Thursday, November 29, 2018
Бороотой мөрөөдөл
Friday, September 14, 2018
Намар төсөл
Харин ажил мэргэжлээ сольсон нь тэрхүү хоббигоо мөнгө олдог болгох зорилготой холбоотой байлаа. Би карерь гэж хэлэхээс аль болох зайлсхийдэг. Учир нь би тэр хэмжээний албан тушаалтай ч биш, тийм хэмжээний мөнгө ч олдоггүй. Карерь хийх миний мөрөөдөл ч биш. Амьдрал бололцоо олговол дуртай ажлаа хийж, хамт олонтой байх сайхан. Мэдээж амьдралын байдлаас болоод гэртээ суудаг ээж болвол надад бас л сайхан.
Төрсөн өдрийн сараа тохиолдуулан хүн болж төрсөний хувьд ямар нэг зүйл хийхээр "Намар" төслийг төлөвлөсөн юм. Хэдийгээр нэлээн хэдэн том жижиг зүйл миний бяцхан төсөлд багтсан ч бүгд санааны зоргоор бүтсэнгүй. Юутай ч их бага хэмжээгээр цөөхөн хэдэн хүнийг баярлуулсан гэж ойлгож байгаа.
Гэхдээ нэг хүний амьдралыг бол өөрчилөхөд тусалж чадсан шүү!
Хэн нэгний амьдралыг орвонгоор нь өөрчлөх чадалтай байхын сайхныг сэтгэлдээ төсөөлж явсанаас чухам ямархуу мэдрэмж төрдөгийг энэ мөчид л мэдлээ.
Өчигдөр утсанд маань хэд хэдэн мэссэж дараалан ирж байна. Ид ажлын дундуур байсан тул нүднийхээ үзүүрээр гүйлгэн хартал хүүхдийн сургууль, нөхөр, эмч нарын нэгнээс биш байсан тул яаралтай биш байна гэж ойлгон ажилдаа улайрсаар өдөр өнгөрчээ.
Ажлаа тараад машинруугаа алхах зуураа утсаа шалгаж амжив.
Манай хүүхдийн найз охины ээжээс баахан баярласан, талархсан мэссэж, есөн шидийн партины анимешион (монголоор юу гэхийг ёстой бүү мэд) завтай болохоороо залгаарай гэснээр төгсөж.
"Намар" төслийнхөө хүрээнд хоббиныхоо дагуу өөр шигээ гадаад орноос цагаачилж ирсэн жирийн нэг эмэгтэйд туслах зорилгоор түүнийг шинэ ажилд ороход нь coach ( зөвлөгөө өгч мөн үү?) хийж, ажлын ярилцлаганд бэлтгэж, туршлага сонирхол, skill set (чадварыг багц мөн үү?) - гэх мэтэд нь тохирсон ажлын байр олж өгсөн юм.
Хэдийгээр би резүмэ (CV)-ээг нь шинэчилж, ярилцлаганд бэлдүүлсэн ч тэр хүн өөрөө их хичээсэн. Миний зөвлөгөөг анхааралтай чагнаж, үг бүрийг тэмдэглэн авч байсан. Намайг сонсож ярилцлагандаа уйгагүй бэлдсэн.
Би өмнө нь олон хүмүүст зөвлөгөө өгч байсан ч яг энэ бүсгүй шиг тууштай хичээж, хүсэж буй ажлынхаа араас явсан нь цөөн.
Украйн бүсгүйг Нина гэж нэрлэе.
Нинатай анх танилцаж бага багаар мэддэг болох тусам миний арван жилийн өмнөх амьдралыг дэндүү их санагдуулдаг байв. Өөр шигээ урт зам битгий туулаасай гэсэндээ би хэрхэн туслахаа олж яддаг байсан юм.
Нина өчигдөрхөн машин зардаг хүн байсан бол өнөөдөр мөрөөдлийн компанидаа өмнө нь эх орондоо хийж байсан ажилдаа зөвхөн гуравхан жил энд цагаачилсаныхаа дараа орж чаджээ.
Маш их баярлалаа гэж орос англиар урсгах , бас мэгших эмэгтэй хүний, ээж хүний дуу утасны цаанаас дуулдана. Би арай л дагаад мэгшсэнгүй ...
Нинагийн охины ирээдүй улам гэрэлтсэн гэдэгт эргэлзэх зүйл алга.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Дараах зургийг харих замдаа улаан гэрэл дээр амжиж дарсан юм.
