард 100-200 орчим долларын өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүн хүүхдэд нь олгодог. Жирэмсэн эхчүүд бас хамрагддаг шиг санагдаж байна. Би жирэмсэн байхдаа ажиллаж байсан учраас манай өрхийн орлого хэмжээнээс нь хэтэрсэн тул уг програмт хамрагдах боломжгүй байсан юм. Харин сонирхон судалж байсны ачаар програмд хамрагдсан ч бай үгүй ч бай ямар ч эмэгтэй асуудал, бэрхшээл тулгарвал тэдэнд хандаж болох ба шууд туслахгүй ч гэсэн цааш хаана хэнд хэрхэн хандаж тусламж авах талаар зөвлөдөг газар гэдгийг мэдэж авсан билээ. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлд автсан бол яах уу, даатгалгүй үедээ эрүүл мэндийн тусламж хаанаас авч болох, үнэ хямд сэтгэл судлаач хаанаас олох гэх мэт бүх л асуудлыг чиглүүлэн өгдөг буянтай газар гэдгийг олж мэдсэн нь програмд хамрагдаж чадаагүй ч хэн нэгэнд туслах завшаан хожуу олдсонд дотроо баяртай байв. 

Ингээд би Турк найз охиндоо "ВИК" -т очиж үнэн байдлаа хэлэхийг зөвлөсөн бөгөөд өнөөдөр надруу утсаар ярилаа. Нөхөртэйгөө хамт нарийссан мэргэжлийн сэтгэл судлаач дээр очиж эхэлсэн бөгөөд хоёулаа гэр бүлээ аврахыг хичээхээр тохирчээ. Хараахан бүх байдал 100 хувь сайхан болоогүй ч сэтгэл судлаачийн хэлснээр багагүй хугацаа орно гэдгийг ойлгож байгаа  гэнэ. Найз маань асуудал зөв тийш эргэж эхэлж байгаад маш их баяртай байгаагаа хэлэхэд угаасаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй би уйлах шахаж блог нээснээ дуулгаад Турк найзынхаа түүхийг хуваалцах зөвшөөрлийг авчихаад яаран сандран бичиж суугаа минь энэ. Надаа Турк үндэсний хувцас бэлэглэж баярласнаа илэрхийлэх юм гэсэн шүү. 

Ингээд бодохоор ямар ч гарал угсаа, ажил мэргэжилтэй бай гэр бүлийн хүчирхийлэл хэнд ч хаана ч тохиолдож болох бөгөөд та хэн нэгэнд хэлснээр, ярьснаар, тусламж хайснаар хүчирхийллээс ангижрах болно. 






