Tuesday, April 21, 2015

P.S: I love you буюу амьддаа бие биенээ хайрлаж л явахсан даа

Ханилсанаасаа хойш өвдөж, хамгийн их эмч эмнэлгээр явсан нь би. Тухайн үед нөхөр минь ханиад хүрсэн ч мэдэгдэхгүйг хичээж, хаана ч өвдсөн хэлдэггүй байсан биз ээ. Би л ганцаараа өвдөх "эрхтэй" мэт байдал сүүлийн хэдэн жил үргэлжилжээ. 

Хэдэн өдөр шургуу үглэсэний хүчээр энэ долоо хоногт нөхөр маань эмчдээ үзүүлэв. Учир битүүлэг толгойны өвдөлт улам эрчээ авч надаас нуухад амаргүй болсон юм. Миний толгой өвдсөн тухай уншсан хүмүүс бол санаж байгаа байх. Түүнээс хойш толгой өвдөхөөс ухаангүй айдаг болсон билээ... Хүн ер нь аливаа зүйлийг өөрөө туулж байж л ойлгодог юм шиг. 

Нөхрийн маань толгойг гүнзгийрүүлэн шинжлэх шаардлагатай гэж эмч хэлжээ. Нүд, ажлын ачаалал, хүзүү гээд юунаас ч болж байна мэднэ гэсэн таамаглал дотроос "тархины хавдар ч байж магадгүй" гэж хэлсэн нь мөстэй хүйтэн ус санамсаргүй байхад толгой дээр асгасантай адил мэт цочоолоо. 

Нөхөр минь яана даа гэхийн оронд охин бид хоёр яадаг билээ гэж бодогдоод хаана ч юу ч хийсэн ухаан санаа төвлөрч өгсөнгүй. Дээрээс нь манай нөхөр тоглоом шоглоом хийх аядаж "2 долоо хоног амьдрах хугацаа байна гэж кинон дээр гардаг шиг хэлвэл яах уу" гэж намайг нус нулимастай минь хольж орхив. 

Нэг юм болохоор нөгөө зүйл болохоо больдог яамаар ч хорвоо вэ? 

Ханийгаа гомдоох үг, үйлдэл дахиж хийхгүй дээ гэж бодсон хэрнээ битгийн муу ёрын юм яриад бай гэж загнаад л явуулчилхаа. Араас нь очиж аргадах минь. 

Бид хоёр жаахан түр тар хийж, санал зөрсөн ч заавал эвлэрч байж унтах хуультай. 

Ер нь хэн нэгэн хүнд сайн сайхан үг хэлж яриагаа төгсгөж байхгүй бол тэр хүнтэй дахиад хэзээ ч уулзахгүй юм билүү хэн мэдлээ. 

Дашбалбар агсаны хэлсэнээр "амьддаа бие биеэ хайрла" -ж л явахсан даа.

Тэгсэн цагт бүх юм сайхан болно оо, тийм биз дээ? 


No comments:

Post a Comment