Saturday, July 25, 2015

Онгодын тухай ч юм шиг үгүй ч юм шиг ... би мэдэхгүй ээ

Нэгэнт нойр сэргэж, онгод орсон тул зүгээр сууж чадсангүй. Шөнийн нойр алдахаас үхтэлээ айдаг болоод ч тэр үү, цаагуураа нас өгсөөд бие дийлэхээ больсоных уу, сүүлийн хэдэн жил маш их эрт унтсаар заншсан билээ. Түүнээс биш оюутан байхдаа өдөр оройн 2 ангид зэрэг яваад их даалгавартайг ч хэлэх үү, шөнөжин хичээл хийж буй нэрийн доор долоон янзын юм бичин өнгөрүүлдэг байжээ. Олон хүнд ч дурладаг байж, олон залуусаар ч дурлуулж явжээ. Мэдээж дурлалтай ойрхон хүнд онгод орох нь элбэг. 

Түүнээс өмнө арван жилд байхдаа найзуудтайгаа шүлэг бичилцдэг модатай байжээ. Өнөрөө, Энхтөр, Ундрах, ангийн дарга Намжилмаа гээд ер нь бичээгүй хүмүүс ховор. Бидний үед гар утас тэгтлээ их дэлгэрээгүй байсан тул цаас, дэвтэр дээр шүлэг, захидал бичилцэн үгүй мөн их айлгүйтдэг байжээ. Эргээд харвал аюгүй бол ихэнх нь энд тэндээс хуулж, туусан мөртүүд байгаа даа. 

Бүр урагшилвал миний юм бичих "онгод" аавыг минь өөд болсоноос хойш улам ихээр орсон гэлтэй. Ээж минь намайг дөнгөж 13 хүрэхтэй үгүйтэй байх тухайн үед л урам өгч "жинхэнэ бүтээл үнэн сэтгэлийн хөдлөлөөс гардаг" гэж хэлсэнийг би хэзээ ч мартдаггүй юм. Аавыг минь хөдөөлүүлсэнээс хойш санаанд буусан мөртүүд одоо ч цээжнээс минь гардаггүй. Тийм учраас миний чимххэн авьяас надаас огт салалгүй өдий хүрсэн нь ээжтэй салшгүй холбоотой.

Манай удам сударт Төрийн Соёрхолт Хөгжмийн Зохиолч Жанцанноров гуайгаас өөр нэг их нэр төрд гарсан, мундаг сунадаг,  амьд үлдсэн хүмүүс миний мэдэхийн байхгүй.  (Би хүндлэх үүднээс бүгдийг нь том үсгээр эхлүүллээ) Манай аавыг таньдаг хүмүүс Жанцанноров гуайг харвал ямар их төс байгааг олж харах л байх. Би яг нарийн садангийн хэлхээг мэдэхгүй ч, яалт ч үгүй үе бага зэрэг холдсон ах дүүсийн хүүхдүүдийн нэгэн үе юм гэсэн. Энэ зун болох аавын маань талын ургийн наадмын комиссын даргаар Жанцанноров гуайг томилсоныг сонсоод баярлаж суулаа. 

Түрүүлсэн мориндоо 20 сая төгрөгний шагнал өгнө гэхийг дуулаад эхэндээ,  туйлширсан ургийн наадам болох нь хэмээн дурамжхан хүлээн авсан ч, дээрх мэдээг аваад ухаантай хүний үгийг манайхан сонсох байх хэмээн санаа амрав. 

Хэрэв өөрөө бичих дуртай бол бичээд л бай. Хэнээс ч айж, ичиж, зовох зүйлгүй. Хүссэн хэн ч блог хөтөлж болдог сайхан цаг ирсэнийх юу билээ авъяас байвал улам хөгжүүл, байхгүй бол суралцаж бас болох л байх. Гэхдээ бас тийм амаргүй ээ. Таван сайхан өгүүлбэр бичих гээд үзээрэй. 