Үүлнээс ч хүртэл таашаал авч чаддаг өндөр мэдрэмж бас байнаа байна гээд л онгирчихоё доо
😏
Амьдрал сайхан сайхан биш гэж үү?
Машины цонх халтар байжээ. Уучлаарай :)
Sunday, September 9, 2018
Намар, ээж хоёр
Гэтэл бодол тэнүүчилж алга болоод ер тогтож суулгах шинжгүй.
Энд Индиан Саммер эхэлж буй тул намар болж буйн тэмдэг үгүй. Есдүгээр сар хамгийн ихээр халах нь эхэндээ сонирхолтой санагддаг байснаа одоо ч бүр тоохоо байж.
Хэдийгээр намар болсоны тэмдэг агаарт мэдрэгдэхгүй ч сэтгэлд аяндаа мэдрэгддэг бололтой...
Мэдэхгүй би намрын охин болоод ч тэр үү хэзээний л намарт дуртай байсаар ирсэн билээ. Ямар сайндаа Р. Чойномын Намрын тухай бодол шүлгийг бага ангидаа цээжилчихсэн л урлагийн үзлэгээр "Намар аа гэж юусан билээ" гээд л уншиж явах.
Намар хажууд ирчихээд байхад л , намар ээж хоёрыг хамтад нь үгүйлж, хамтад нь санах энэ сэтгэлийг яалтай.
Намрын өнгө орлоо ээж ээ
Насыг чинь нэмээд одлоо .. гээд дуучин Болормаагийн дууг одоо бүтнээр сонсох чадалгүй болтолоо би тэр хоёрыг санаж сууна.
Болдогсон бол би намрын улаан шаргал навчисын нэг болж газарт унаад нутгийн зүг үлээх салхинд дайгдаад ижийдээ очихсон.
Thursday, August 23, 2018
Орчлон дээр юм бүхэн учир жанцан болоод цаг хугацаатай
Thursday, August 16, 2018
Уучлаарай, ухамсарын доройтол гэхээс өөр юу гэх вэ?
"Хүүхэддээ вакцин хийлгэсэн гэсэн бичгийн хуурамчаар хийж " болох уу энэ тэр гэсэн зар энэ хавиар бас яваад байгааг харахад нөгөө ухамсарын доройтолтонгууд чинь тэр чигтээ ирчихсэн, ухаарах ч бодолгүй, засрая гэж хичээх ч сэтгэлгүй - монголоо доромжилж бараад амьдралыг нь өөд нь татаж буй гадны улсыг доройтлоороо бузарлаад л явж байх юм даа.
Сэтгэлгээний хомсдол, ухамсарын доройтлоосоо салахыг ядаж хичээдэг ч болоосой. Авна, ашиглана, иднэ, ууна, муулна, биеэ өмөөрнө ...
Монголд удаан амьдраагүйн бас нэгэн гор. Яахав энд ажил, бизнесээс эхлээд бүх зүйл итгэлцэл дээр явагддаг тул тэр орчиндоо дасчихсаны гай. Хардах, сэрдэх, хүнд эргэлзэх гэдэг юм байхгүй болсон хүн. Миний хохь болсон.
Нөгөө гэрээ ирээд одоо болтол босгох боломжгүй.
Tuesday, August 14, 2018
Хоргодохын хамт тэмүүллийг бас би мэдэрлээ
Saturday, June 9, 2018
Эзэн хичээвэл заяа хичээдэг бөгөөд хэзээ ч бүү шантар!
Сайн хүнд ч муу зүйл тохиолддог. Тэглээ гээд муу хүн болж хувирахгүй байхад л утга оршдог юм шиг ...
Энэ мэтчилэн жижигхэн зүйлст хэрхэн хандахыг хорвоо ямагт ажиж байдаг ч юм шиг.
Чадал, бололцооныхоо хэрээр хүнд тус хүргэж явахыг амьдралынхаа зарчим болгохыг чармайж явна даа.
Мартсанаас мал мэнд үү гэгчээр зургаан сар шантралгүй хичээсний ачаар нөгөө мөрөөдөөд байсан газраа хүсэж байсан чиглэлээрээ орчихсон шүү :)
Өчигдөр сайхан өдөр байлаа. Гүүглд ажилдаг Баттулга тэргүүтэй мундаг залуус намайг халуун дулаан инээмсэглэл, монгол хүний дотно сэтгэлээр грүпдээ хүлээн авч, завгүй цагаасаа үл харамлан уулзацгаав.