"Туслахыг минь зөвшөөрөөч" номын хэсгээс Хуудас 22-23

Хүчирхийллийг үгүйсгэж нуун дарагдуулах
 Нэг л биш харилцаа гэдгийг өөрөө мэдэрсээр байж хэнд ч хэлэхгүй тас дарж  гаднаа зөв зүгээр жаргалтай эхнэрийн дүр эсгэж өөрөөсөө хүртэл нууж юу ч болоогүй мэт царайлдаг. Ийнхүү өрөөлийг болон өөрийгөө хууран хиймлээр амьдрах нь хамгийн аюултай хэлбэр. Учир нь таны дотны хүмүүс болох эцэг эх, гэр бүлийнхэн тань сэжиг авахгүй удахын хэрээр таны аюулгүй байдал алдарсаар, ихэссээр байдаг. Дарамтлагч нөхөр чинь энэ завшааныг илүү ашиглаж энэ надаас айгаад хэнд ч хэлэхгүй нууж байна, би яаж ч авирласан миний дур гэдэг бодол толгойдоо ургуулж байдал улам хурцдах хэмжээнд хүрдэг. Мөн би гэрийн эзэн, хүчтэй нэгэн хэмээн бүрэн итгэж өөрийн тань хэнд ч хэлж чадахгүй байгаа сул дорой байхыг чинь хараад илүү ихээр дарамтлан зовоодог. Хүчирхийлэгч этгээд хэдийгээр таны нөхөр, хайртай хүн ч гэсэн таныг “Өө эвий минь миний зан авирыг ээ, намайг өөрт нь гар хүрснийг энэ хүн хүмүүст хэлсэнгүй дээ. Би дахиж тэгэхгүй юм шүү” гэж үнэн сэтгэлээсээ хэзээ ч бодохгүй, засрана гэдэгт найдаад ч хэрэггүй. Хэрэв эр хүн чамд нэг удаа л гар хүрсэн бол дахиж заавал гар хүрнэ гэдгийг л анхнаасаа охид бүсгүйчүүд минь амны уншлага болгон тогтоож амьдралдаа тусгаж аваач ээ хэмээн хүсэх байна. 
Хүчирхийллийг нуун дарагдуулж, үгүйсгэсний улмаас  эмгэнэлтэйгээр төгссөн тохиолдол зөндөө бий. Өөрөө амиа алдаж дуусахаас гадна ардаа хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийллийн гэрч болсон үр хүүхэд тань насан турш гашуун дурсамжаар амьдарч, сэтгэл мэдрэлийн хүнд хөнгөн өвчин тусахаас гадна хэзээ ч эрүүл, энгийн амьдрал зохиож зүрхлэхгүй зөвхөн ганцаараа дотроо шаналан амьдаараа тамлагдах болно.

Та хичнээн ихээр хичээн хүчирхийллийн хохирогч болон амьдарч байгаагаа ээжээсээ, ааваасаа, ахаасаа, эгчээсээ, дүүгээсээ, сайн найзаасаа  нуулаа ч та өөрөөсөө хэзээ ч нууж чадахгүй. Бүсгүй та өнөөдөр хэдэн настай ч бай хамаагүй, хэдэн хүүхэдтэй ч бай хамаагүй хүчирхийллээс ангижрахаасаа нэгэнт өнгөрсөн гэж бодож хэрхэвч болохгүй. Та өөрөө өөрийнхөө эзэн нь байж шийдвэр гаргах цаг боллоо. Амаа нээн хэн нэгэнд хэл, бич. Танд заавал тусламж ирэх болно. Ихэнх тохиолдолд хэдийгээр ойр дотны хүмүүс чинь таныг хүчирхийлэлд өртөн амьдарч буйг гадарлалаа ч таны тусламжгүйгээр танд туслах боломжгүй гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл таны гаргах шийдвэргүйгээр, таны гаргах зориггүйгээр ойр дотныхон чинь танд тус дэм үзүүлж чадахгүй.

Thursday, February 27, 2014

Ээжийнхээ тухай

Ээжийнхээ тухай бичих гэхээр эмээдэг би
Энэ сайхан хүнийг төгс дүрсэлж чадахгүй бол яана гэж зүрхшээдэг
Сэтгэл дотроо ээж минь гэсэн битүү шивээстэй би
Сэмхэн хувцасыг нь үнэрлэдэг нялх зангаа бүгдээс нуудаг


Хатуухан хэлчихлээ

Уншаад, сонсоод байхнээ гадаад хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэйн талаар буруу бодолтой хүмүүс нэлээн байдаг шиг байх юм. Мэдээж огт ор үндэсгүй бол яахин тийм яриа гарах билээ. Үүнийг өөр өнцгөөс нь харж, ойлгоцтой хандаасай гэсэн дээ өөрийн түүхээ нээж байгаа юм шүү. 
Тийм ээ, би нэг бус хэдэн хүнээс сонссон. Чиний шийдвэр зөв үү, гэрийхэнтэйгээ ярилцсан уу, болж байгаа юм уу гэх мэтчилэн. Би тэр хүмүүст талархаж явдаг. Намайг гэсэн сайхан сэтгэлийн үүднээс асуусан, сануулсан гэж ойлгодог. 