Зарим хүмүүс найруулга, үг үсэг, дүрмийн алдааг маань тоолдог л байх харин миний санааг хэзээ ч зогсоохгүй, онгодыг минь хэн ч булаахгүй нь сайхан. 

Ядруухан бичигчийн хувиар биш сайн уншигчийн үүднээс дүгнэхэд жинхэнэ бүтээлээс онгод сэнгэнэн хангинаж байдаг шүү. Худлаа гэвэл Р. Чойномын  "Сүмтэй Бударын Чулууг" "үнэртэж" нэг үзээрэй. 




Thursday, July 16, 2015

Унасан бөхөд шалтаг мундахгүй л биз дээ буюу Сухомлинский чинь кино жүжигчин бил үү?

Нөгөө 3 чинь яасан бэ гэсэн мэссэж, захидал ирсээр 7 хоног өнгөрөв. Намайг ажилдаа жинхэлж, ганц гарсан орон тоог нь бөглөсөн тул надтай хамт гэрээгээр ажиллаж байсан гурвыг асууж байгаа юм. Одоо хамаагүй нэрийг нь дурьдаж болохгүй, миний блогийг орчуулж унших гэж оролддог хүмүүсийн тоо улам ихсээд байгаа. Шинэ уншигчад дараах линкээр орж өмнөх бичлэгүүдийг уншвал илүү ойлгомжтой болно. 

2. http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_46.html
3. http://tessbattumur.blogspot.com/2015/05/blog-post_30.html
4. http://tessbattumur.blogspot.com/2015/07/blog-post.html

6 сарын сүүлээр охины сургууль 7 хоног амарсантай уялдуулан бид  3 гэр бүлээрээ амрахаар шийдэж, аялалын RV машин хөлсөлж аваад сайхан амраад ирсэн билээ. Эргээд ирсэн ажил маань амласан ёсоор намайг эзгүйд зохих өөрчлөлтүүдийн хийжээ. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулж, ажлын амгалан орчинг алдагдуулахгүйн үүднээс намайг жинхлэх шилжилтийг тун нарийн төлөвлөсөн болох нь мэдэгдэв. 

Залуу ноён Д-гийн ажлын үзүүлэлт хангалтгүйн улмаас халахаас өөр аргагүйд хүрчээ. Мань эр зөвхөн эксэл дээр ажиллахдаа л сайнаас өөрөөр гавьж шальсангүй. Тиймээс хэнд ч ойлгомжтой шийдвэр болжээ. 

Залуу хүү К ухаан сийрэг ч ажилласан туршлага хангалтгүй тул хүсвэл бидний ажил дундартал гэрээний ажилтан чигээрээ байх санал авав. 

Компьюьерийн чиглэлээр мэргэшсэн Ф-ийн мэдлэг, чадвар, ажлын арга барил, хурд, чанар, харилцаа, ажлын ёс суртахуун гээд бүх зүйл нь Монгол бүсгүйг гүйцсэнгүй. Долоо хоног надтай юм дуугараагүй тэрээр өчигдрөөс эхлэн гэнэт урьд өмнө байгаагүйгээр саймширч эхлэв. Бодвол үргэлж зөвлөгөө авдаг эцэг нь нэгийг хэлээ биз дээ. Эсвэл зангаа өөрчлөөгүй намайг хараад нэгийг бодсон ч байж мэднэ. Түүнийг одоо ажиллаж буй төслөө дуусахад гэрээ нь цуцлагдаж, баяртай хэлэхээр зохицуулжээ. 

Хязгааргүй амралтын өдрүүд, эцэс төгсгөлгүй хангамж, үнэгүй хувцас, эдлэл гээд миний гэрээний ажилтан байхдаа мэдээгүй олон зүйл байх ажээ. Компаниас үнийг нь төлсөн газраас долоо хоногт 2 удаа мэргэжилтэн ирж бүтэн, хагас биеийн массаж хийнэ, сард нэг удаа маникюрийн үйлчилгээ ирнэ, мөн л компани төлчихсөн. Одоо усанд сэлэх газар л үлдээ гэж хоорондоо хошигнодог нь аргагүй ажээ. 

Намайг жинхэлсэн өдөр бас нэг эгчмэд бүсгүй манайд ажилд орж, өөр нэг миний үеийн залуу дадлагын ажилтанаар (intern) орсон юм. Эгчмэд бүсгүй Флоридагийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн, Берклигийн их сургуульд хамгийн сүүлд ажиллаж байсан хүн байх агаад шинэ ажилтаны хичээл дуусахад "би Блүүмрийч шиг өгөөмөр, гайхамшигтай газар ажиллаж байсангүй, бүх зүйлийг сонсоод л ваув гээд байдаг, ганц удаа өө гэж хэлэх юм гарах нь уу" гэж надаас асуув. Харин зуны дадлага хийхээр орсон залуу орос хүн байж таарав. МГУ буюу Ломоносовын их сургуулийн докторыг хамгаалсан, бас л том албан тушаал хашиж байсан байна. Ийм хүнийг дадлагын ажилтан төдийхнээр авч байхад намайг 7 сар болоод ажилд авсан нь бүр тэнгэрийн умдаг атгасан хэрэг боллоо гэж хөөрсөн сэтгэлээ дарахыг оролдохын зэрэгцээ юун зоригтой мэтгэлцээн (negotiation) хийвээ гэж бодож хэвтлээ. Массаж хийлгэн ажлын алжаалаа тайлж байсан тул хэвтэж байсан юм шүү. Хэрэв ийм хүмүүс шинээр ажилд орж буй хүмүүсийн жагсаалтанд байгааг мэдсэн бол зориглож цалингаа мэтгэлцэхгүй байх нь. Одоо ер нь Станфорд төгсөөгүйгээсээ болж өөртөө итгэх итгэлээ үе үе алдах гээд байдгаа болино оо.

Өнөөдөртөө амьдарч, бодит байдалдаа итгэж явж сурах минь. 

Нөгөө Сухомлинский чинь кино жүжигчин бил үү гэдэг шиг МГУ-г мэдэхгүй хүн бол яаж ч миний замналыг ойлгох вэ дээ. Энэ нээрээ юун онгироо юм бэ л гэж бодох байх даа тийм үү? 

Saturday, July 11, 2015

Хамгийн сайхан нь энэ жил буюу наадмын дурсамж хөвөрнө

Сүүлийн 3 жил наадамдах боломж олдоогүйг ч хэлэх үү энэ жил сэтгэл хөдлөм сайхан наадлаа. 

Түрүү жил европт зугаалж таараад, түүний өмнөх жил эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр ганцаараа хэвтэж өнгөрөөгөөд, 3 жилийн өмнөх наадмаар охин гэдсэнд өсөж таарсан агаад томорч буй гэдсээ бариу дээлэнд чихсэнээс үү, угаасаа хүндхэн жирэмслэлт байсан болоод уу, наадам орох замдаа бие алжаагаад гэр өөдөө буцсан түүхтэй билээ. 

Толин Хул эгшиглэхэд сэтгэл огшиж, зөвхөн монголд төрж өссөн хүнд л мэдрэгддэг болов уу гэмээр тэр гэж хэлэхийн аргагүй омог бардам хэрнээ, эх орноо санах эмзэг мэдрэмж төрж нулимс гарах алдана. 

2008 оны наадам хөгтэй бөгөөд хөгжилтэй тул сэтгэлд тод үлджээ. Би Бямба, Ням гарагт өглөө 6 цагт кофе шопоо нээх ажилтай. Тухайн жилүүдэд амралтын өдөрт зохиогддог арга хэмжээнд очих боломжгүй, очсон ч заавал хоцорч очдог байж билээ. Түүнээс болж сэтгэлээр унаж, насаараа амралтын өдөр ажиллах мэт гунигтай бодол төрдөг байснаа нуух юун. 

Тэр жил зээ дүү минь зуны зусланд явах замаараа манайд нэг сарыг өнгөрөөсөн юм. Нутгаас гарсанаас хойш 2 жилийн дараа өөрийн гэсэн хүнтэйгээ анх уулзаж буй нь тэр. Дүүгээ ирэхийг сонссон өдрөөс хойш илүү цаг ажиллах боломж гарах бүрт гүрийтлээ халуун өдөр халуун кофе бүрж, халуун зууханд омлет шарсаар нэлээд хэдэн төгрөг илүүчлэн нөөцөлж амжив. 

Монгол наадам Бямба гарагт тохиосон санагдана. Би өглөө 5 цагт босч 40 минут орчим автобусаар Сан Францискогийн төв орж ажлаа нээнэ. Манайх тэр үед Инглсайд хэмээх дүүрэгт өндөр уулан дээр, бөөн манан дунд айлын байшингийн нэг давхарыг хөлслөн амьдардаг байлаа. 

Ажлаасаа эрт тарахыг эзнээсээ гуйж өөрийнхөө оронд эзнээ ажиллуулчихаад гадаа гарахад нөхөр, дүү хоёр хэлсэн ёсоороо хүлээж зогсов.

Би хувцасаа сольж өмсчихөөд усанд орох боломжгүй тул шарсан талх, кофений үнэрээ дархаар үнэртэй ус ахиухан цацаж орхих нь тэр. Төд удалгүй ихдүүлж түрхсэн усны үнэртээ мансуурч арай л бөөлжилгүй явсаар наадамд очсон хөгтэй. Дүү маань одоо ч хүртэл дурсан ярьж бөөн инээдэм болдогсон. 

Энэ жилийн наадамд заавал очно доо гэж би дотроо амласан юм. Ажилдаа жинхэлсэн долоо хоног таарч, завгүй байсны улмаас хувцасаа ч угааж амжаагүй байтал наадмын өглөөтэй золгов. Азаар байсан нэг шинэ цамцыг нөхөртөө өмсгөөд (цагаан өнгөтэй цамцыг хараад би дотроо "за хэрэг ч бишидлээ дээ, наадам хүрээгүй явтал манай хүн толбо тогтоочихно доо" гэж бодсон ч өөр арга байсангүй), охиндоо намраас өмсгөнө гэж ялгаж тавьсан эгчийн охиноос ирсэн томдуу хувцаснаас арай багыг нь шилж өмсгөөдхөв. Өөрөө ганц цэвэрхэн үлдсэн цагаан (бас цагаан юм, дүүрсэн хэрэг гэж бодов) цамц, богино өмдөө углаад Сан Францискод ийм хувцастай даарах маань тодорхой боллоо гэж бодсон ч цаг агаар итгэхийн аргагүй сайхан байлаа. 

Миний оригиналь төлөвлөгөө бол охинтойгоо хамт монгол хувцасаар гоёх байсан ч миний монгол хувцаснууд багадах нь багадаад, томдох нь томдоод нэг л санаанд хүрсэнгүй. Өмсөөгүй нь ч болж, наадмын гоёл дараагийн түвшинд очжээ. Охиндоо нэг дээл өмсгөх гэсэн боловч охиноо чөлөөтэй гүйж наадаг гэж бодоод энэ жилдээ өмсгөөгүй билээ. 

Юутай ч бид 3 сайхан наадлаа. Энэ жил хамгийн сайхан наадам болсоны учир нь нэгэн бүсгүйд оршино. Өмнө нь огт хараагүй эмэгтэй дотно инээмсэглэсээр ирж, сайн уу Тэсс гэж таньдаг хүн мэт мэндлэв. Би блогийг чинь байнга уншдаг, миний дүү үнэн юм бичдэг, хүмүүст хэрэг болж байгаа шүү, би чиний бичсэнийг уншаад инээх үедээ инээж, уйлах үедээ уйлдаг гэж үнэн сэтгэлээсээ намуухан хэлэв. Эгэл даруухан хэрнээ аугаа сэтгэлтэй тэр бүсгүй итгэгч гэнэ. Сэтгэлийн хөөрөл тэнгэрт тулсан би хязгааргүй баярлаж, нөхөртөө хандан бардмаар "тээр, хэлээгүй юу? миний уншигч нар байгаа гэж би хэлээ биз дээ" гээд л чангаар онгиров. 

Христэт итгэдэг хүмүүс цаанаа л өөр, нэг л дотно санагддаг. Манай охин Христийн сургалттай сургуульд явдаг юм. Одоо гэртээ ирээд хоол идэхдээ залбирана гэж бид хоёрыг сургадаг болсон. Бид хоёр бүтэн сайн бүрт сүмд очоод байдаггүй ч охиноо ийм зүйлд суралцаж байгаад баяртай байдаг. Миний дал гарсан буурал ээж минь мөнгөн загалмай хүзүүнээсээ салгадаггүй "улаан христч" гэж би нээрээ хэлсэн бил үү? 

Хойтонгийн Наадам хүртэл хэдэн хүнд туслахаа тоолоорой. "Туслах" гэдэгт гацхан мөнгө, эд хөрөнгө орж байгаа биш. Жижиг, том олон янзын тус байж болно. Мэдэхгүй ганц зүйлийг нь хэлээд өгөх, ажилд нэгнээ зуучлах, амьдралдаа алдаж гишгэсэн нэгнээ алзахгүй ээ, дахиж битгий алдаарай гээд урам хайрлах, архинд автсан найздаа нүдийг нь нээтэл шударга үг чулаадах, хүүхдийг хааяа нэг удаа атга чихрээр хуурч шүдийг нь хорлохын оронд өдөр бүр хайрлаж, цагийг хамт өнгөрүүлдэг болох, эхнэрээ хуурч, гар хүрэхийн оронд эр нөхрийн үүргээ ойлгож, хүн шиг амьдрах гээд өчнөөн олон өөртөө болон гэр бүлдээ, өрөөл бусдад, танихгүй нэгэнд хүргэх мянга түмэн тус орчлонгоор дүүрэн байна. Дор бүртээ хичээгээд, хүн хүнээ хайрлаад явбал Наадам шиг өдөр бүхэн өнгөлөг бас инээдээр дүүрэн байх бус уу?

Дараа жилийн наадам хол биш ойрхон санагдана...

PS: нөхөр маань цамцан дээрээ хуушуурын тос дусаагаагүй нь бас их онцлог байлаа. Мөн найз охинтойгоо хувааж уусан аяга нь 6$-ын айраг үнэхээр амттай байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй санагдав. Айргандаа байв уу? Хамт уусан хүндээ байв уу? Эвдэрсэн сэтгэл эвлэрсэн сайхан наадам ч юм шиг. 

Saturday, July 4, 2015

Өнөөдөр баярын өдөр буюу Харвардад багшилж, Станфорд төгсөөгүй ч

Жич: шинэ уншигчид эхлээд үүнийг уншвал илүү ойлголмжтой байх болно  http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_8.html


Өнөөдөр тусгаар тогтнолын баярын өдөр. Америк хэмээх энэ их гүрэн 1776 оны 7 сарын 4-ний өдөр Их Британийн хараат байдлаас гарч, эрх чөлөөг олсон билээ. 

Миний хувьд энэ жил гэрээт ажилтнаас тусгаарлагдаж Силикон Валлигийн өндөр хурдтай өргөжин, дэвжиж буй http://bloomreach.com/ компанийн ажилтан болсоноор давхар баяр нэмсэн онцгой өдөр байлаа.

Байдаг л нэг компанид ажилд ороо л биз, юун сүртэй юм гэж бодох хүмүүс гарах л байх. 

Тийм ээ, би Харвардад багшилж, Станфорд төгссөн мундаг хүмүүсийн нэг биш. Бор зүрх, өөрийн чадал, энгийн сургуулийн боловсролоор дөрөө хийж явааа эгэл жирийн олон мянган хүмүүсийн нэг байна.  Бидэнд өнөөдрийн амьдралд хүрэхэд амархан бас хурдан байсангүй.  

Одоогоос яг  2 сар 2 өдрийн дараа миний Америкт шинэ амьдрал эхэлсэний 9 жилийн ой болно.  3 биш, 5 биш, 9 жилийн дараа би сэтгэлд хүрсэн амьдралдаа дөнгөж хүрч буй нь энэ. 

Манай компани зүгээр нэг тэлж байгаа газар биш "company culture" буюу юуг үнэлж, чухалчилдаг гэдгээрээ илүү онцгой, ховор байгууллагын нэг. Тийм ч учраас сүүлийн 4 жил дараалан Сан Франциско бэй ариад "ажиллахад хамгийн сайхан газар" -аар шалгарсан ажээ.

Алдартай сургууль төгсөж, мундаг бүтээл туурвисан хүмүүстэй ижил хэмжээнд үнэлэгдэн, тохой залган ажиллаж, шинэ санал зөвлөлдөн нээх нь наддаа том амжилт.

Ажилтанаа ашгаасаа түрүүнд тавьж, хов жив, дарамт, элдэв жүжиггүй, хүн төвтэй соёлыг дээдэлдэг нь надад хамгийн таалагдсан.

Яаж англи хэлээ сайжруулах уу? хэрхэн Америкт суралцах уу? Яавал гадаадад амжилттай амьдрах уу? Хүссэн амьдралдаа хурдан хүрэх арга бий юу?  гэх мэт олон янзын асуулт надад ирдэг. Үүгээр дамжуулан бүгдэд нь нэгдсэн хариу өгөх нь зүйтэй гэж бодлоо.

1. Юу ч хийсэн өөриймсөг ханд. Кофе шопийн шалыг цэвэрлэсэн ч, захирал болсон ч, худалдагч хийсэн ч, айлын гэр цэвэрлэсэн ч, хүнд хичээл заасан ч, ер юу эсийг хийсэн үргэлж өөрийн мэт хандаж, чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй
2. Олон гадаад хэлний зах зухаас сэглэж хаялгүй зөвхөн нэг хэлийг нэвтэрхий сайн сур
3. Шударга бай бас дахин шударга бай. Хажуу дахь хүндээ, найздаа, албан газартаа, өөртөө шударга байж сур. Алдаа гаргавал хүлээх чадвартай байх нь алдаагаа засахаас илүү чухал. Тоефлийн оноо хэрхэн худалдаж авах уу гэж бодохын оронд эртнээс өөрөө бэлд. 
4. Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх хүнтэй байнга холбоотой байж занш. Хэн нэгэнтэй зөвхөн өөрийнхөө хэрэгцээг гарсан үед хандах хамгийн муухай. 
5. Хэзээ ч өөрийгаа хэн нэгэнтэй БИТГИЙ жиш ! Зөвхөн өөрийнхөө өнгөрсөнтэй жиш
6. Зоригтой бай. Хааяа ч гэсэн эрсдэлтэй алхам хийж байх хэрэгтэй
7. Байгаль дэлхий, нар, газар, тэнгэр шороогоо шүтдэг байхад илүүдэхгүй
8. Бусдыг хүндэл, буруу үгээр нэгнийгээ битгий өвтөг
Хамгийн гол нь мөрөөдөхөө зогсоож үл болноhttp://tessbattumur.blogspot.com/2014/02/blog-post.html