Силикон Валли буюу Mountain View (Sunnyvale хот бас орно) -д зургаан шижгэр сайхан, залуу монгол инженерүүд ажилдаг юм байна. Хоёр нь эмэгтэй гээч. Сийатл хотод хоёр залуу бас инженерээр ажилдаг бололтой.
Монгол залуучуудаараа үнэхээр бахархаж байна аа.
Би ч яахав нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л юм болж байна. Юутай ч атугай Валлидаа л үлдэх учиртай байсан бололтой. Манай хуучин компани миний шинэ ажлаас машинаар яг гуравхан минутын зайтай юм гээч.
Олон арван, содон сонин адал явдал, туршлага, шинэхэн найзууд, тэс ондоо хамт олон, цоо шинэ ажлын салбар гээд сэтгэл догдолсон өдрүүд ар араасаа цувраад эхэлчихлээ.
Мөрөөдөлдөө хүрэх хол хэдий ч ямар ч байсан зөв замдаа орох нь орсоон. Үргэжлүүлээд мөрөөдөөд л байдаг хэрэг.
Хоёр чухал зүйл.
1. Мөрөөдөхөө зогсоож үл болно
2. Галзуу хулгана галзуурах мөчүүдэд шантарч үл болно
( you have no idea what I have been through )
Thursday, April 12, 2018
Амьдрал яг л галзуу хулгана шиг
Саяхан манай гэр бүл family rule буюу гэр бүлийн дүрэм гэртээ батлан гаргав. Загвар нь ерөнхийдөө иймэрхүү
Жишээ нь:
"more "илүү ихээр
ном уншина, инээнэ, сэтгэгдэлээ хуваалцана, мэдрэмжээ нээнэ, дасгал хийнэ гэх мэт.
"less"аль болох бага
уйлагнана, гуншигнана, муу хоол иднэ гэх мэт
"okay to be:" "ингэж болно"
уйлж болно
уурлаж болно
гуниглаж болно гэх мэт
"no" болохгүй
нэгнийгээ үгээр болон биеэр өвтгөж болохгүй
нууц байж болохгүй
худал хэлж болохгүй
дээрэлхүү, муухай ааштай байж болохгүй
орилж, хашхирахгүй гэх мэт
Хүнд ер нь баримталдаг зарчим гэж байдаг. Нүдэнд харагдахуйц бичээд өлгөчихөөр өөртөө үнэнч байхыг илүүд хичээгээд их аятайхан юм гээч.
Галзуу хулгана уруудах үе хүн бүхэнд бий. Нэг өдөр уйлж болно, хоёр дахь өдөр гуниглаж болно. Харин гурав дахь өдөр урвайсан хэвээр унтаад байж л болохгүй. Би үргэлж хэлдэг дээ? Аливаа хүнд хэцүүг туулан гарах хүч чадал буюу сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Тэрхүү сэтгэлийн хатыг өөрөө бүрдүүлж чадаж гэмээнэ үр хүүхэддээ сургаж үлдээх боломжтой.
За би сайндаа ч биш сарын өмнө 'Option B' гээд Шерил Сандбергийн бичсэн номыг уншаад дээрх санаа төрсөн юм.
Сүүлийн хэдэн жил би хүүхдийн хүмүүжил, хүүхэд өсгөхтэй холбоотой маш олон ном уншиж судалдж байгаа хүн л дээ. Хэдийгээр дээрх ном хүүхэд өсгөхтэй шууд холбоогүй ч маш чухал санааг агуулсан байсан юм.
Хүний амьдралд хэцүү зүйл тохиолдоход хүн хэрхэн туулж гарах чадвартай болох талаар энэ номноос их зүйл сурлаа.
Хүүхдээ хэрхэн амжилттай хүн болгох уу? Яаж хичээлдээ сайн хүн болгох уу? гэх мэт зүйл дээр хэт анхаарч харин амьдралын үнэнээс аль болох зугтуулан өсгөх хандлага заримдаа эцэг эхчүүд бидэнд гардаг. Амьдрал заримдаа галзуу хулгана шиг гэдгийг хэтэрхий хожуу ойлгуулах үе бий.
Хүүхэд сургуульд орно. Дээрэлхүү нэгэн таарна. Тэр бүгдийг хэрхэн хүлээж авах, яаж даван туулах чадварыг хэр их олгож байгаагаа бодолцох хэрэгтэй.
Галзуу хулганаар амжилттай - хамгийн гол нь эрүүл, сэтгэлийн зовлонгүй аз жаргалтай аялах нь чухал. Хэнтэй хамт аялж байна, хэн нэгнээ хэрхэн дэмжиж, ямар үлгэр дууриал өгч байна гэдгээс асар их зүйл шалтгаалдаг.
Ээж маань үргэлж хүүхэд бол чиний толь гэж хэлдэг юм. Хүүхдээ ямар хүн болгох нь эцэг эх, гэр бүлийн хүмүүжлээс маш их хамааралтайг л ойлгож үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэн амьдрахыг л хичээж явна даа.
Ай даа хүн тээж төрүүлэх нэг ондоо, хүний эцэг эх байна гэдэг бас л чанга алба шүү.
Monday, February 5, 2018
Америкт аятайхан амьдарч, амжилтанд хүрэе гэвэл
1. Худал бүү хэл
Их, бага хэмжээгээр хэнд ч хэзээ ч бүү худал хэл. Яаж ч байсан мэдэгдэнэ. Бүх юм систем, логик дараалалтай тул худал хэлж өөрийгөө эвгүй байдалд оруулавзай. Хамтрагчийнхаа, даргынхаа итгэлийг нэг удаа алдахад таны ирээдүйн замд сайнаар нөлөөлөхгүй.
2. Хууль дүрмийг дага
Хуурамч, хулхи үйлдэл нэг л өдөр баригдана. Хоёрын хооронд юман дээр хүнийг хуурч буй мэт боловч өөрийгөө хуураад хэрэггүй. Жишээ нь зарим хүмүүс карпүүл эгнээний дүрмийг байнга зөрчдөг. Тэр байтугай нэгэн хотын монголчуудын груп дээр хэрхэн хажуудаа хиймэл хүүхэлдэй суулган дүрмийг амархан зөрчдөг “алтан туршлага”-аа оруулсан мэдээллийг хараад нүдэндээ итгэхгүй өнгөрч байсан юм.
Карпүүл эгнээ нь 2 буюу түүнээс дээш зорчигчтой машин явдаг эгнээ бөгөөд утга нь олон машин тусдаа унаж агаар бага бохирдуулаагүйг чинь сайшааж хурдан явахыг тань дэмжиж байгаа бодлого.
Энэ оронд сайхан амьдрах гэж ирсэн бол хууль дүрмийг нь дээдэлж байж л сайн сайхныг нь олж авна даа.
3. Хэлээ сайн сур
Гадаад хэлийг хамгийн хурдан сурдаг гурван аргын нэг орчинд нь амьдрах байдаг. Хэрэв Монголчуудтайгаа хамт ажиллаж, хамт амьдраад сурах орчин багадвал дараахыг хийгээд үз:
- Монгол нэвтрүүлэг байнга үзэхийн оронд Англи хэл дээр нэвтрүүлэг, кино үз.
- Монголоор ярьдаггүй хүмүүстэй цаг өнгөрөөх арга олох, найзлах. Жишээ нь сонирхолынхоо дагуу meet up goup -т оролцох, дасгал хийдэг хүмүүстэй нэгдэх, хүүхдийнхээ сургуулийн эцэг эхийн байгууллагад оролцож хүмүүстэй харилцах хүрээгээ тэлэх
- Номын сан, төрийн бус байгууллагад долоо хоногт нэг удаа сайн дурын ажил хийх
4. Туршлага хураа
Ажил, амьдралын туршлага хураа. Туршлагыг үнэлдэг орон тул нэг зүйлийг маш сайн чаддаг байхад тэр чиглэлээрээ дээшээ ахих боломж маш их. Мэдээж сурах бас чухал. Гэхдээ туршлага боловсролоос дутахгүй шүү. Тэр тусмаа монголдоо боловсрол эзэмшсэн бол түүн дээрээ дөрөөлөөд туршлагаа нэмсээр байхад очихыг хүссэн түвшиндөө амархан хүрнэ. Амьдралын чинь төлөвлөгөө, нөхцөл байдалд нийцвэл юу хийх сонирхолтойгоо сонгоод сур. Сурахад хэзээ ч оройтохгүй гэж ярьдаг шүү дээ.
5. Өөрийнхөө төлөө зүтгэ
Хүний төлөө амьдарч буй мэт сэтгэлгээтэйгээр Америк оронд хүссэн хэмжээндээ очтол сайхан амьдарна гэдэг юу л бол. Үе үе монголчуудаас маань илэрдэг “тэнэг их зан”, ego буюу биеэ хэтэрхий тоосон зангаа багасгахгүйгээр нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, бусдад хүндлэгдэн, өндөр амжилтын эзэн болно гэдэг тун чиг ховор. Бусдыг чамд тусалсангүй, ингэж дэмжсэнгүй гэж гомдоллохын оронд өөрийнхөө төлөө зүтгэ, асуу, араас нь сурагла. Энд хэн ч чиний араас хөөцөлдөхгүй. Чи л араас нь хөөцөлдөх хэрэгтэй.
6. Шаргуу хөдөлмөрлө
Тууштай, шаргуу хөдөлмөрлөж чадвал өгөөжийг нь амархан амсах боломжтой орон. Хуучин чадвараа ашиглаж болно, шинэ чадвар нэмж олоод залхуурахгүй ажиллаад байвал мөрөөдөлдөө хүрэхэд ч харьцангуй ойрхон газар. Боломжийг бүү алд.
7. Эрүүл бай
Бие, сэтгэл, оюун санаагаараа эрүүл саруул байхын тулд бүхнийг хий. Тогтмол дасгал хий, эрүүл хоолло, тайван бай. Эрүүл мэндийн сайн даатгалд хамрагд.
8. Үнэнч бай
Ерөнхийдөө НЭГ, ХОЁРТОЙ холбоотой. Энд хувийн, хувьсгалын, том, жижиг бүх бизнес итгэлцэл дээр тогтдог. Тиймээс үнэнч байх маш чухал. Бидний ярьдгаар Америкууд юуг ч анзаараагүй мэт царайлдаг ч хэн ажлыг үнэн сэтгэлээсээ хийж байна гэдгийг аль хэдийн мэдчихсэн л байдаг.
Одоо ч бидний ирж байсан үеийг бодвол сайхан болжээ. Төрөл бүрийн сошиал медиа, груп, төрийн бус байгууллагуудаас хэрэгтэй бүх мэдээллээ олохоос гадна өөр хоорондоо нетворкинг хийх өргөн боломжтой, нээлттэй мэдээллийн цаг үе иржээ.
9. Нэр хугархаар яс хугар
Эхний таарсан Монгол хүний талаарх сэтгэгдэл ямар байна? Бусдад яг тэгэж л ойлгогдох тул дотроо бодолтой амьдарч, эх орны нэрээ өндөрт өргөхгүй гэхэд муугаар хэлүүлэхгүй явцгаая. Өдөр тутмын амьдралаа зөвөөр залж, сайхан үлгэр жишээ болон амьдарч, эх оронч сэтгэлгээгээ энд л гаргаасай гэж хүснэ.
Найз
Friday, February 2, 2018
Гүүглий гүүглэр
Би ер нь Google Fangirl л доо. Арван хэдэн жилийн өмнө Гүүгл хэрэглэгчийн судалгаанд оролцож анх удаа кампус дээр нь очиж байлаа. Түүнээс хойш Gmail, Google hang out, Google Calendar, Google drive (Google photo, Google map, Google doc) Youtube гээд Гүүглийн том бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч болсон юм. Сүүлд нөхөр Гүүглд цөөн жил ажилласанаар хэдэн удаа зочилж, дотоод нарийн ширийнээс бага сага мэдэрч Google Fangirl-ийн сэтгэлгээ улам батажсан түүхтэй.
Силикон Валлийгийн бүх л старт апууд Гүүглийг жишиг болгон компанийн соёлоо хүртэл үүсэгдэг. Валлигийн хүн бүхэн л битүүхэндээ Гүүглий Гүүглэр болохыг мөрөөднө. Би ч хэдэн жил Валли рүү давхисных Гүүглд ажиллаад үзэхсэн гэдэг нухацтай бодол тээсээр бараг жил болох нь.
Ингээд би өнгөрсөн 11 сарын 21-нд зориг гарган Гүүглд орох аппликейшн бөглөж орхив.
