Friday, March 7, 2014

Шүд эрүүл бол бие эрүүл

Миний мэдэх ихэнх оронд шүдний эмнэлэгийн үйлчилгээ өндөр үнэтэй ба шүдний эмч нар хангалуун амьдралтайд тооцогддог. Сүүлд очиход манай шүдний эмч ролексийн цагаа зүүчихсэн хэдэн мэргэжил нэгт найзуудтайгаа хамтран жижиг онгоц авах гэж байгаагаа дүү бид хоёрт бахархан ярьж та хоёр бас хамтран худалдан авч болно шүү гэж хэлэн намайг инээлгэв. 

Нөхөртэйгээ нэг гэрт нүүж ороод удаагүй байлаа. Бид хоёр ёстой нөгөө аав, ээжийн үеийнхний ярьдгаар төмөр цагаан ортой нийлж байсан гэдэг шиг л нийлж байсан даа. Надад 2 чемодан нэг өвдөгний компьютерээс өөр юм байгаагүй. Хоол хийж чадахгүй байж нэг долларын дэлгүүрээс бас гал тогооны хэдэн юм аваад байна аа. Нөхөр намайг бодвол оюутан ч гэсэн надаас арай дээр. Нэг зурагт, шинэ матрастай. Надаас олон хувцастай. Өлгүүртэй чигээр нь машиндаа чихээд ирсэн байж билээ. Нэлээн хэдэн хайрцагтай ном цаастай. 

Манай хүн гаднаас нь харахад шивээстэй, мотоцикл унасан, рок хөгжим сонирхдог "хүнд гар" -ын төрхтэй боловч номонд хайртай, номыг үнэхээр уншиж заншсан хүн юм. Тэдний гэрийнхэн ер нь бүгд ном их уншдаг хүмүүс болохыг хожим мэдэж билээ.

Ингээд би хайрцагтай ном, цаасыг янзлах явцдаа түүний надад ярьж амжаагүй амьдралын зарим нэг түүхийг ил захидал, тэмдэглэлийн дэвтэр мэтээс олж авлаа. Тэдгээрийн дундаас нүдэндээ ч итгэмгүй тооцооны баримт олсон бөгөөд Америкт ирээд удаагүй миний хувьд үнэхээр гайхалтай санагдсаныг эргэн бодоход инээдэмтэй. 

Шүдний эмнэлгийн хэд хэдэн тооцооны хуудас олсон нь тэр. Би тооны машин хайж олон саваагүй зандаа хөтлөгдөн нэг бүрчлэн нэмж үзэв. 47.000$ орчим гарлаа. Орой ирэхийг нь харуулдан хүлээж байгаад тэсэлгүй асууж орхив. Уул шугамандаа эндхийн ёсооор найз охин, залуугийн өмнөх амьдрал, тэр тусмаа санхүүгийн асуудал хэн нэгэнд нь огт хамаагүй. Гэсэн ч би их мөнгөний баримт хараад хэлээ хазан өнгөрч чадсангүй. 

Гэтэл тухайн үед сайн шүдний даатгалгүй учраас эрүүл шүдтэй болохын тулд яалт ч үгүй ааваасаа өвлөн үлдсэн хэдэн төгрөгнөөс зарцуулсан нь тэр байжээ. Хэрэв би эртхэн уулзсан бол байшингийн суурь мөнгөнд тавьчихаар байж дээ хэмээн шулуухан хэлсэндээ одоо ичдэг. Учир нь би одоо шүдний үйлчилгээ даатгалтай байгаад ч хичнээн үнэтэйг биеэрээ мэдэрсэн бөгөөд хамгийн гол нь шүд хүнд ямар их чухал ач холбогдолтойг ухаарсан явдал билээ. 

Эрүүл мэнд, гоо сайхны хувьд маш их үүрэгтэй зүйл бол шүд гэдгийг ойр дотны, хайртай хүмүүстээ би үргэлж тоть шиг давтан хэлнэ. Зарим нэг нь сонсоод авахгүй бол шүд үзүүлэх үнэтэй шүү гэж айлгана. Шүдээ үзүүлэхгүй удах тутам дараа нь зарцуулах мөнгө нь тэр чинээгээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг шүд сайхан бол зүс ч сайхан, бие ч эрүүл байна. 

Доод тал нь өдөрт хоёр, чадвал идсэн даруйдаа угаах хэрэгтэй. Шүдээ сойзоор угаасан ч гэсэн чигчлүүр утсаар цэвэрлэхгүй бол нэмэргүй гэдгийг би дотны хэдэн хүндээ ойлгуулах гээд аргаа барж байна даа. Уншигч та харин өөрөө хэрэгжүүлээд үзээрэй. Мөн ам зайлагч болон давстай усаар зайлах нь бас л тустай юм шиг санагдсан. Мэдээж хэрэг юу идэж ууж байгаатай холбоотой байх. Юутай ч сайн арчлаад байхад бас учиртай. 6 сар тутам шүдний үзлэгт хамрагдаж цэвэрлэгээ хийлгүүлэхийг заншил болгох хэрэгтэй.

Багаас нь хүүхдэд чихэрлэг зүйл, ундаа өгөхгүй сургахыг хичээвэл тэр нь эргээд хүүхэддээ хүргэсэн томоохон тус болох болно.


1 comment: