Sunday, April 12, 2015

Facebook-ныхаа зураг шиг бай л даа гэдэг шиг юм болох вий дээ

Ээж маань галзуу  FB-чин гэж өмнө нь дурьдаж байсан даа. Анх ингэж эхэлсэн түүхтэй юм: 

Манай хүргэн ах ээжид ухаантай утас бэлэглэжээ. Хэзээний хэдэн хүүхэд, ач зээ нартаа өдөрт хэд хэдэн мэссеж төвөггүй шиддэг байсан болохоор ухаантай утасны учрыг дор нь олчихсон ажээ.

 Ээж минь 1942 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Сонор гэдэг газар айлын ууган охин болон мэндэлсэн. Чухам хэдэн сарын хэдэнд төрсөнийг мэдэх аргагүй учраас паспорт авахдаа манай аавын төрсөн он сар өдөртэй адилаар авсан гэдэг. Үүнийг өнгөц сонсоход инээдэмтэй боловч үнэн хэрэгтээ төрсөн өдрөө мэдэхгүй байна гэдэг ямар сайн байх вэ. Ээжийн насны бүх хүмүүс FB-дээд байдаггүй болохоор сонин болгох үүднээс энэ мэдээллийг өглөө.  За эргээд гол сэдэвтээ орьё. 

Энд ирсэний дараа зээ хүү нь утсанд нь хэрэгтэй бүх зүйлийг суулгаж, FB идэвхжүүлэн, товчхон зааж өгснөөр ээжийн FB-чин болох зам нээгдсэн юм. 

Яг үнэндээ би тийм дуртай байгаагүй. Настай хүн утсаа ширтээд дээрээс нь сайн муу, олон янзын үнэн, худлаа мэдээлэл байдаг тул дэмий юм уу гэж бодож байлаа. Харин би ээжийг ярьж хөөрөх монголчуудгүй, хэл соёлын ялгаатай газар "хорьж" байснаа төдийлөн ухаараагүй алдсан удаатай. Одоо бол алдаагаа засахын тулд зураг тавих, share хийх мэтийг зав зайгаараа зааж өгдөг болсон. Ер нь ч тэгээд биеэ даасан хувь хүн тул луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг юугаа шейрлэж, ямар зургаа тавих нь ямар хамаа байх билээ. Тэгээд ч хамаатан садан, багш нар, шавь нартайгаа л найз болдог юм гэсэн. Заримдаа балчир наснаасаа ажилд нухлагдсаны улмаас эвдэрч томорсон хуруугаараа санамсаргүй дараад таних танихгүй хүмүүстэй найзалчихсан байдаг. 

Баргийн юмыг голж шилж, хүн муу хэлдэггүй ээж минь эндхийн үсчингүүдэд харин ч нэг ам муутай. Би хамгийн хямдханаас , дундаж үнэтэй (хамгийн хямд нь 18$ гарын мөнгө нийлээд байх аа ) үсчинд оруулдаг юм. Нэг ч удаа сэтгэлд нь хүртэл засаж байсан удаагүй. Ямар сайндаа нөхөр маань хүртэл чи ээжийгээ үнэтэй салонд дагуулаад орчооч гэж надад хэлэв. Би өөрийгөө ажаад байхнээ зарим нэг сонин зүйл дээр аймаар гөждөг хүн болтой юмаа. Үнэтэй үсчинд оруулахын оронд өөрөө асуудлыг шийдэхээр зүтгэв. 

Юүтүб (youtube.com)-ээр үс тайрах хэдэн бичлэг үзсэнийг ч хэлэх үү, сүүлийн хэд хоног ээжийн үсийг тайрах хорхой хүрээд болдоггүй. Өнөө өглөө зориуд эртлэн босож ээжийг аргадаж, хөөрхөн аашилж байгаад үсээ тайруулахыг, үгүй биш ээ, үсээ надаар тайруулахыг зөвшөөрүүлээд авав. 

Үсчингээс ирээд дахин дахин толинд хараад үглээд байдгаасаа дор юм боллоо. Би ч бүр чичрээд арай л айснаасаа болж муурч унасангүй дэмий л  дахин дахин "ар талаасаа л лав гоё байна" гэж хэллээ. 

Би юу хийчих вэ хэмээн сандраад байж байтал ээж үсээ угааж, хатаагаад гараад ирэв. Энэ удаа хэн хэнд маань аз таарчээ. Ээжийн үс нэлээд аятайхан болсон шинжтэй.  

Охины ханиад ч цаашлаад, алтан нар ч шараад, ээжийн үс ч аятайхан харагдаад үнэхээрийн сайхан өдөр боллоо. 


Өнөөдөр авхуулсан зургаараа ээж profile picture -ээ сольжээ. Та зургаа солио юу гээд жаахан явуултал "яана аа, монголд очихоор хүмүүс намайг Facebook-ныхаа зураг шиг бай л даа гэх вий дээ" гэж намайг газар эвхрэн унатал инээлгэв. 

За яадгийн миний ээж өтөлсөнөөс үхсэн биш Facebook-дэж л байг. 


No comments:

Post a Comment