Ингээд би судалгаагаа эхлэв. Жилд 2-3 сая хүн ажилд орохоор аппликейшн бөглөдөг, зарим хүмүүс цөхрөлтгүй янз бүрийн захидал шуудангаар үргэлж илгээдэг, ярилцлагын асуултууд бусад газрынхаас тэс ондоо, маш хэцүү гэх мэт маш олон мэдээллийг зөвхөн хайлтын системээр хэдэн арваар нь олдох боломжтой аж. Та бас хайгаад үзээрэй.
Youtube-ийн бичлэг, блог, нэртэй сонингууд дээр гарсан мэдээлэл, нийтлэл гээд миний судалгаа үргэлжилсээр нэг мэдэхэд он гарчихсан байв.
Гүүглд ажилд орох процессийг судлах тусам миний аппликейшн сонгогдохгүй нь улам тодорхой болж сүүлдээ бүр мартаж орхиод Мексикийн хойгт амархаар нисэж одлоо.
1 сарын 5-ны өглөө утсаа нээтэл "Хелло фром Гүүгл!" гэсэн имейл байж байдаг байгаа.
Tess, чиний resume их сонирхолтой санагдлаа. Эхний шатны утасны ярилцлаганд орохыг урьж байна. Энд дараад боломжтой цагаа сонгоно уу гэх маягийн миний таньдаг хүнээс ирсэн мэт дотно үгтэй имейл байв.
Би эхний ярилцлагыг ямар ч бэлтгэлгүй өгсөн ч азаар даваад гарчихав. Ганцаараа бараг л нулимс дуслууллаа.
Эхний ярилцлаган дээрээ дөрөөлж, судалгаагаа сэргээгээд галзуу хүн шиг л ганцаараа ярьж хэд хоног яс бэлдэв.
Ярилцлаганд бэлтгэх аргууд (илүү мэдээлэл хэрэгтэй, ярилцалаганд бэлдэх тадаар зөвлөгөө авах бол надтай холбогдож болно)
- асууж болох асуултуудаа жагсааж хариултаа бичиж бэлдэх
- хайлтын систем ашиглан боложтой бүх мэдээллийг судлах - хүмүүсийн бичсэн форум, ярилцлага, ярилцлагын дараах сэтгэгдэл гэх мэт
- тухайн компаниа маш сайн судална
- бэлдсэн бичвэрээ өөрийн болгохын тулд өөрийнхөө дууг бичиж эргэн сонсох маягаар алдаагаа засаж дахин дахин бичлэг хийж сонсох
- найз нөхөд, гэр бүлийнхэндээ асуух асуултаа өгч харилцан ярилцаж бэлдэх
- Эхний ярилцлага буюу initial phone screen
- Утасны ярилцлага talent багийн ахлагч эсвэл program manager
- Ирээдүйн менежертэйгээ утсаар ярих
- Onsite буюу компани дээр биеэрээ ярирцлага өгөх (1-2 хүн, Гүүглийн хувьд инженер биш ажлын байранд дунджаар 3-5 хүнтэй нийт 4-5 цагийн ярилцлага)
Хоёр дахь ярилцлага илүү хүнд байлаа. Зарим асуултыг нь үнэндээ 100 хувь ойлгоогүй ч бэлдсэний хүчээр гацаж түгдрэлгүй давлаа.
Хэрэв энэ багийн бүх хүмүүст миний профайл таалагдвал дараагийн шат нь onsite буюу очиж биеэрээ хэдэн хүнтэй уулзах бүтэн өдрийн шахуу ярилцлага аж.
1. Тухайн хүний профайл, резүмэ таалагдвал (нөгөө 2 сая хүн дотроос шүү дээ нэг ажилд багцаагаар 500 хүн гэсэн харьцаатай үздэг юм билээ) холбогдоно. Тэгээд эхний хүнд утсаар ярихдаа ер нь хүнийхээ хувьд боломжийн гэдгээ нотолж чадвал 2 дахь хүнтэй ярих магадлал гарна. Эхний хүн надтай ярьсан, өөрийн хийсэн судалгаа хоёроо нэгтгээд 2 дахь хүнд танилцуулна.
