Saturday, March 22, 2014

Хөгшрөхөөс айж байна уу?

Найз охидтой уулзах сайхан. Сайн найз нартайгаа уулзах сэтгэлийн алжаал тайлах шидтэй гэж би "Туслахыг минь зөвшөөрөөч" номондоо дурьдсан байгаа. Миний амьдралын бас нэгэн үнэн тэр. 

Өнөөдөр гэдэг өдрөөс 3 цагийг дотно андтайгаа өнгөрөөлөө. Бид хоёрт ярихгүй сэдэв гэж байхгүй, ар гэрийн аж амьдралаас эхлээд оддын хов хүртэл ярина. Нөгөө Ким Кардашиан чинь гэж ирээд л нээрээ бидний нэг найз охин аятай ярих хөгжилтэй. Сүүлийн үед манай найз охид уулзахдаа, эсвэл вайбардахдаа ихэвчлэн нүүрэндээ юу хэрэглэж байна, нүдний үрчлээ нэмэгдээд байна, Вен хэр зэрэг шампунь вэ гэх мэтийг давамгайлан ярилцах боллоо. Жил ирэх тутам ярих сэдэв өөрчлөгдөнө, уулзах нөхцөл ч солигдох юм. Энэ жил өмнөх жилүүдээс хамгийн их өөрчлөлттэй нь байлаа. 

Богино бошинзоор гангарч, үсээ задлан их хотын хөл хөдөлгөөнд уулздаг хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд бүгд тэрэг түрсээр уулзах эхний үед нэг л бодит биш санагддаг байлаа. Би энд байдаг найзуудаасаа хамгийн түрүүлж хүүхэдтэй болжээ. Ердөө жил гаруйн өмнөхөн миний Baby Shower буюу хүүхэдтэй болж буйг тэмдэглэх баяраар ирсэн найз охид маань гэдсэндээ шаар хийн бүгд жирэмсэн дүр эсгэж зураг даруулан хөгжилдөж байлаа. Гэтэл тэр зурган дээрх найзуудаас гурав нь өнөөдөр ээж болчихсон надтай зэрэгцэн тэрэг түрж явна. Би охиноо булган сүүлтэй гэж дотроо магтана. 

Өнөөдрийн ярианы сэдэв ч ерөнхийдөө хөгшрөлттэй холбоотой байсан болоод тэр үү би сая цахим ертөнцөөр аялж, хөгшрөлтийн эсрэг шинэ бүтээгдэхүүн юу байна, ер нь ямар арга байна гэж өөрийн эрхгүй сонирхосны эцэст юу ч худалдаж авсангүй харин дараахыг өөрөөсөө асууснаар энэ удаагийн эрэл хайгуул минь өндөрлөв.

Гадна талд маань ингэж өөрчлөлт явагдаж байгаа хойно дотор талд минь юу болж байгаа бол? Эд эрхтэн минь яаж хөгширдөг бол? Сэтгэл санаа, бодол минь хөгширдөг болов уу? Эдгээрт хөгшрөлтийн эсрэг эмчилгээ бий юу? 

Ямар нэг дасгал тогтмол хийж заншин, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй гэж юуны түрүүн бодогдлоо. Манай аравдугаар анги төгссөн ангийхан дотроос хамгийн залуу хэвээрээ байгаа нэг залуу бий. Багаасаа сагсан бөмбөгөөр тууштай хичээллэж улсын аварга, алтан медалийн эзэн болж байсан нэгэн. Одоо ч байгууллагынхаа сагсны шигшээнд тоглодог гэсэн. Түүний хамгийн залуу харагдаж байгаа шалтгаан нь спортоор хичээллэсэнтэй салшгүй холбоотой гэж би дүгнэдэг.  Хамгийн гол нь тууштай хичээллэх хэрэгтэй. 

Өөрийгөө хөгширч байна гэж санаашран санаагаар унаж болохгүй. Байгалийн жам хойно өнөөдөр чамаас залуу сайхан яваа нэгэнд ч адилхан тохиолдох зүйл. 

Завгүй амьдралдаа баригдаж өөрийгөө хаяхгүйг хичээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзаж, сэргэг амьдраарай. Аливаа нэг зүйлийг туйлшруулахгүй тэнцүүлэн амьдардаг байх хэрэгтэй гэж би боддог. Жишээ нь, сайн ээж, сүрхий хань байх гээд өөрийгөө ор тас мартаж гэртээ бүгэн нүүрээ ч угаахгүй, сэгсийн сууж болохгүй. Аврага ажилтан болох гээд илүү цагаар амралтгүй ажиллан ар гэрээ хаяж болохгүй, сэргэг амьдарч буй нь энэ гээд өдөр бүр цэнгээний газраар зочилж, улаа эргэтэл бүжиглэж болохгүй, алжаалаа тайлж буй нь энэ гээд архи дарсыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Жингээ хасна гээд хоолоо сойж болохгүй. Түүний оронд идэж буй юугаа өөрчилвөл эрүүлжин турах вэ гэж бодох ёстой. Эдгээр нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүст хамаарна. 

Амьдралын хэв маягаа зөв сонгон хэвшүүлж чадвал дотоод хөгшрөлтөөс төвөггүй хамгаалж чадна. Харин гадаад хөгшрөлтийг яадаг ч юм билээ. Бүтээгдэхүүн хэрэглэх нь хэрэглээд, мэс засал хийлгэх нь хийлгээд өөр өөрийнхөөрөө л аргаа олцгооё. Сайн арга олсон нэг нь нөгөөтэйгөө хуваалцацгаая. Миний хувьд химийн орц найрлага багатай бүтээгдэхүүн хэрэглэе л гэж боддог доо. 

За ингээд нэгэн хөгжилтэй дурсамжаар өндөрлөе. 

Өнгөрсөн намар монгол явахад хамгийн сонин санагдсан зүйл бол МИАТ-ын онгоцны үйлчлэгч царайлаг залуугаас эхлээд дэлгүүрийн худалдагч охин бүгд намайг "эгч ээ", "аниа" гэж дуудсан явдал байлаа. Хэдийгээр хэл, соёлын ялгаа ч надад эхэндээ таатай сонсогдоогүйгээ нуух юун. Англи хэлэнд та гэдэг үг байхгүй. Дарга, цэрэг хэнийг ч нэрээр нь эсвэл "you" хэмээх төлөөний үгээр дуудна. Харин манай монголчууд нэг жилийн өмнө төрсөн байсан ч ах, эгч, аниа гэж хүндлэн нэрлэдэг заншилтай. Би монголоос буцахдаа эгч нь, аниа нь гэсээр онгоцонд сууж энд буунгуутаа эргээд залуухан болсон юм шиг санагдаж билээ.

Манай хадам эмээ 80 хол гарсан хөгшин бий. Найз эмээ нараа "my girlfriends" буюу миний найз охид гэж ярина. Эргээд харсан чинь би бас бичихдээ "найз бүсгүй", "найз хүүхэн" биш "найз охин" гэдэг юм байна. Би 80 гарсан ч найз охин л гэж дуудах болно, найз охин ч гэж дуудуулахыг хүснэ. Учир нь бид хэзээд гал цогтой халуухан  "найз охид" хэвээрээ. 







No comments:

Post a Comment