Хүчирхийллийг
үгүйсгэж нуун дарагдуулах
Нэг л биш харилцаа гэдгийг өөрөө мэдэрсээр
байж хэнд ч хэлэхгүй тас дарж гаднаа зөв
зүгээр жаргалтай эхнэрийн дүр эсгэж өөрөөсөө хүртэл нууж юу ч болоогүй мэт
царайлдаг. Ийнхүү өрөөлийг болон өөрийгөө хууран хиймлээр амьдрах нь хамгийн
аюултай хэлбэр. Учир нь таны дотны хүмүүс болох эцэг эх, гэр бүлийнхэн тань
сэжиг авахгүй удахын хэрээр таны аюулгүй байдал алдарсаар, ихэссээр байдаг.
Дарамтлагч нөхөр чинь энэ завшааныг илүү ашиглаж энэ надаас айгаад хэнд ч
хэлэхгүй нууж байна, би яаж ч авирласан миний дур гэдэг бодол толгойдоо ургуулж
байдал улам хурцдах хэмжээнд хүрдэг. Мөн би гэрийн эзэн, хүчтэй нэгэн хэмээн
бүрэн итгэж өөрийн тань хэнд ч хэлж чадахгүй байгаа сул дорой байхыг чинь
хараад илүү ихээр дарамтлан зовоодог. Хүчирхийлэгч этгээд хэдийгээр таны нөхөр,
хайртай хүн ч гэсэн таныг “Өө эвий минь миний зан авирыг ээ, намайг өөрт нь гар
хүрснийг энэ хүн хүмүүст хэлсэнгүй дээ. Би дахиж тэгэхгүй юм шүү” гэж үнэн
сэтгэлээсээ хэзээ ч бодохгүй, засрана гэдэгт найдаад ч хэрэггүй. Хэрэв эр хүн
чамд нэг удаа л гар хүрсэн бол дахиж заавал гар хүрнэ гэдгийг л анхнаасаа охид
бүсгүйчүүд минь амны уншлага болгон тогтоож амьдралдаа тусгаж аваач ээ хэмээн
хүсэх байна.
Хүчирхийллийг нуун
дарагдуулж, үгүйсгэсний улмаас эмгэнэлтэйгээр
төгссөн тохиолдол зөндөө бий. Өөрөө амиа алдаж дуусахаас гадна ардаа
хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийллийн гэрч болсон үр хүүхэд тань насан турш
гашуун дурсамжаар амьдарч, сэтгэл мэдрэлийн хүнд хөнгөн өвчин тусахаас гадна
хэзээ ч эрүүл, энгийн амьдрал зохиож зүрхлэхгүй зөвхөн ганцаараа дотроо шаналан
амьдаараа тамлагдах болно.
Та хичнээн ихээр
хичээн хүчирхийллийн хохирогч болон амьдарч байгаагаа ээжээсээ, ааваасаа,
ахаасаа, эгчээсээ, дүүгээсээ, сайн найзаасаа
нуулаа ч та өөрөөсөө хэзээ ч нууж чадахгүй. Бүсгүй та өнөөдөр хэдэн
настай ч бай хамаагүй, хэдэн хүүхэдтэй ч бай хамаагүй хүчирхийллээс
ангижрахаасаа нэгэнт өнгөрсөн гэж бодож хэрхэвч болохгүй. Та өөрөө өөрийнхөө
эзэн нь байж шийдвэр гаргах цаг боллоо. Амаа нээн хэн нэгэнд хэл, бич. Танд
заавал тусламж ирэх болно. Ихэнх тохиолдолд хэдийгээр ойр дотны хүмүүс чинь
таныг хүчирхийлэлд өртөн амьдарч буйг гадарлалаа ч таны тусламжгүйгээр танд
туслах боломжгүй гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл таны гаргах шийдвэргүйгээр,
таны гаргах зориггүйгээр ойр дотныхон чинь танд тус дэм үзүүлж чадахгүй.
No comments:
Post a Comment