Би ханьтайгаа танилцсанаас хойш яг 7 жил 2 долоо хоног болжээ. Тийм ээ, миний хань монгол хүн биш. Гэхдээ сайн хүн, дэлхийн нэгэн зөв бодолтой иргэн. 

Анхны харцаар дурлаж араас минь өдөр өнжилгүй хөөцөлдсөн цорын ганц хүн бол миний хань. Би загасны дэгээнд эхнэрээ өлгөж аваад тавилгүй татсаар байгаад өөрийн болгосон гэж хошигнож ярих дуртай хүн бол миний нөхөр. 

Манай нөхөрт их эд хөрөнгө байхгүй ээ харин намайг гэсэн хайр бие сэтгэлээр нь дүүрэн оргилж байдаг нь үнэн.

Монгол хүүхнүүд тэндхийн хүүхнүүдийн голсон, эрүү өвдөг нь нийлсэн, өв хөрөнгөтэй өрөвдмөөр "амьтадтай" нь л суудгийн гэнэ лээ гэж бичсэнийг уншсан нэгэн найз маань надад хэллээ. 

Надаас гадна гадаад нөхөртэй хэдэн найз охид бий, хамаатны дүү минь ч бий. Миний мэдэх энэ хүмүүс дотор дээрхтэй тохирох нэг ч "нөхөр" лав байхгүй. 

Миний ханийг сайхан гадаад хүүхнүүд нүдээ унаган хардгийг би бардамначихъя яадгийн. Гар дахь хуримын бөгжийг нь хараад халдаж чадахгүй нь яамай даа. 

Үүнийг уншаад уурлах хүн гарах л байх. Үнэнийг бичсэн хүнийг яах уу. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байна. 

Би 7 жил нөхрөөрөө хоол хийлгүүлсэн азтай бүсгүй. Сүүлийн 2 жил юм угааж үзээгүй дархлагдсан эхнэр ээ. Харин өнгөрсөн 2 долоо хоногийн турш сайн эзэгтэй байхыг хичээж, ханиа ажлаасаа ирэхэд нь амттай хоолтой байлгахыг хүсдэг боллоо. Юмаа угаалцаж хүүхдээ асардаг сайн ээж байхыг оролддог болжээ. 

Харийн хүн л гэх юм. Хүн л бол хүн шүү дээ. Миний хувьд хүн төрөлхтөнд сайн хүн, муу хүн гэж л хоёр ялгаа бий. 

Хайраасаа авсан цэцгийн баглааг задлаад монгол хүртэл эгнүүлэн тавибал за даа бараг л элбэг хүрэх болов уу. Ханиасаа сонссон сайхан үгсийг жагсаан бичвэл хайрын зузаахан нэвтэрхий толь бүтэх болов уу. 

Миний нүдэнд эр нөхөр минь хүн шиг л хүн харагддаг. Өөр өнгийн зүс царайтай гэж харагддаггүй. Магадгүй би хайрандаа халамцуу хэвээр, дурлалдаа сохорсон чигээрээ яваа юм байлгүй дээ. 

Өвдсөн цагт хажууд минь бөөцийлж, уйлсан цагт аргадан тайвшруулж, урмаар тэтгэж, хайраар бялхаагч, өөдөөс минь ширүүхэн харж үзээгүй, гараа далайж намайг цочоогоогүй цорын ганц хань минь амьдралаас хожсон хамгийн том сугалаа билээ. Ханийг минь харь хүн гэж битгий гоочлоорой. Яг л над шиг, чам шиг энгийн л нэг хүн. Гэхдээ сайхан бас сайн хүний нэг.  Гэр бүлээ авч яваа жирийн нэгэн хань бас аав хүн.

ЖИЧ: мэдээж олон сайн монгол залуус бий. Гэхдээ азгүйдээ ч тэр үү, хувь тавилангийн ч зургаар уу надтай үерхэж байсан залуучууд дотроос үнэндээ амьдраад суучих хүн нэг ч гараагүй. Харин яагаад гэдгийг бичих хүсэл ч алга, бодол ч алга. Муу муухай дурсамж өнгөрсөнтэй үлдэг. 