Эхний хүний судалгаа маш чухал бололтой. Энэ судалгааг ихэнх компаниуд хийдэг. Гэхдээ мэдээж Гүүгл өөрөө аугаа мэдээллийн уурхайн дээр, интернетийн хайлтын системээр тухайн нэр дэвшигчийн талаарх бүх л мэдээллийг олоод судалчихна. Тийм учраас сошиал медиагаар юу бичих, тэр ч байтугай холбоотой хүмүүс чинь ямархуу хүмүүс болохыг хүртэл судалчихдаг ажээ.
2. Хоёр дахь хүнд эхний хүний танилцуулсан нэр дэвшигч таалагдлаа. Ингээд надтай утсаар ярих явцдаа би чамд энэ ажил тохирно гэж бодож байна гээд түүнтэй холбоотой асуултууд бас асууна. Тэгээд ярилцлага амжилттай өгсөн нь андашгүй болно. Би чамайг багийнхаа хүмүүст танилцуулна. Хэрэв тэдэнд таалагдвал дараагийн шатанд урих болно.
Би ерөнхийд нь нэлээд товчилж бичлээ. Энэ хүртэл миний хийсэн дүгнэлт:
- Гүүгл үнэхээр хүний цагийг үнэлж чаддаг нь харагдсан
- Дээр дурьдсанчлан миний орох гээд байгаа тэр ажлыг би хэзээ ч хийж байгаагүй, туршлагагүй ч тэд миний давуу талыг тэр олон мянган хүн дотроос олж харсан
Гүүглд ажилд орохыг Харвардын их сургуульд тэнцэж орохоос ч хүнд гэж ярьдагийг би судалгаа хийх явцдаа олж мэдсэн юм. Хэрэв энд эртхэн ирсэн бол эсвэл энд төрсөн бол Харвардад суралцах байсан гэж хааяа "тэнэглэдэг"миний хувьд Гүүглийн ярилцлагын 2 шатыг давсан нь наддаа л чамгүй амжилт.
Одоо ямар ч газрын ярилцлагыг "энэ" шинэ чиглэлээр өгөхөд чөлөөтэй давах хэмжээний бэлтгэл, туршлага, энергийг Гүүгл надад өгсөн.
Хүний амьдралд тохиолддог зүйлст цаг хугацаа байдаг гэдэгт би улам итгэх боллоо. Мөн амьдралд тохиолдсон зүйлс ч тухайн хүндээ ямар нэг сургамж өгөх гэж тохиодог гэж би боддог.
Тэгээд би ямар санааг хэлэх гээд ингээд нуршаад байна вэ гэвэл өнөөдөр чамд ямар ч асуудал, даваа, бэрхшээл тохиолдсон байж болно оо. Хэзээ ч бүү шантар. Битгий гунигла. Өглөө болоод нар манддаг шиг чамд тохиолдсон бэрхшээл нэг л өдөр түүх болон үлдэж, чи зовлонг, амьдралын хатууг даваад гарчихсан л инээмсэглэж байх болно.
Амьдралд асуудал тохиолдсон үед талархалын дасгал хийх их хэрэгтэй юм шиг санагдсан. Би утсандаа Zest гэдэг аппаар тухайн өдөрт талархаж буй зүйлсээ бичиж байгаа. Яг ингээд хэдхэн секунд зориулаад бодохоор амьдралд сайн сайхан зүйл маш олон гээч.
Энэ миний Нэгдүгээр сард хөтөлсөн талархал. Зураг бүр дээр дараад ороход миний тухайн өдөр юунд талархсан нь байх жишээний.
Өвдсөн бол эдгэнэ гэж бод
Мөрөөдсөн ажилдаа орохыг хүсвэл би чадна гэж бод
Мөнгө дутсан бол мөнгөтэй болно гэж бод
Сэтгэлдээ бодоод зогсох биш түүнийхээ төлөө чадал, бололцооныхоо хэрээр зүтгэ. Жишээ нь:
Эрүүлжихийн тулд дасгал хий, эрүүл хоолло
Ажилтай болохын тулд хүнтэй холбогд, ажлын сураг байна уу лавла
Байгаа мөнгөө хэрхэн хэмнэхээ бод. 3 гуталтай бол 4 дэхийг авахдаа бод. Гаднаас кофе авч уухын оронд гэртээ буцалгаад уу
Бүдэрнэ ээ гэдэг чинь гүйж л явсан хэрэг шүү дээ. Босоорой. Өвдгөө гөвөөд урагшаа алхаарай.
Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй