Хүүхэд байхдаа би 2000 он гэдэг өөр ертөнц мэт хөгжилтэй, хүн бүр инээмсэглэсэн, роботууд хотын гудамжаар бидэнтэй хөл зэрэгцэн алхсан гайхамшигтай ирээдүй хэмээн мөрөөддөг байлаа. Зөгнөлт зохиол их уншдаг байсан болоод ч тэр үү би мөрөөдөх тун дуртай хүүхэд байж билээ. Борооны цув шүхэр болон хувирдаг, шүхрэн дээрх товчлуурыг дараад Энэтхэгийн Таж Махалд хүрсэн байдаг гээд л эцэс төгсгөлгүй мөрөөддөг байж дээ. Миний мөрөөдлүүдийн хамгийн сайхан нь гоёмсог хуримын даашинзаар гоёж сайн хүнтэй гэрлээд, хөөрхөн хүүхэд гаргачихаад гараар нэхсэн бор өнгийн томдсон ноосон цамцтай, нүдний шил зүүчихсэн зөндөө олон номтой өрөөнд бичгийн машин дээр зохиол бичиж сууна гэдэг мөрөөдөл байлаа.
Ерээд оны эхэн үед 9 настай охины хувьд байж болох л мөрөөдөл. Харин өнөөдөр 2014 он. Гудамжинд зэрэгцэн алхах робот одоохондоо таарсангүй. Бичгийн машины оронд би өндөр хурдтай өвдөгний компьютер (laptop) дээр үсэг товшиж сууна. Мөрөөдөл минь үргэлжилсээр. Утгын хувьд эрхбиш дээрдсэн юм уу даа. Шүхэр болон хувирдаг борооны цувны оронд өөрийн гэсэн хувцасны загвар бүтээх юмсан гэж мөрөөдөх жишээтэй. Шүхрэн дээрх товчлууран дээр дараад Таж Махал орохын оронд мөнгөө зөв хэмнээд дэлхийг тойрон аялах юмсан гэж мөрөөднө. Эдгээрээс хамгийн чухал нь нэг ч гэсэн хүнд хэрэгтэй хоёр өгүүлбэр ч болохноо бичих юмсан гэдэг мөрөөдөлтэй болжээ би.
Сүүлийн нэлээд хэдэн сар дээр дурьдсанчлан амьдрал минь олон зүйлээр дүүрэн байлаа. Тэрүүхэн хугацаанд би анх удаа мөрөөдөхөө больсон байснаа мэдсэн юм. Яг үнэндээ би өөрөө ч олж мэдсэн хэрэг биш дотны найз маань "одоо чиний мөрөөдөл юу вэ" гэж асуусан тэр мөчид би яг л тархин дундуураа хүчтэй цохиулсан мэт хүнд цохилтонд орсон билээ. Би үргэлж л 20 давхарын хэмжээнд мөрөөдөж 19 давхарт хүрэх хэмжээнд амьдархыг хичээсээр ирсэн. Гэтэл сүүлийн хэдэн сард юу болж орхих нь энэ вэ.
Миний хамгийн дуртай өрөө манай ариун цэврийн өрөө. Хичнээн завгүй байсан ч ариун цэврийн өрөөгөө заавал цэвэрлэнэ гээч. Тэнд миний толь, биеийн тос, үс хуулагч гээд эмэгтэй хүн гэдгийг минь сануулж өгөх ихэнх зүйлс бий. Найз охиндоо бушуухан баяртай гэж хэлчихээд гэрлүүгээ яаран хааз гишгэлээ. Гэхдээ мэдээж миний сэтгэл хөдлөлөөс болж хэн нэгэн замын хөдөлгөөнд оролцогч хохирох эрхгүйг санан хурдаа багасган анхаарлаа жолоондоо төвлөрүүлсээр гэртээ ирэв. Ариун цэврийн өрөөндөө ороод өөрийгөө толинд сайтар ажлаа. Гаднах төрхөө биш мөрөөдөхөө зогсоосон дотоод сэтгэлээ ажихыг хичээж буй минь энэ. Санаа дагаад ч тэр үү, эсвэл төрөөд удаагүй байсан болоод ч тэр үү үргэлж гэрэлтэн эргэлддэг (жич: гэрийнхэн, найз нөхдийн хэлдгээр шүү) нүдний минь гал сүүмийж үргэлж инээмсэглэдэг царай маань урвагардуу ч юм шиг харагдлаа. Дотоод сэтгэл минь надаас нуугдчихсаныг харлаа. Мөрөөдөхөө больсон тул надад гомдсон нь тэр байх.
Ингээд яг л тэр мөчөөс эхлэн би мөрөөдлөө сэргээж, дахин мөрөөдөж эхэллээ. Царай минь улам гэрэлтэж, сэтгэл санаа ч хөнгөрөөд, өвдсөн газар ч эдгэх шиг болоод ирэх нь тэр. Түр зуур мөрөөдөхөө зогсоосон нь харин ч мөрөөдөх ямар чухал ач холбогдолтойг ойлгуулсан хэрэгтэй зүйл болжээ. Худалч хүнд насаараа мөрөөдөөд, 4 жил бодитоор ноцолдоод гараас гараагүй анхны минь бүтээл болох "Туслахыг минь зөвшөөрөөч" ном хэвлэгдэн гараад аль хэдийн хэрэгтэй хүмүүсийнхээ мэлмийг мялаасан байна. Төрөхийн өмнөх жиндээ хүрч хайртай даашинзнуудаа өөртөө авч үлдэх болж. Өглөө бүр 30 минут ёгийн дасгал хийж заншсан байна. Эгчтэйгээ хоёр талаас Солонгост уулзаад Гангнам дүүрэгт дэлгүүр хэснэ гэдэгтээ хүрчихжээ. Уншигч таны хувьд инээдэмтэй сонсогдож мэдэх ч миний хувьд жижигхэн ч гэсэн мөрөөдлийн маань л нэг хэсэг. Магадгүй зорилго гэж хэлж болох юм.
Таны хувьд зорилгод тооцогдох ч бай, мөрөөдөлд багтах ч бай хүссэн зүйлтэй, түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг байх хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа нь энэ.
Хамгийн эхэнд хэлсэнчлэн би гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын төлөө тэмцдэг нэгэн. Шууд утгаар нь зогс гэж дайрах биш би тойруу замаар хүрэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч нь ямар нэг хэмжээгээр өөртэй нь холбоотой байдаг. Хүсэл мөрөөдөлгүй нэгэн эсвэл хүсэл зорилгынхоо төлөө тэмцдэггүй нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох нэгэн шалтгаан нь байдаг. Тиймээс та хүний найз охин, найз залуу, хань, хамтран амьдрагч гээд хэн ч болсон өөрийнхөө мөрөөдлийг зогсоож, зорилгоо хаяж болохгүй.
Монголчууд бид мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж ярьдаг ухаантай ард түмэн шүү дээ. Мөрөөдөх сайхан. Мөрөөдөлдөө хүрэх бүр илүү сайхан.
Мөрөөдөл бүхэн биелдэг. Мөрөөдөж чадсан нь хүрдэг гэж хэлэх дуртай..
ReplyDeleteYostoi saihan ug baina!
Delete