Thursday, April 9, 2015

Америкт хийсэн анхны ажил буюу амласан үргэлжлэл

Цагийн 2 доллар 50 центийн цалинтай Шү хэмээх үнэн ааштай, ширүүн эзэнтэй нэлээд өндөр зэрэглэлийн Хятад ресторанд найз маань намайг дагуулан ажилд оров. Монголоос дөнгөж ирсэн хүнд ийм амархан зөөгчийн ажил олдоно гэдэг бол тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. Хар өмд, цагаан цамц, хар гутал өмсөх ёстой нь хамгийн их таалагдсангүйн дээр сэтгэлээр хамгийн их унасан шалтгаан байлаа. Бусдаар бол найз минь үргэлж хамт байх тул алзсангүй. 
Эндхийн хэнбугайг ч нэрээр нь дууддаг ёсыг сурахад нэлээд цаг орсон ба  "тийм ээ хатагтай Шү" "за хатагтай Шү" гэж эзэн авгайн дургүйг нэлээд хүргэсэн удаатай.

 Англи хэлэндээ өөрийгөө бас дажгүй сайн гэж бодож байсан том эндүүрэл байлаа. Удалгүй хатагтай Шүд гологдон халагдаж орхив. Халагдлаа гээд нэг их сүйд болсонгүй найз охиных мөн найз эгчийнх байсан тул байрны мөнгө хэрхэн төлж, хоолоо яаж залгуулна гэдэгт харин ч нэг санаа зовох ухаангүй байжээ буюу эргээд бодоход ичмээр санагдаж сууна. Хоёр гурван сарыг зөвхөн хичээлд явж, гадуур зугаалан өнгөрөөж байтал нэг л мэдэхэд эхний семестер дуусаж Сан Франциско шилжих мөч ирсэн байлаа. 

Денверийн онгоцны буудал руу ногоон ноолууран цамц юбкатай, найз эгчээс бэлгэнд авсан ногоон элгэн ковбой (аанха, би зөв бичсэн) гуталтай, цагаан шаргал трикотой, хуурамч луйвитоны цүнхтэй хөдлөв. Батхүү сайдын 2 хүү нь тэнд сурч байсан тул намайг ямар ч байсан онгоцны буудал руу явган явуулсангүй. Ирээд ганц хоёрхон сар болж байгаа учраа мэдэхгүй надад үүнээс илүү тус гэж юу байх вэ. 

Онгоц 8 цагт буусан ч найз охин маань 10- аас ажлаа тарсаныхаа дараа авах тул жигтэйхэн ганган би  Сангийн буудал дээр томоотой хүлээв. 

"Түрк" гудамж гэхээр Сангийнхан андахгүйдээ. Тэр бол миний анхны гэр. Орон гэргүй, хар тамхичин, экс гэмт хэрэгтнүүдээр дүүрэн Тендерлойн хэмээх дүүрэг одоо ч сэтгэлд нэг л дотно санагддаг. Азаар ч юм уу, аварлаар ч юм уу тэр хүмүүс бидэнд хийсэн гэм үгүй. 

Найз маань хөнжил, аяга гээд надад бүх хэрэгтэй зүйлсийг бэлджээ. Оройтож ирцгээсэн тул тэгсгээд унтацгаав. Би дотроо өглөө хурдан болоосой мөрөөдөл болсон гүүрээ очиж харах юмсан гэж бодсоор нэг мэдэхэд нам унтсан байлаа. 

No comments:

Post a Comment