Sunday, April 12, 2015

Өнөөдөртөө би лав баян буюу "алтан дундаж" жаргалтай амьдрал минь

Хүмүүс мэссеж илгээж байна. Яагаад өнөөдөр их юм бичээд байна гэж. Нэгдүгээрт сүүлийн долоо хоног бусад үеийг бодвол маш олон хүмүүсээс мэссеж ирсэн мөн уншигчдын тоо эрс нэмэгджээ. Нөгөө цол дагаж бяр нэмнэ гэдэг шиг хүмүүс блогийг минь тоож зочлоод байхад зүв зүгээр сууж бас чадахгүй догдлох юм. 

Хоёрдугаарт, надад цаг олдлоо. Яагаад зав гарсан гэхээр өнөөдөр гэртээ өнжлөө. Гэртээ өнжсөний учир бол хүүхэд маань өвдчихсөн. Цэцэрлэгт орсоноос хойш нэлээд хэдэн удаа ханиад хүрч, нөхөр бид хоёр хүртэл өвдөөд авсан. 

Энэ удаагийн ханиад их муухай нус нь гоожоод орой унтах болохоор хахаж цацчих гээд санаа зовоогоод байх юм. Урьд шөнө өвөртөө авч унтаад аав нь сэрүүн шахуу хоносон. Би үсээ засуулж найз охинтойгоо түрхэн уулзана гэж гараад тэр чигтээ үсээ ч засуулсан юмгүй найзтайгаа шөнө дөл болтол ярьж суугаад ирсэн гэмтэй.  Хэдэн жилийн өмнө нэг дор амьдарч, өдөр бүр уулздаг байсан найзтайгаа (http://tessbattumur.blogspot.com/2014/03/blog-post_27.html) жилд нэг уулзах хүртлээ холдсон байна. Ингэж болохгүй л байгаа юм даа. 

Ингээд өнөөдөр би охиноо оронд нь унтуулчихаад өөрөө хажууд нь бичиж байгаа байдал энэ. 

Хэдийгээр эрүүл мэндийн салбар хөгжсөн шинэ эринд амьдарч байгаа ч хүүхдээ өвдөх бүр сэтгэл түгших нь эцэг эх бүрээс аяндаа төрдөг мэдрэмж биз. 

Түрхэн саатаад дахин бодлоо. Ээж минь хажуу өрөөнд амгаланхан тавтай унтаж байна. Хань минь хажуугаар хурхиран амарч байна, үр минь хажуугийн орон дээр үс нь ширэлдчихсэн нойрсож байна. Өнөөдөртөө би лав баян хүний тоонд яалт ч үгүй орно. Ногоон, цэнхэр ямар ч мөнгөөр яаж ч арилжихгүй миний "алтан дундаж" жаргалтай амьдрал. 

Охины үс яагаад ширэлдсэн гэхээр бие нь таагүй болохоор ааш нь улам хөдлөөд сүүлийн 3 өдөр самнуулаагүй юм. Нөхөр хурхирсаны учир гэвэл урьд шөнө нойр муутай хонож ядарсаных. Ээж яагаад тавтай унтаж байгаагийн учрыг дараа бичнэ ээ. 

No comments:

Post a Comment