Уншаад, сонсоод байхнээ гадаад хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэйн талаар буруу бодолтой хүмүүс нэлээн байдаг шиг байх юм. Мэдээж огт ор үндэсгүй бол яахин тийм яриа гарах билээ. Үүнийг өөр өнцгөөс нь харж, ойлгоцтой хандаасай гэсэн дээ өөрийн түүхээ нээж байгаа юм шүү.
Тийм ээ, би нэг бус хэдэн хүнээс сонссон. Чиний шийдвэр зөв үү, гэрийхэнтэйгээ ярилцсан уу, болж байгаа юм уу гэх мэтчилэн. Би тэр хүмүүст талархаж явдаг. Намайг гэсэн сайхан сэтгэлийн үүднээс асуусан, сануулсан гэж ойлгодог.
Би ханьтайгаа танилцсанаас хойш яг 7 жил 2 долоо хоног болжээ. Тийм ээ, миний хань монгол хүн биш. Гэхдээ сайн хүн, дэлхийн нэгэн зөв бодолтой иргэн.
Анхны харцаар дурлаж араас минь өдөр өнжилгүй хөөцөлдсөн цорын ганц хүн бол миний хань. Би загасны дэгээнд эхнэрээ өлгөж аваад тавилгүй татсаар байгаад өөрийн болгосон гэж хошигнож ярих дуртай хүн бол миний нөхөр.
Манай нөхөрт их эд хөрөнгө байхгүй ээ харин намайг гэсэн хайр бие сэтгэлээр нь дүүрэн оргилж байдаг нь үнэн.
Монгол хүүхнүүд тэндхийн хүүхнүүдийн голсон, эрүү өвдөг нь нийлсэн, өв хөрөнгөтэй өрөвдмөөр "амьтадтай" нь л суудгийн гэнэ лээ гэж бичсэнийг уншсан нэгэн найз маань надад хэллээ.
Надаас гадна гадаад нөхөртэй хэдэн найз охид бий, хамаатны дүү минь ч бий. Миний мэдэх энэ хүмүүс дотор дээрхтэй тохирох нэг ч "нөхөр" лав байхгүй.
Миний ханийг сайхан гадаад хүүхнүүд нүдээ унаган хардгийг би бардамначихъя яадгийн. Гар дахь хуримын бөгжийг нь хараад халдаж чадахгүй нь яамай даа.
Үүнийг уншаад уурлах хүн гарах л байх. Үнэнийг бичсэн хүнийг яах уу. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байна.
Би 7 жил нөхрөөрөө хоол хийлгүүлсэн азтай бүсгүй. Сүүлийн 2 жил юм угааж үзээгүй дархлагдсан эхнэр ээ. Харин өнгөрсөн 2 долоо хоногийн турш сайн эзэгтэй байхыг хичээж, ханиа ажлаасаа ирэхэд нь амттай хоолтой байлгахыг хүсдэг боллоо. Юмаа угаалцаж хүүхдээ асардаг сайн ээж байхыг оролддог болжээ.
Харийн хүн л гэх юм. Хүн л бол хүн шүү дээ. Миний хувьд хүн төрөлхтөнд сайн хүн, муу хүн гэж л хоёр ялгаа бий.
Хайраасаа авсан цэцгийн баглааг задлаад монгол хүртэл эгнүүлэн тавибал за даа бараг л элбэг хүрэх болов уу. Ханиасаа сонссон сайхан үгсийг жагсаан бичвэл хайрын зузаахан нэвтэрхий толь бүтэх болов уу.
Миний нүдэнд эр нөхөр минь хүн шиг л хүн харагддаг. Өөр өнгийн зүс царайтай гэж харагддаггүй. Магадгүй би хайрандаа халамцуу хэвээр, дурлалдаа сохорсон чигээрээ яваа юм байлгүй дээ.
Өвдсөн цагт хажууд минь бөөцийлж, уйлсан цагт аргадан тайвшруулж, урмаар тэтгэж, хайраар бялхаагч, өөдөөс минь ширүүхэн харж үзээгүй, гараа далайж намайг цочоогоогүй цорын ганц хань минь амьдралаас хожсон хамгийн том сугалаа билээ. Ханийг минь харь хүн гэж битгий гоочлоорой. Яг л над шиг, чам шиг энгийн л нэг хүн. Гэхдээ сайхан бас сайн хүний нэг. Гэр бүлээ авч яваа жирийн нэгэн хань бас аав хүн.
ЖИЧ: мэдээж олон сайн монгол залуус бий. Гэхдээ азгүйдээ ч тэр үү, хувь тавилангийн ч зургаар уу надтай үерхэж байсан залуучууд дотроос үнэндээ амьдраад суучих хүн нэг ч гараагүй. Харин яагаад гэдгийг бичих хүсэл ч алга, бодол ч алга. Муу муухай дурсамж өнгөрсөнтэй үлдэг.
ЖИЧ: мэдээж олон сайн монгол залуус бий. Гэхдээ азгүйдээ ч тэр үү, хувь тавилангийн ч зургаар уу надтай үерхэж байсан залуучууд дотроос үнэндээ амьдраад суучих хүн нэг ч гараагүй. Харин яагаад гэдгийг бичих хүсэл ч алга, бодол ч алга. Муу муухай дурсамж өнгөрсөнтэй үлдэг.
No comments:
Post a Comment