Хүсэлтийн хариу буюу хурдан турах амархан арга

Цахим захидал илгээж буй уншигчиддаа баярлалаа. Намайг яаж түргэн хугацаанд төрөхийн өмнөх жиндээ хүрсэн бэ гэсэн асуулт нэлээн хэд иржээ. Оройн хоолоо хийхээс өмнө гялс амжуулан хариулъя гэж бодлоо.

Би төрөөд бас нэлээд удчихсан шүү дээ. Бараг жил хагас болж байгаа юм байна. Юуны өмнө саяхан төрсөн бол яарах хэрэггүй. Байгалийн жамаар тэлсэн үтрээ эргээд байгалийнхаа жамаар агшдгийг мартаж болохгүй.  Хүүхэд төрөх хүртэл хэдэн сар болж байж хэрхэн томордог билээ яг л түүнтэй ижил хугацаа эргэж агшихад өгөх хэрэгтэй. Миний хувьд төрөөд яг 9 сар болсоны дараа хэвэндээ орох шиг мэдрэмж бие болон сэтгэлд маань төрсөн.

 Би өөрөө угаасаа талханд маш их дуртай хүн л дээ. Ямар сайндаа нөхөр маань түрүү жилийн Валентиний баяраар зүрхэн хэлбэртэй талх жигнэж өгөх вэ дээ. Тиймээс би төрсөнийхөө дараа талхны хэрэглээгээ эрс багасгасан. Та нар талх их иддэггүй ч гэсэн талх болон бусад гурилан бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах хэрэгтэй. Миний хувьд талх, гурилан бүтээгдэхүүнээ эрс багасгасан бөгөөд би хэзээний цай, тараг гэх мэтийг элсэн чихэргүй хэрэглэдэг нь эргэж жиндээ ороход ихээхэн нөлөөлсөн. Мөн хөдөлгөөн маш их чухал. Тогтмол дасгал хийж чадахгүй ч гэсэн ядаж гэртээ хөгжим тавиад бүжиглээрэй. Би өдөрт доод тал нь 30 минут алхана. Алхахдаа энгийн хурдаар биш хөлсөө гартал хурдхан алхаж заримдаа гүйдэг. Охиноо түрээд шүү дээ. Өглөө бүр 30 минут гэртээ бичлэг даган ёгийн дасгал хийж заншаад байгаа.

Хоол идсэнийхээ дараа хэвтэж ердөө болохгүй. Бас нэгэн зүйл гэвэл би нэг дор их иддэггүй ойр ойрхон бага багаар давтамжтай иддэг. Мөн долоо хоногт нэг удаа махгүй хөнгөн хоол идэхийг хичээдэг.

Төрсөн эмэгтэй хүн сайн шимтэй хоол тэжээл идэж уух нь маш чухал гэдэг нь ойлгомжтой. Турахын тулд хоолоо хасах гэдэг бол байж болшгүй зүйл шүү. Юу идэж байгаагаа өөрчилнө үү гэхээс хоолоо хасаж, сойно гэдэг эрүүл биш алхам гэдгийг мартуузай.

Дасгал хийх бол эрүүл байхын үндэс гэдгийг би биеэрээ мэдэрсэн хүн дээ. Тиймээс ямар нэг дасгалыг л хийж заншиж сурахыг бодоорой.

Ингээд товчхон дарааллаар харуулбал

1. Талх, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах
2. Элсэн чихэр аль болох хэрэглэхгүй байх
3. Хөдөлгөөнөө нэмэх
4. Дасгал хийж занших
5. Доод тал нь 8 аяга ус уух


За тэгээд санаа зоволтгүй ээ. Хүүхэд чинь хөдөлгөөнд ороод ирэхийн цагт өөрийн мэдэлгүй жигтэйхэн их турсан байх вии. Амжилт хүсье.

Жич: Зарим хүмүүст тусад нь цахилгаан шуудангаар хариу өгсөн болно. 


Ертөнцийн хамгийн сайхан үнэр

Өнгө алагласан цэцэгсийн хүрээлэнгээс
Үнэтэй Шанел, Диорын уснаас
Ертөнцийн хамгийн сайхан үнэрийг би олсонгүй

Үрийнхээ зөөлөн зулай
Өт шиг хөлийнх нь хуруунаас
Өнөөх хайсан үнэрээ би оллоо

Wednesday, February 26, 2014

Орос хэлний Баттөмөр багш

Хүний ховор нь түрүүлэн оддог орчлон юм уу даа. Аав маань "Орос хэлний багш О.Баттөмөр" гэдэг цолыг нутгаасаа авсан хүн дээ. Өвөрхангайн гаралтай хэн ч байсан аавыг минь анддаггүйсэн. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдгээр аавыгаа хэлэхэд л "өө Баттөмөр багшийн хүүхэд" байна гээд сүйд болно. 

Аав маань тухайн үеийнхээ үлгэр дууриал болсон мундаг сэхээтэн хүн байжээ. Орос хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн, долгиотсон тас хар үстэй, цав  цагаан тэгшхэн шүдээ яралзтал сайхан инээдэг, хүний дээд ховорхон хүний нэг нь миний аав. Би чинь ааваасаа авсан долгиотой хар үсээр гангарч яваа Баттөмөр багшийн отгон охин байхгүй юу. 

Аавтайгаа хамт 12-хон жилийг өнгөрөөжээ гээд бодохоор үнэхээр чамлан гомдмоор. Гандчихсан хэрнээ загвар нь одоо ч мода болохоор бор өнгийн хүрэмтэй, богино түрийтэй элгэн хар гуталтайгаа инээмсэглэн зогсох аавын минь дүр санаанаас гарсан хором гэж үгүй.  

Жирийн нэг орос хэлний багш хүн гэхэд олон төрлийн авъяастай чадварлаг нэгэн байжээ аав минь. Шатар шаггүй нүүдгээрээ хамт олон, найз нөхдийнхөө дунд алдартай, шагай сайн нясалдагаараа гэрийнхэндээ алдартай, гар бөмбөг, ширээний теннисний мастер гэдгийг багш нар андахгүй. 

Аавын зурах авъяасыг харин бид хэдээс өвлөсөн хүн одоохондоо гараагүй байх шиг байгаа юм. Мал амьтныг гайхамшигтай содон сайхан зурдаг байсан нь бяцхан ухаанд минь там тумхан төдий санагдана. Ах, эгч нар маань арай тодоор дурсдаг биз. Авч хадгалсан нэг ширхэг ч зураг байхгүй нь харамсалтай. 

Манайх Ямаахай гэдэг алаг хөөрхөн овчарк үүлдрийн нохойтой байлаа. Аавыг ишиг хурга шиг майлан дуугархаар хаана юун мал ороод ирэв гэх шиг хуцан архирч гэрээр дүүрэн инээдэм болдогсон. Аав ямар ч амьтныг гайхмаар адилхан дуугарч үзүүлдэг хүн байсныг эргэн санахад хөгжилтэй. 

Хөрш айлынх шинэ өрөм хайлах бүртээ аавд дээжийг нь авчирч өгнө. Би баярлаад л аавынхаа хишгээс хүртэхээ урьтал болгодог байснаас биш чухам яагаад тэднийх аавыг минь үргэлж хүндэлдэгийн учрыг асуух ч ухаан байсангүй. Хожим мэдэхнээ хөршийн ахыг хэрэгт холбогдоод шүүх хурлаар ороход нь аав иргэний өмгөөлөгчөөр оролцож өмгөөлөн хэлс хэрэгт орохоос нь аварсан юм гэдэг. Миний мэдэх хөрш ахаас өөр хэдэн ч хүний амьдралд тус хүргэснийг хэн ч үл мэднэ. 

Миний хамгийн их унших дуртай зүйл бол "Өрх гэрийн алдарын түүх" гэсэн нэртэй шугамгүй цаастай зузаавтар дэвтэр дээр аавын маань эхлүүлэн бичсэн манайхны тухай түүх. Аав маань хэзээнээс л бичих дуртай нэгэн байсан билээ. Тухайн үеийн сонинд идэвхитэн бичээчээр ажиллаж олон янзын судалгаа шинжилгээний бүтээл туурвисан хүн. 

Аавынхаа хийсэн, хийх дуртай, хийх байсан зүйлсийг бичээд байвал олон хуудас өгүүлэл болох нь дамжиггүй. Энэ хүрээд түр завсарлая даа үр чинь. 

Хорвоод түрхэн зуур саатаад буцах учиртай амьд бурхан аав минь байсныг хожуу ухаарсан охиноо өршөө. Тандаа зориулж амжаагүй бүхнээ үлдсэн хэддээ зориулахыг хичээе. Охиноо үргэлж хамгаалж явдаг миний сахиусан тэнгэр та минь үүрд амгалан оршиг. 



Хүнээрээ л байх юмсан...

Сүүлийн үед амжилтанд хүрцгээе, амжилтын төлөө урагшаа гэсэн урам зориг төрүүлсэн өгүүлэл нийтлэл цахим ертөнцөөр болон цаасан дээр хэвлэгдэн гарах нь их болжээ.

Бороо шаагисан өдөр би охиноо унтсаны дараа бодолд автан суух дуртай. Өнөөдөр бороо асгарсан бүрхэг өдөр байна. Би ээжийнхээ чанадаг сайхан хийцтэй сүүтэй цайг чадан ядан дуурайн хийчихээд амжилтын талаар бодож сууна. Хүн бүр амжилтанд хүрэх албагүй. Амжилтанд хүрсэн, хүрэхийн тулд зүтгэж яваа хүмүүсийг би бас буруутгахгүй. Миний хувьд амжилттай амьдраснаас аз жаргалтай амьдрах нь илүү чухал. Амжилттай бас аз жаргалтай амьдрахыг зорьдог хүмүүс олон байдаг байх. Чухам амжилт гэдгийг хувь хүн хэрхэн тодорхойлохоос их зүйл шалтгаална.  Тамирчин хүний хувьд дэлхийн дээд хэмжээ эвдэх эсвэл олимпийн медаль авах нь зорилго бөгөөд зорилгодоо хүрвэл амжилт ирж буй нь тэр байх. Улс төрч хүний хувьд магадгүй, УИХ-ын гишүүн болсон нь амжилт байж болох. Жирийн нэг ээжийн хувьд эрүүл саруул, эрдэм номтой хүүхдүүд өсгөж хүмүүжүүлсэн нь амжилт болох жишээний. Амжилтанд хүрэх гэдэг заавал том зүйл байх хэрэггүй мэт санагдана.

Миний амьдралд ямар ч зүйл тохиолдсон би хүнээрээ л байх юмсан гэж боддог. Хэрэв би ямар ч нөхцөлийн доор хүнээрээ байж чадвал тэр миний амжилт. Үр хүүхэд минь өсөж том болоод хэнд ч хаана ч хүн шиг хандаж чаддаг болвол тэр миний амжилт.

Өвдсөн нэгэндээ чин сэтгэлээсээ эдгэхийг хүсдэг, гутарсан найздаа урмын үг хайрладаг, гуйлга гуйж буй нэгэнд сүүлчийн задгай мөнгөө өгдөг, хар цай ууж суугаа хажуу айлын буурайд сүү бариад очдог, алдартай нэгэндээ амжилт хүсэж алга ташдаг, унасан бяцхан хүүхдийг зүгээр үү гээд түшээд босгодог, хайр нь бүтэлгүйтсэн ханхар эрийг мөрөн дээр нь алгадан тайвшруулдаг, үеийнхэндээ гомдсон өсвөр насны охиныг аргадаж тайтгаруулдаг жирийн нэгэн хэрнээ жинхэнэ хүн шиг явахсан гэж би боддог.

Надад их мөнгөний ч хэрэггүй тухтай амьдрал л байхад хангалттай. Нэр хүнд, алтан медаль ч хэрэггүй буурал ээж минь, буянтай хань минь, булбарай охин минь надад дээд амжилт.

Түгшүүр айдасгүй, намуухан бас даруухан амьдрал минь миний шагнал. Амьдрал намайг ингэж шагнасан тул би хүнээрээ л байх юмсан гэж хүсдэг нэгэн.

Би бороонд зүгээр л нордоггүй би бороог мэдэрдэг. Бороо орсоор би бичсээр ... Би бороонд дуртай бас бичих учиргүй дуртай ...

Tuesday, February 25, 2014

Мөрөөдөхөө зогсоож үл болно


Хүүхэд байхдаа би 2000 он гэдэг өөр ертөнц мэт хөгжилтэй, хүн бүр инээмсэглэсэн, роботууд хотын гудамжаар бидэнтэй хөл зэрэгцэн алхсан гайхамшигтай ирээдүй хэмээн мөрөөддөг байлаа. Зөгнөлт зохиол их уншдаг байсан болоод ч тэр үү би мөрөөдөх тун дуртай хүүхэд байж билээ. Борооны цув шүхэр болон хувирдаг, шүхрэн дээрх товчлуурыг дараад Энэтхэгийн Таж Махалд хүрсэн байдаг гээд л эцэс төгсгөлгүй мөрөөддөг байж дээ. Миний мөрөөдлүүдийн хамгийн сайхан нь гоёмсог хуримын даашинзаар гоёж сайн хүнтэй гэрлээд, хөөрхөн хүүхэд гаргачихаад гараар нэхсэн бор өнгийн томдсон ноосон цамцтай, нүдний шил зүүчихсэн зөндөө олон номтой өрөөнд бичгийн машин дээр зохиол бичиж сууна гэдэг мөрөөдөл байлаа.

Ерээд оны эхэн үед 9 настай охины хувьд байж болох л мөрөөдөл. Харин өнөөдөр 2014 он. Гудамжинд зэрэгцэн алхах робот одоохондоо таарсангүй. Бичгийн машины оронд би өндөр хурдтай өвдөгний компьютер (laptop) дээр үсэг товшиж сууна. Мөрөөдөл минь үргэлжилсээр. Утгын хувьд эрхбиш дээрдсэн юм уу даа. Шүхэр болон хувирдаг борооны цувны оронд өөрийн гэсэн хувцасны загвар бүтээх юмсан гэж мөрөөдөх жишээтэй. Шүхрэн дээрх товчлууран дээр дараад Таж Махал орохын оронд мөнгөө зөв хэмнээд дэлхийг тойрон аялах юмсан гэж мөрөөднө. Эдгээрээс хамгийн чухал нь нэг ч гэсэн хүнд хэрэгтэй хоёр өгүүлбэр ч болохноо бичих юмсан гэдэг мөрөөдөлтэй болжээ би.

Сүүлийн нэлээд хэдэн сар дээр дурьдсанчлан амьдрал минь олон зүйлээр дүүрэн байлаа. Тэрүүхэн хугацаанд би анх удаа мөрөөдөхөө больсон байснаа мэдсэн юм. Яг үнэндээ би өөрөө ч олж мэдсэн хэрэг биш дотны найз маань "одоо чиний мөрөөдөл юу вэ" гэж асуусан тэр мөчид би яг л тархин дундуураа хүчтэй цохиулсан мэт хүнд цохилтонд орсон билээ. Би үргэлж л 20 давхарын хэмжээнд мөрөөдөж 19 давхарт хүрэх хэмжээнд амьдархыг хичээсээр ирсэн. Гэтэл сүүлийн хэдэн сард юу болж орхих нь энэ вэ.

Миний хамгийн дуртай өрөө манай ариун цэврийн өрөө. Хичнээн завгүй байсан ч ариун цэврийн өрөөгөө заавал цэвэрлэнэ гээч. Тэнд миний толь, биеийн тос, үс хуулагч гээд эмэгтэй хүн гэдгийг минь сануулж өгөх ихэнх зүйлс бий.  Найз охиндоо бушуухан баяртай гэж хэлчихээд гэрлүүгээ яаран хааз гишгэлээ. Гэхдээ мэдээж миний сэтгэл хөдлөлөөс болж хэн нэгэн замын хөдөлгөөнд оролцогч хохирох эрхгүйг санан хурдаа багасган анхаарлаа жолоондоо төвлөрүүлсээр гэртээ ирэв. Ариун цэврийн өрөөндөө ороод өөрийгөө толинд сайтар ажлаа. Гаднах төрхөө биш мөрөөдөхөө зогсоосон дотоод сэтгэлээ ажихыг хичээж буй минь энэ. Санаа дагаад ч тэр үү, эсвэл төрөөд удаагүй байсан болоод ч тэр үү үргэлж гэрэлтэн эргэлддэг (жич: гэрийнхэн, найз нөхдийн хэлдгээр шүү) нүдний минь гал сүүмийж үргэлж инээмсэглэдэг царай маань урвагардуу ч юм шиг харагдлаа. Дотоод сэтгэл минь надаас нуугдчихсаныг харлаа. Мөрөөдөхөө больсон тул надад гомдсон нь тэр байх.

Ингээд яг л тэр мөчөөс эхлэн би мөрөөдлөө сэргээж, дахин мөрөөдөж эхэллээ. Царай минь улам гэрэлтэж, сэтгэл санаа ч хөнгөрөөд, өвдсөн газар ч эдгэх шиг болоод ирэх нь тэр. Түр зуур мөрөөдөхөө зогсоосон нь харин ч мөрөөдөх ямар чухал ач холбогдолтойг ойлгуулсан хэрэгтэй зүйл болжээ. Худалч хүнд насаараа мөрөөдөөд, 4 жил бодитоор ноцолдоод гараас гараагүй анхны минь бүтээл болох "Туслахыг минь зөвшөөрөөч" ном хэвлэгдэн гараад аль хэдийн хэрэгтэй хүмүүсийнхээ мэлмийг мялаасан байна. Төрөхийн өмнөх жиндээ хүрч хайртай даашинзнуудаа өөртөө авч үлдэх болж. Өглөө бүр 30 минут ёгийн дасгал хийж заншсан байна. Эгчтэйгээ хоёр талаас Солонгост уулзаад Гангнам дүүрэгт дэлгүүр хэснэ гэдэгтээ хүрчихжээ. Уншигч таны хувьд инээдэмтэй сонсогдож мэдэх ч миний хувьд жижигхэн ч гэсэн мөрөөдлийн маань л нэг хэсэг. Магадгүй зорилго гэж хэлж болох юм.

Таны хувьд зорилгод тооцогдох ч бай, мөрөөдөлд багтах ч бай хүссэн зүйлтэй, түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг байх хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа нь энэ.

Хамгийн эхэнд хэлсэнчлэн би гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын төлөө тэмцдэг нэгэн. Шууд утгаар нь зогс гэж дайрах биш би тойруу замаар хүрэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч нь ямар нэг хэмжээгээр өөртэй нь холбоотой байдаг. Хүсэл мөрөөдөлгүй нэгэн эсвэл хүсэл зорилгынхоо төлөө тэмцдэггүй нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох нэгэн шалтгаан нь байдаг. Тиймээс та хүний найз охин, найз залуу, хань, хамтран амьдрагч гээд хэн ч болсон өөрийнхөө мөрөөдлийг зогсоож, зорилгоо хаяж болохгүй.

Монголчууд бид мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж ярьдаг ухаантай ард түмэн шүү дээ. Мөрөөдөх сайхан. Мөрөөдөлдөө хүрэх бүр илүү сайхан.